Б.Буянчимэг: Ашигт малтмалаасаа илүү эмийн ургамлаа ашиглаж чадвал баялаг бүтээх боломж илүү бий

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Амьдралынхаа 40 гаруй жилийг шинжлэх ухааны салбарт ажилласан, Монгол орныхоо Сонгинолог ургамлын гарал үүслийг судлан, олон улсын эрдэм шинжилгээний хуралд нилээдгүй удаа оролцон Монголынхоо нэрийг гаргаж байсан хүн бол эрдэмтэн, доктор Б.Буянчимэг билээ. Тэрбээр орчин үеийн шинжлэх ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан олон хүний өвчнийг илааршуулах эмийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа юм. Энэ тухай түүнтэй цөөхөн хэдэн хором ярилцлаа. 

Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

- Намайг Батсүхийн Буянчимэг гэдэг. Биологийн шинжлэх ухааны доктор. 1976 онд МУИС-ийг төгсөөд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын цито-эмбриологийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 1992 он хүртэл ажилласан. Мөн оны намар Хятад улсын Чинду хотын Сичуаны их сургуулийн биологийн танхимд “Монгол орныхоо найман зүйл, сонгинолог ургамлын кариотипийн судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Улмаар эх орондоо ирээд МУИС, ХААИС-д багш, БУИС-ийн захирал, УХЭШ хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Дараа нь 2003-2006 онуудад Бээжингийн Ботаникийн хүрээлэнгийн Эволюцийн ботаникийн лабораторид “Шинжиан аймаг болон Монголын өндөрлөгийн сонгины төрлийн ургамлын цитотаксономын судалгаа” гэсэн сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. Одоо "Одь тан" эмийн үйлдвэрийн судалгааны төвд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Та олон судалгаа шинжилгээ хийж байсан. Бидэнд сонирхуулаач?

- Би энэ ажиллах хугацаандаа гурван төслийг өөрийн шавь нарын оролцоотойгоор хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт, “Сонгинын төрлийн фитонцидтэй ургамлын in vitro үржүүлэг, түүнийг ургамал хамгаалалд ашиглах боломж” суурь судалгааны төсөл юм. Судалгааныхаа үр дүнд Монгол орны сонгины 23 зүйл ургамлын 58 популяцийн кариотипийг судлан Алтайн сонгино нь Монгол орны уулархаг нутгаас үүссэн гэдгийг хромосом генийн төвшинд судлан сонгинлог ургамлын өвөг болохыг тогтоон дэлхийн генийн санд бүртгүүлсэн. Мөн төслийн хүрээнд ALLIMON гэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаргасан. Саяхан 5 дугаар сарын 1-нд Алтайн сонгины зигот үр хөврөлөөс бичил ургамал гарган авах арга болон Завханы улаан хальст сармисны меристемийн өсгөврөөс бичил булцуу гарган авах арга-ыг Оюуны өмчийн газрын ашигтай загвараар батлуулж зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан. Хоёр дахь нь, “Гербицидэд тэсвэртэй, богино болцтой буудайн селекцийн эх материал гаргах” төслийг 2010-2012 онд хэрэгжүүлж ажилласан. Судалгааны үр дүнд Дархан-34, Дархан-76 болон Дархан- 144 сортууд гербицидэд тэсвэртэйг генетик, селекци, биотехнологийн судалгааны аргын үндсэн дээр илрүүлж, ХХААЯ-ны Газар тариалан, үйлдвэрлэлийн хэлтэст зөвлөмж болгон өгсөн байгаа. Гуравдугаарт, “Модлог ургамлын хортон шавьжид тэсвэртэй шинж чанарыг генетик, биотехнологийн аргаар сайжруулах технологи боловсруулах, шилжмэл гентэй ургамал гарган авах” (2012-2014) төслийн хүрээнд богино хугацаанд биотехнологийн аргаар хортон шавьжид тэсвэртэй шинэсний суулгац гаргах технологи боловсруулж, Сибирь шинэсний зигот үр хөврөлөөс тохиромжтой концентрац дээр бичил ургамал гаргаж Улсын бүртгэлийн № 4539 дугаартай шинэ бүтээлийн патентийг саяхан аваад байна.

