Төв талбай ажил горилогч иргэдийн хөлд дарагдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

ХНХЯ-ны харъяа байгууллагуудын  “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдаж байна. Өдөрлөгт ХНХЯ-ны харьяа байгууллагууд болон, ажлын байранд ажиллах хүч шалгаруулж авах хүсэлтэй байгаа аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “Манай ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал хууль эрх зүйн орчныг судлах, арга зүйн зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын эрхийг олгох, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг.  

Мөн Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг маань мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношилж тогтоох, урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр оношилж, тогтоогдсон даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадварыг тогтоох буюу группт оруулах үндсэн чиглэл, үүрэгтэй.  

Өнөөдрийн өдөрлөгт Мэргэжлээс шалтгаалах өвчний эмч, албан хаагчид иргэдэд зөвлөгөө өгч байна. Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ гэж юу вэ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг яагаад хийх ёстой талаар мэдээлэл өгч байгаа. Мөн хор саармагжуулах бодисын нээлттэй худалдаа явагдаж байгаа. Хүмүүс өргөнөөр мэдээлэл авч байна" хэмээв.

 Өдөрлөгт харьяа байгууллагаас гадна залууст боловсрол олгох их дээд сургууль, коллежийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байсан юм.

"Барилгын политехник коллеж"-ийн  Барилгын өрөг угсрагчийн багш Т.Дэлхийцэцэг “Манай коллеж өнөөдөр сургуулийнхаа давуу тал, элсэлт авах тухайгаа хүмүүст танилцуулж байна.  Сургууль маань Герман, Японы хамтарсан төслийн шугамаар тус орны хэлнүүдийн сургалтыг явуулах гэж байгаа. Улмаар амжилттай сурсан эхний 20 гаруй хүүхдийг Германд зургаан сарын хугацаатай сургана. Боловсрол олгох хугацааны хувьд 1,5 жил , 2,5 жил, түр гэсэн чиглэлээр сургалтыг явуулдаг. 1,5 жил сурах хүүхдүүдийн сургалтын төлбөр 520 мянга, 2,5 жил сурах хүүхдүүдийн сургалтын төлбөр нь үнэгүй. Мөн дотуур байр хангалттай, үнэ төлбөргүй өдрийн гурван хоолтой. Өнөөдөр ажилгүй болон ажил хийдэг залуус сурах боломжийн талаар асууж байна. 1000 гаруй танилцуулага хуудастай ирсэн. Одоогоор 600 нь тараагдаад байна” гэлээ.

Ажилах хүчин шалгаруулж авахаар ирсэн байгууллагуудын майханд анкет бөглөх гэж дугаарлах хүмүүсийн хөл тасрахгүй байсан юм. Ингээд хамгийн олон хүмүүс дугаарлан анкет бөглөж байсан компаниудын ажилтнуудын сэтгэгдлээс хүргэе.

“Skytle” ХХК-ний Хүний нөөцийн ажилтан Х.Уянга "Манай байгууллага 11 цагаас хойш үзэсгэлэн дээр ирсэн. Маш олон хүн анкет бөглөх гэж ирж байна. Манайх дөрвөн ажлын байранд хүн авч байгаа. Тухайлбал, суурилалтын инженер, оюу толгойн инженер, төлөвлөлтийн мэргэжилтэн, гэрээт оператор гэсэн дөрвөн ажлын байранд долоон хүн авна. Одоогийн байдлаар 100 хүн анкет бөглөөд байна. Мэргэжлээсээ хамаараад шаардлагууд нь өөр өөр байгаа" гэв.

 

"Mandu house" компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхчулуун "Манайх технологич, тогооч, илдэгч, касс, угаагч, бариста, үйлчлэгч гэсэн ажлын байруудад хүн авч байна. Ажлаа хийж чадаж л байвал онцын шаардлага тавиагүй. Өмнө нь заавал дипломтой, гадаад хэлтэй, нас хүйс гэх мэт зүйлийг харгалзан ажилд авна гэдэг байлаа. Одоо бол зөв хүнийг л авахыг хичээж байна. Тухайлбал, ажилдаа хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, зөв хандлагатай хүнийг л авна. Одоогоор 100 орчим хүн анкет бөглөсөн байна. Үүнээс 10-17 хүнийг ажилд авна. Оюутан залуусын хичээл амраад ч тэр юмуу анкет бөглөж байгаа хүмүүс олон байна" гэлээ. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top