Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийг наадмаар эгшиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

 Монгол Улсын Шадар сайд өнөөдөр 11:00 цагаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзана. Элчин сайд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх юм байна. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс гадна БСШУС-ын дэд сайд, БСШУСЯ-ны Соёл урлагын газрын дарга, Баяр наадмыг зохион байгуулах комиссын ерөнхий менежер болон бусад албаны хүмүүс оролцох юм.

Монгол Улсын Шадар сайд Монголчуудын Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус хөгжим нь 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй юм.
Тйимээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа тус хөгжмийн партитурыг хувилан авч Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын талд илэрхийлээд байсан юм.
Тус хөгжмийн зохиолын партитурыг хувилсан авснаар манай улсын хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглээд зогсохгүй манай симфони найрал хөгжим Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэх юм. 

 

“Монголын сайхан орон” киноны хөгжим: 

Н.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайхан мэдээ бна(59.153.113.127) 2017 оны 06 сарын 20

маш сайхан үйл явдал болжээ жинхэнэ монгол хөг ая эгшиглэж байгаа сайхан хөгжим мөн алтан өргөө киноны хөгжмийн партитур дефагийн архивт байгаа гэж сонсогддог байсан тэрийг бас авсан эсэхийг мэдэх хүн бий юү

0  |  0
Top