“Одь тан” олонд танигдсан үйлдвэр. Танай үйлдвэр ямар бүтээгдэхүүнээрээ онцлог вэ?

- Манай үйлдвэр нь эмийн хэрэгцээт ургамлыг байгалиас нь түүх биш, нөхөн төлжүүлэх, генетик нөөцийг нь хамгаалан тарималжуулж, нутагшуулах үйл ажиллагааг хийж байгаа. Онцлог бүтээгдэхүүн гэвэл, ядаргаа тайлах, дархлаа сэргээх рашаан цай, уушиг цэвэрлэх цай, халгайн цайг хэлж болно. Ядаргаа тайлах цай нь хамгийн үр дүнтэй цайнуудын нэг. Уг цайнд халгай, эмийн сөд, нарийн навчит хөвөн оройт, боролзгоно, нохойн хошуу гэх мэт ургамлууд ордог.  Нялх халгай нь фитонцид ихтэй төмөр ихээр агуулагддаг тул цусны гемоглобины агууламжийг их болгон цусны цагаан бөөмийн тоог ихэсгэнэ. Мөн халгайд B2, К, С, А, Е витаминууд байдаг. Эмийн сөдөд аргаах бодис нь 18% хүрдэг биологийн идэвхит бодис өндөртэй. Нарийн навчит хөвөн оройт нь эсийг хамгаалах хамгийн чухал бодис бүхий антиоксидант ургамал юм. Биологийн идэвхи үзүүлэгч гол нэгдлүүд нь фенолт нэгдэл байдаг. Нохойн хошуу гэхэд алимнаас 100 дахин илүү С витамин агуулдаг. Биед исэлдэн ангижрах процессыг нэмэгдүүлэх цусан дахь холестриныг багасгах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, судасны хананы нэвчэмтгий чанарыг нэмэгдүүлдэг үйлчилгээтэй. Боролзгоно гэх ургамлыг хүмүүс тогооны шүүр хийдгээр нь сайн мэдэх байх. Гэтэл боролзгоно нь маш сайн анагаах чадвартай ба тайвшруулах үйлчилгээтэй. Мөн уушиг дэмжих цай бий. Энэ цай нь маш ховор дөрвөн төрлийн ургамлын үндсээр хийгддэг. Тухайлбал, Мэхээр, Шинар, Цой, Чихэр өвс гэх мэт. Архаг сүрье өвчтэй хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй. Цэр ховхлох, уушиг цэвэрлэх үйлчилгээтэй ба ханиад томуу байнга хүрдэг хүүхэд хэрэглэхэд дахин ханиад хүрэхгүй. Мөн цайгаа уугаад хаялгүй, цайныхаа шаарыг ханиад хүрсэн хүмүүс уушгиныхаа гуравдугаар үе дээр наавал хатгалгаа, ханиадыг илааршуулна. Цайны шааранд хүүхдийг усанд оруулж ч болно. Бид энэ хоёр цайндаа стандартчилал хэмжил зүйн тохирлын гэрчилгээгээ авсан. Мөн Япон улс руу экспортлох гарал үүслийн гэрчилгээгээ аваад байгаа. Цаашдаа Сингапур, Орос, Америк зэрэг улс руу экспортлох зорилготой байна.

Халгайг ер нь бүхэл төрлийн зүйлд сайн гэх юм. Үнэхээр тийм үү?

- Халгайтай хуушуур хийж хүмүүс иддэг нь ямар нэгэн учиртай болоод л тэр. Халгайны ач холбогдлыг судлаач хүнийхээ үүднээс тайлбарлая. Олслог халгайн онцлог нь их хэмжээний төмөр агуулдаг учир цусны гемоглобины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гемоглобины үйл ажиллагаа идэвхжихэд цусан дахь сахарын хэмжээ буурдаг тул чихрийн шижин өвчтэй хүн халгайг хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой. Халгай нь кали их агуулдаг. Энэ нь цус бүлэгнэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг юм. Мөн каротин буюу А витамин хэмээх бодис нь лууванд хамгийн их байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл А витамин нь луувангаас илүү халгайнд агуулагдсан байдаг нь тогтоогдсон. Бас C витамин агуулдаг байдлаараа халгай нь алим, лимоноос илүү өндөр агууламжтай гарсан. Халгайг дөрвөн хуруу ургасан байх үед С витамин хамгийн өндөр байдаг. Мөн эмэгтэй хүний савны гэлгэр булчинг агшаах үйл ажиллагаанд  нөлөөлдөг. Шамбарам, идээт өрөвсөлүүдэд халгайг түрхэхэд үр дүнтэй. 20 ширхэг халгайн навчийг өдөртөө хэрэглэхэд А витамины өдрийн хэрэгцээг хангах гэх мэт маш олон ач холбогдолтой. Манай компани Баянчандманьд хоёр га газар халгай тариад, бүтээгдэхүүн гаргаж байгаа.


