Намын хагарлаас шидэгдсэн “чулуу” эв нэгдлийг илэрхийлж чадахгүй

2017 оны 06 сарын 22

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа дуусахад хоёрхон хоног үлдэж байна. Хэдий сурталчилгааны хугацаа богино байсан ч энэ өдрүүдэд монголчууд юу эсийг үзэж сонсов доо. Түүхэнд байгаагүй хамгийн хар сонгууль, хар пиараар бялхсан сурталчилгаа хэмээн сонгогч олон дүгнэж байна. Үндэс угсаа, гэр бүл, эцэг эх рүү нь дайрахаас эхлээд 200 хүнийг толгойг тасдана хэмээн айлган сүрдүүлэлтээр үргэлжилсэн энэ сонгуулийн сурталчилгаа эцэстээ баахан эвлүүлэг, монтажаар өндөрлөх гэж байна. Уг нь ард түмэн бидний эв нэгдлийг илэрхийлэгч, ард иргэдийнхээ үнэний талд ямагт зогсох учиртай Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүмүүс бодлого ярьж, мөрийн хөтөлбөрөөрөө уралдаж, сонгогчдоор дүнгээ тавиулах учиртай. Гэвч сурталчилгааны оргил үед бодлогын өрсөлдөөн ч бүр утгаа алдав бололтой. Нэр дэвшигчдээс хэн нь хар пиараар дагнав, хэн нь ямар цуурхал дэгдээв, хэн нь хууль бус зүйлээс хол хөндий байв? Өдөр болгон нэг дуулиан шуугиан дэгдээж, бусад нэр дэвшигчдээ дэвслэх үйлдлийг хэн хамгийн их гаргав? Ингэж асуувал сонгогч олон шууд нэрлээд хэлэх биз. Үндсэн хуулиар Монгол Улсын Төрийн тэргүүнд оноосон ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, эв нэгдлийн баталгаа байх үүрэг хариуцлагаа гурван намын гурван нэр дэвшигчдээс хэн нь умартав, хэн нь эрхэмлэн дээдлэв? Энэ бол тэдний хэлж буй үг, хийж буй үйлдлээс шууд харагдаж байна.

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын штаб эвлүүлэг, хар пиарт хамаг цагаа барах шиг болов. Дүрс, дуу авиа эвлүүлж олны тархийг угаадаг арга нь улам нарийсч бусадтай уулзсан мэтээр гэрэл зурганд хүртэл өөрийгөө мөнхжүүлэх гэж оролдсон үйлдэл ч гарлаа. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга айл өрхөөр тараасан сониндоо хойд хөршийн төрийн тэргүүн В.В.Путинтэй гар барьж буй зургаа тавьсан нь мөн л эвлүүлэг байсан нь илчлэгдлээ. Оросын сайтуудад “Эвлүүлгийн хаан” хэмээн өхөөрдөн нэрлэгдэтлээ доош оров. Өөрийгөө энэ мэтчилэн эвлүүлэхийг даалгаж буй нэр дэвшигч өрөөл бусдыг яаж ч эвлүүлэх нь тодорхой. Сонгуулийн үеэрх түр зуурын гүтгэлэг доромжлол, хятад хэмээн нэгнээ хэмлэдэг явуургүй арга, эвлүүлгүүд үеэ өнгөрөөж байгааг, хол явахаа байсныг түүний штабынхан оройтож мэдрэв бололтой.

Санал хураалт тоолдог төхөөрөмжийг сонгуулиас өмнө худалдаж авах гэсэн үйлдэл нь ч хууль хяналтынхны хараанаас мултарсангүй. Х.Баттулгын гол хамсаатан болох Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмааг санал тоолдог хар машиныг худалдаж авахаар санаархсан хэмээн сэжигтнээр шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээлэв. Эх оронч хэмээн нэрийдсэн нэр дэвшигчийн ойрын хүрээллээс ийм ноцтой үйлдэл гарч байгаа нь үнэндээ тэдэнд итгэх итгэлийг үгүй болгож байна. Сонгуулийн сурталчилгааны туршид тэр мэтгэлцэхээс эмээж, зайлсхийлээ. “Хол явж байна, хөдөө уулзалттай байсан, зөвхөн Монгол HD телевизээр мэтгэлцэнэ” гэх мэт аар саар шалтгаан тоочсоор бусад нэр дэвшигчтэй нүүр тулж бодлого ярьж өрсөлдөхөөс бултсаар өөртөө хасах оноо л цуглуулах нь тэр.

Гадаад хэргийн сайд асан, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн нэр дэвшигч М.Энхболдын хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигчдийн онцлогийг ихэд нухацтай харьцуулж хэлсэн нь тун оновчтой байлаа. Тэрбээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг намынхаа эв нэгдэл дундаас бус зөрчил дундаас гарч ирсэн хэмээн тодорхойлсон. Энэ тодорхойлолт түүний хэн бэ гэдэг чухам үнэнийг шууд илэрхийлсэн дүгнэлт болов. Тиймдээ ч түүнийг сошиал ертөнцөд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бол намын хагарал дундаас шидэгдсэн “чулуу” байж таарахгүй хэмээж байна.

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдэл, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэвч хуулиар олгосон энэхүү эрхэм дээд үүрэг хариуцлага, итгэл, нэр хүндийг дааж явах хүн байж чадахгүй нь Х.Баттулгын сурталчилгааны өнгө аяс, явц байдлаас мэдрэгдэж байна. Үнэхээр намынхаа эв нэгдэл, эвтэй найртай шийдвэрээр бус хагарал, эвдрэлцэл дундаас гарч ирсэн, журмын нөхдөдөө элдэв нэр хоч зүүж эвлүүлж түйвээж явсан хүн ард түмний эв нэгдлийн баталгаа байж чадахгүй нь ойлгомжтой

 

Өдрийн сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арай ч дээ(150.129.142.21) 2017 оны 06 сарын 22

МАН хагаралтай байгаа биз. Хотын фракц МАН-ыг удирдаж үгэнд орохгүйг нь гөлөг болгоно гэж байгаад бусад гишүүд нь дуртай байх уу

0  |  0
Top