Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавилаа

2017 оны 06 сарын 22

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд эдгээр ӨЭМТөвийн барилгыг тус улсын “Тика” олон улсын байгууллага барих юм байна.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХын гишүүн Д.Ганболд, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Тика”-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Өмэр Гүндогду болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн алслагдсан хороод болох Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төв баригдсанаар эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд ээлтэй орчин бүрдэнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.

Эмчийн 4-6 үзлэгийн өрөө, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөө, автомашины гараж бүхий олон улсын стандартад нийцсэн өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилгын газрын асуудлыг нийслэлээс шийдэж өгчээ.

Нийслэлийн есөн дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар ийнхүү Гемодиализийн төв болон ӨЭМТөвийн 10 барилгыг барихаар тохиролцсон билээ. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд өрхийн эрүүл мэндийн төвийг барихаар болсон байна.    

 Дашрамд дуулгахад, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны “Нарны элч” ӨЭМТөвийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа ирэх баасан гарагт болно.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top