Худалдаанд гаргаж байгаа цай нь хэр үр дүнтэй байна?

- Эдгээр цайнуудаа батлуулахад гол нь клиник судалгаа хийгдсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс хоёр эмнэлгийн 20 гаруй өвчтөнд цайгаа хэрэглүүлж үзсэн. Ядаргааны цайг ядаргаатай, цус багадалттай, циститтэй, бөөрний чулуутай,  түрүү булчирхайн өвчлөлөөр зовиурлаж байгаа хүмүүст 10 хоногийн турш хэрэглүүлсэн. Улмаар цайг хэрэглэсэн өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд дээрх хүмүүсийн өвчний зовиур арилсан байсан. Тухайлбал, циститтэй хүмүүсийн өвчин бүрэн эдгэрсэн байсан юм. Учир нь ядаргааны цай нь савны гэлгэр булчинг агшаах, хаван хөөх үйлчилгээтэй. Мөн төмрийн агууламж ихтэй учир  зүрх судасны үйл ажиллагааг хэвийн болгоно. Улмаар өвчтөнүүдийн эмчилгээ маш сайн болсон нь бидний ажлын үр дүнг харуулах байх. Зөвхөн цистит туссан хүн л гэхэд маш их антибиотик хэрэглэдэг. Тэгвэл антибиотикгүйгээр ядаргааны цайг хэрэглэснээр циститийг эдгээж болж байна.


Сая бүтээгдэхүүнээ гадагшаа экспортолно гэлээ. Гадаадын улс орнуудаас танай бүтээгдэхүүнийг импортлох санал хэр их ирж байна?

- Манай эмийн үйлдвэр 300 гаруй төрлийн эм үйлдвэрлэх зорилго тавиад байгаа. Одоогоор 30 гаруй төрлийн эм үйлдвэрлэж байна. Монголын эмнэлгүүд болон эм ханган нийлүүлэх компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа. Шинэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт ч бас хийж байна. Үүнд тураах цай, гоо сайхны саван, үрчлээ арилгах тос гэх мэт олон бүтээгдэхүүн гаргах судалгааны шатандаа явж байгаа. Дээр дурдсан уушиг цэвэрлэх, дархлаа сэргээх, ядаргаа тайлах цайнууд нь клиник туршилтаар маш сайн үр дүнтэй байна. Гадаадын найман оронд бүтээгдэхүүний дээжээ явуулахад багадаа 90 хүн дээр туршиж үздэг. Тухайлбал, АНУ Колорадо мужийн органик хүнсний дэлгүүр, Япон Улсын Осака хот руу дээжээ явуулсан. Явуулсан бүхий л газруудад үр дүн сайн гарсан гэдгээ мэдэгдсэн. Улмаар дээрх улсуудын судалгаагаар манай бүтээгдэхүүн эрүүл мэндийн ач холбогдлоороо өндөр оноо авсан. Тиймээс бидэнд санал тавин, одоо гэрээ байгуулах төвшиндөө явж байна. Гадаадын хүмүүсийн хамгийн их гайхаж байгаа зүйл нь Монгол орны эмийн ургамлууд нь өөрийгөө хамгаалах элемент буюу дархлааг бий болгодог бодисын агууламж ихтэй байгаа явдал. Солонгос, Япон улсын халгайтай манай орны халгайг харьцуулахад манай олслиг халгайнаас шинэ шинэ биологийн идэвхт бодисууд гарч байна. Тухайлбал, МУИС-ийн ШУС-ийн Химийн танхимын багш, дэд профессор Ш.Наранмандах олслиг халгайнаас 26 цэвэр бодис ялгаж бүтцийг нь тогтоосон байгаа. Хэрэв газрын доорх ашигт малтмалаасаа илүү эмийн ургамлаа ашиглаж чадвал баялаг бүтээх боломж илүү  байгаа юм.

