”Говь”-д гарсан галын хэрэгт сэжигтнээр найман хүнийг байцааж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

“Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр галд өртсөн хэрэг гараад тав хонож байна. Галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажиллан, өнгөрсөн Пүрэв /2017.06.15/ гаригийн 16.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байдаг. Харин маргааш нь буюу  зургадугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн  I хэлтсийн дарга С.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний баг хэргийн газарт тасралтгүй 10 цаг үзлэг хийж, гал юунаас үүдэлтэй вэ гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргажээ. Тэд барилгын дээврийн баруун хойд талаас гарч эхэлсэн гал нь агааржуулалтын хоолойд хуримтлагдсан газны хийнээс үүдэлтэй гэжээ. 

Тодруулбал, тус барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид, борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан байжээ. Тэндээс гарсан газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал гарсан байна. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Ажлын хэсэгт цагдаагаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн газрын шинжээч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын байцаагч нар болоод “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал компанийн төлөөлөл багтсан гэв.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, гал гарсан объектын дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс байцаалт авч эхэлжээ. Тэд цагдаад хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн тэдний засвар ажил хийж, гал гаргаж байсан болоод засварын ажилчид явсны нэг цагийн дараа “Говь” үйлдвэрийн барилгын дээврийн баруун хойд хэсэг буюу засвар хийж байсан хэсгээс утаа уугьж эхэлснийг хажуугийн барилгын гэрчүүд мэдүүлсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алмччллло(122.201.22.200) 2017 оны 06 сарын 19

Сонгуулийн унтаж сэжигтэн тогтоох гээд байгаам уу

0  |  0
Инээдтэй юмаа(173.245.66.90) 2017 оны 06 сарын 19

унтраасан байдаг ч гэх шиг ккк, унтраажээ л гэхэд болно биз дээ

0  |  0
Top