Та Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон дээгүүр байр эзэлдэг. Хэр их бэлддэг вэ?

-  Би Олон улсын хуралд олон удаа илтгэл хэлэлцүүлэхдээ 2 удаа тэргүүн байранд шалгарч байсан. Энэ нь Буянчимэг гэдэг хүн сайндаа биш, харин манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ургамал нь ган ба хүйтэн тэсвэрлэх генетик чадвар өндөртэйг харуулж байгаа юм. Ганц жишээ дурдахад, манай орны өвөлдөө хамгийн хүйтэн байдаг газар бол Завхан аймгийн Тосонцэнгэл. Тэгвэл энэ газар өвөлдөө -50 хэм хүрэхэд Алтайн сонгино нь хөлддөггүй. Мөн Говь-Алтай аймгийн Бэгэр сумын Бурхан буудай ууланд ургадаг Алтайн сонгино нь фенотипээрээ бусад популяцаас ялгаатай (булцуу том) гэдгийг талийгаач ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн зохиолч Ж.Гал тодорхойлсон. Тэр хүн надад тус сонгиныг сайн судлахыг үүрэг болгож байсан. Тухайн үедээ би дөнгөж сургууль төгсөөд юмны учрыг сайн мэдэхгүй байжээ.. Саяхан тэр нутагт очиж сонгинын хромосомын судалгааг хийхэд кариотипийн хэлбэрээр өөр байснаас гадна нэг B хромосом илүү байгаа нь тогтоогдсон.  Дэлхийн улс орнуудын эрдэмтэд полиплоид  ургамлыг гаргаж авахад маш их хэмжээний судалгаа хийж, хромосом олшруулагч бодис хэрэглэдэг. Гэтэл манайд байгаль дээрээ ийнхүү ургасан байдаг. Өнөөдөр бид энэ баялаг ургамал, тэдгээрийн генетик нөөцийг хамгаалж, зөв ашиглах нь чухал байна.

Өндөр ач холбогдолтой ховор ургамлын нөөц устаж үгүй болох магадлалтай байдаг. Үүнд яаж анхаарах вэ?

- Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод устаж үгүй болох магадлал их. Хүмүүс байгальд ургасан ховор ургамлуудаа үндсээр нь тастаад хилээр гаргадаг. Энэ нь тухайн газрынхаа экосистемд нөлөөлдөг. Тиймээс ховор болон нэн ховор ургамлуудаа тарьж байгалийн ургамлын плантац байгуулах ажлыг эхлээд байна.


-  Зэрлэг байгальд болон хүлэмжид ургах нь чанарын хувьд ялгаатай юу?

- Үүнд судалгаа хийж байгаа. Судалгаа, шинжилгээ хийхэд нэлээдгүй зардал гардаг юм билээ. Тиймээс хэд хэдэн газар төслийн саналаа өгсөн, хариугаа хүлээгээд байж байна. Ургамал нь хоёр янзаар үрждэг. Бэлгийн үржлээр болон вегатативаар үрждэг. Бэлгийн үржил нь тоос хүртээлтээр явагддаг. Вегататив үржил нь ногоон масс, мөчрөөр үржүүлэхийг хэлнэ. Тэгэхээр ургамлыг вегатативаар үржүүлбэл ямар нэгэн генетик өөрчлөлт гарахгүй. Гэхдээ энэ нь зүгээр нэг үр авчраад суулгах биш, судалгааны аргазүйн үндсэн дээр судалгаа шинжилгээгээр хийнэ. Гол нь бидний зорилго органик байх юм.

Танай эмнэлгийн захирал П.Баатар гэж их том маарамба байдаг гэсэн?

- Манай эмнэлгийн захирал Монгол улсын хүний гавьяат эмч,  доктор Баатар гэж хүн бий. Энэ хүн нь манай 400 гаруй жилийн түүхтэй, уламжлалт анагаах ухааны Говийн ес дэх үеийн маарамба. 1869 онд Хубилай Сэцэн хан Монгол оточийн сургууль байгуулж байсан. Тухайн үед Монголын нийслэл Хар Хориноос Бээжин рүү нүүсэн. Улмаар Монголд байсан бүхий л сэхээтнүүд тэднийг дагаад Бээжин хотыг зорьсон. Тиймээс Хубилай хаан ДамчинСүрэн хэмээх хамгийн сайн маарамбаа Монгол нутаг руугаа буцаасан юм. Тэр хүн Жингэр тэмээтийн уул хэмээх газар бясалгалаа хийн, шавь нараа бэлтгэж, монгол орон даяар анагаах ухааныг түгээсэн. Дамчаасүрэн есөн шавьтай байсан. Түүний нэг болох Одь гээд маарамбаас доктор Баатар дээд анагаах ухааныг өвлөж авсан юм. Баатар эмч уламжлалт анагаах ухаан талаас нь, би орчин үеийн шинжлэх ухаан талаас нь эмийн ургамлуудыг судлан судалгаагаа хослуулан хүмүүсийг илааршуулж байна.

Танай эмнэлгийн хяналтад хэчнээн хүмүүс байдаг вэ?

- Манай эмнэлгээр 3800 гаруй хорт хавдрын гурав, дөрөв дэх шатандаа орсон өвчтэй хүмүүс хяналтад байж үйлчлүүлдэг. Өвчтөнүүдийн судсыг П.Баатар эмч барьж оношилдог. Баатар эмч 15 жилийн турш хүмүүсийн өгснийг нь авч буяны эмчилгээ хийсэн. Нэг хорт хавдартай хүний эмчилгээ багаар бодоход 80 сая төгрөг болдог. Манай эмнэлгийн үсэрхийлсэн хорт хавдартай өвчтөнүүдийн таван жилээс дээш наслах магадлал нь 40 гаруй хувьтай байдаг. Гэтэл АНУ-ын Канцер судлалын академиас гаргасан судалгаагаар үсэрхийлсэн хорт хавдартай хүмүүсийн таваас дээш наслах нь 16 хувьтай байдаг гэсэн судалгааг хийсэн байсан. Тэгэхээр манай өвчтөнүүдийн хувьд 40 хувь гэдэг нь дэлхийн үзүүлэлтээс илүү сайн байгаа юм. Энэ нь гадагшаа их хэмжээний валют урсахыг зогсоож байгаа. Манай үйлдвэрлээд байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, цайнууд нь хүнд өвчтэй болоод эцсийн шатандаа тулсан хойноо хэрэглэх биш, харин өвчнөөс урьдчилан сэргийлэх журмаар уух нь практик ач холбогдолтой. Хүмүүс өөрийнхөө өвчнийг мэдэлгүй явсаар өвчнөө хүндрүүлсэн байдаг. Улмаар насаараа цуглуулсан байр, машин гээд бүхий л хөрөнгөө зарж гадаад руу эмчлүүлэхээр явдаг. Ийм байдалд хүргэхгүйн тулд бид эрт дээр үеийн эрдэмтэй чадалтай маарамбуудын жорын дагуу дээрх цайнуудыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа. Анагаах ухаан нь эрүүл мэндээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах үүрэгтэй.

Хэр удаан судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Цаашдынхаа зорилгоосоо хуваалцаж болох уу?

- Шинжлэх ухааны салбарт би өөрийн амьдралынхаа 40 гаруй жилийг зарцуулсан. Судалгааны ажил нь дандаа шинийг эрэлхийлж байдаг, нас заадаггүй мэргэжил. Хөгширсөн хэрэггүй гэх ойлголт энэ мэргэжилд байхгүй. Судалгааны ажил хийж байгаа хүн бол унтаж байхдаа л судалгаагаа боддоггүй байх. Энэ хугацаанд олон сайхан шавьтай болсон. Багш хүний анхны шавь хамгийн нандин байдаг. Тиймдээ ч би анхны шавь доктор В.Энхчимэгийгээ ярих дуртай. Миний өнөөдрийн амжилт бол шавь нарын минь амжилт гэж боддог. Би мэргэжлээрээ бахархдаг. Цаашдаа эмийн ургамлыг  улам илүү судалж, оюуны өмчөөр баталгаажуулж, зах зээлд гаргах болно. Мөн хүнд өвчнөөр шаналж буй олон хүнд тус болох зорилго тавин ажиллаж байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.41.15) 2017 оны 08 сарын 08

Mundag shuu. Buyanchimeg bagshdaa amjilt huseye!!!

0  |  0
(202.55.191.102) 2019 оны 02 сарын 16

Амжилт хүсье ийм сайхан ажил хийж байгаад баяр хүргье улам их амжилт гаргаж Монгол хүмүүсээ элдэв янзын өвчнөөс аврах сайхан эхлэл тавигдсан байна

0  |  0
(66.181.160.33) 2017 оны 07 сарын 11

Чимгээ эгчээ танд амжилт аз жаргал бүхнийг хүсье. Та мундаг шүү.

0  |  0
(49.0.212.107) 2017 оны 07 сарын 07

Амжилт хүсэе зөв санаачлага нөгөө эрэвгэр жиргэрүү ямар өвчинд сайн Юм бэ хятадууд монголд өндөр үнээр аваад байх юм хаа сайгүй авч байнаа

0  |  0
(49.0.212.107) 2017 оны 07 сарын 07

Амжилт хүсэе зөв санаачлага нөгөө эрэвгэр жиргэрүү ямар өвчинд сайн Юм бэ хятадууд монголд өндөр үнээр аваад байх юм хаа сайгүй авч байнаа

0  |  0
(103.229.123.88) 2017 оны 07 сарын 04

10 ЖИЛИЙН АНГИЙН АНД МИНЬ БАГААСАА Л ХИЧЭЭЛДЭЭ ИХ САЙН БАЙСАН,16 р сургууль

0  |  0
(124.158.95.187) 2017 оны 06 сарын 28

Ямар буянтай ажил эрхэлдэг. сэтгэл сайхантай хүмүүс вэ?Бахархаж байна.Урт нас удаан жаргалыг хүсье.Олон олон Монголчуудаа аюулт өвчнөөс авраарай

0  |  0
(122.201.31.13) 2017 оны 06 сарын 26

чамд атаархсан хүмүүс чамайг ажлаас халж хавчиж байсныг бид мэдэх юм Сайн яв амжилт хүсье

0  |  0
oyuncnimeg(202.179.25.19) 2017 оны 06 сарын 25

myndag erdemten shyy

0  |  0
(202.55.191.194) 2017 оны 06 сарын 24

Энэ бол баялаг мөн шүү газар ухахаас илүү мэдлэгээ ухах хэрэгтэй байна. тэр МОНГОЛ улсыг хөгжилд хөтөлнө................ ..

0  |  0
mtz(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

zagas sudlah sex ees iluu amttai

0  |  0
bibliiin sudar(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

bibli

0  |  0
sex(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

mah ideh nugel gej burhan bagsh surgaj zagasnii mah hurtel nugel

0  |  0
zochin(103.10.22.79) 2017 оны 06 сарын 22

sn sxn zuil hiij bhad ta nar demjeech

0  |  0
зочин(103.10.22.79) 2017 оны 06 сарын 22

монголд ажлын байр үүсч, сайхан болгох нээ, дэмжиж байна хичээгээрэй багшаа

0  |  0
зочин(103.10.22.79) 2017 оны 06 сарын 22

сайн байна амжилт

0  |  0
зочин(103.10.22.79) 2017 оны 06 сарын 22

сайн байна амжилт

0  |  0
555(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

emegtei huntei haritssaar baigaad eregtei hunees aidag boloh huvisal mon uu

0  |  0
darvin(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

ORCHLON ERTONTS HUVISVAL ZUUD ZEREGLEE MET UTAGGUI BOLNO

0  |  0
guuk(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

shalgaral huvisal yavuuldag

0  |  0
amonus(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

ETSEG EH UR GURVIIN ZARCHIMAAR HUVISALIIN HUUL YAVAGDDAG

0  |  0
(202.21.117.58) 2017 оны 06 сарын 22

Улам их амжилт хүсье

0  |  0
Туяа(188.166.211.140) 2017 оны 06 сарын 22

Танд амжилт хүсье .та нараараа бахархах сэтгэл төрж б

0  |  0
дэмжигч(202.9.41.1) 2017 оны 06 сарын 22

амжилт хүсье

0  |  0
зочин(202.9.41.1) 2017 оны 06 сарын 22

ийм сайхан ажил хийж байгаад нь амжилт хүсье

0  |  0
Top