Уухайлах яах вэ, учрыг нь олоосой доо

2017 оны 06 сарын 23

АН Засгийн эрх барьсан 2012-2016 онд Монгол Улсын эдийн засаг сүйрч, ард түмний амьдрал тарчигтаа тулсныг та бүхэн дахин сана! Ер нь хувь заяаны шоглоом гэдэг шиг АН-ын Ерөнхий сайд Засаг барингуут л Монгол  Улсын эдийн засаг шалчигас гээд сулраад явчихдаг. Энэ бол аксиом болтлоо ажиглагдлаа. 1996 онд П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл гарлаа” гээд байж байхад Ардчилсан холбоо эвсэл Засаг аваад л дөрвийн дөрвөн  Ерөнхий сайд солиод  өнөө гэрлийг нь хар таараар бүтээчих шиг болсон. Сү.Батболдын Засгийн газар  17 хувийн өсөлт хийж байтал Н.Алтанхуяг тэргүүтэн 2012 онд аальгүйтээд л гурван жил хамтарсан Засгаа хаяад явсан. Эдийн засаг уруудаж ирсэн. 2012-2016 онд Засаг аваад эдийн засгийг элгээр хэвтүүлж бондын өр ширэнд оруулсан. Энэ үед Монгол  Улсын  Ерөнхийлөгч бас л Ардчилсан намынх байсан. Ид шид нь хаа байв? Эзэн Чингисийн нэрийг барьж авсан 1.5 тэрбум доллар, түүнчлэн Самурай, Евро бондын мөнгийг баруун, солгойгүй үрж хагас дутуу хэдэн зам барьснаас өөр үлдэцтэй юм хийгээгүй. Зам нь ус зайлуулах системгүй учир сая орсон хоногийн бороонд “ид шидээ” үзүүлж идэгдэж эмтрэв. Машин, тэрэг нууранд хөвж байгаа галууны сүрэг шиг л усанд умбаж угаадас шалбаагт сууж байлаа. Хоёр тэрбум гаруй долларын хэчнээнийг нь халаасалсныг хууль хяналтынхан хурдан шалгаж тогтоон, эздэд нь хуулийн хариуцлага хүлээлгэхийг ард түмэн шаардаж байгаа. Бондоор төмөр зам барьж байна, Аж үйлдвэрийн парк сүндэрлүүлж байна гэж тоглосон хүн Ерөнхийлөгчид дэвшээд л явж байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намын гаралтай хүн байгаа учраас хууль, хяналтын байгууллага удаан хойрго байна уу гэсэн хар газар авлаа. Ардчилсан нам засгийн эрх барьж, Ардчилсан намын ерөнхийлөгчтэй байсан дөрвөн жилд олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барьж, гадаадын хөрөнгө Монголоос дайжиж эдийн засаг уналтад орсон. 2016 оны дөрөвдүгээр сард төгрөгийн доллартай харьцах ханш 2700 хүрч байсан. Одоо 2355 байна. Хэн үүнийг хийж чадаж байна. Өнөө л өшиглүүлж байдаг МАН.  Завхруулдаг нь АН, залруулдаг нь МАН болж байх шиг. Эдийн засгийн өсөлт бууралтыг 27 жилээр харахад л мэдэгдэнэ. Энэ бол нүдэнд харагддаг баримт. Д.Бямбасүрэн, Да.Ганболдын үед өмч хувьчлалаас эхлээд төгрөгийн ханшийг зүүдэнд байхгүйгээр унагаж, Эх орны дайны үеэс ч дор картын бараанд ард түмэн орсон. Яг л Хойд Солонгос, Куба шиг болсон доо. П.Жасрайн Засгийн газар анх удаа тэр үед гадаад худалдааг ашигтай гаргаж, картын бараанаас суллаж ёстой л “Хонгилын үзүүрт гэрэл гаргаж” байтал байдал биш болов. Байдал биш болох юу байх вэ нөгөөдүүл төрийн эрхэнд гарав. Гарангуутаа,1996 онд Ардчилсан эвсэл засаг авангуутаа импортын татварыг тэглэж дотоодын үйлдвэрээ нугасалсан. Хийж байсан бүхнээ хийж чадахаа больсон. Архи,пивоны лонхоо хийж чадахаа больж, төмсөө тарьж чадахаа больж байв. Гурилаа гадаадаас авдаг болсон. Хятадын ясны гурил гэдгийг оочерлон авч амиа зогооцгоож байв. Хүнс өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон. Орлого багатай иргэд хагас талх, хэдэн грамм ногоо, цувдайгаар амиа зогоож байсныг мартах ёсгүй. Гэтэл үүнээс 20-иод жилийн дараа “Жижиг дунд үйлдвэрээ дэмжье”, “Монголд үйлдвэрлэе” болов.Үнэхээр бид өөрсдөө цемент тоосгоо ч хийж чадахаа больсон  байсныг МАН-ын бодлого босгосон. Нэн шинэ түүх, нэн үнэн түүх. Атрын гуравдугаар аянаас, мянганы зам, орон сууцжуулалт цөм хэний санаачлага, хэний ажил вэ гэдгийг мартах ёсгүй сэн. Ардчиллын нэрээр гул баригсад ард түмний санамж богино  гэж басамжилдаг ч 10, 20 жилийн урдах хойдохоо мартахгүй нь тодорхой.

 2016 онд зөв сонголт хийгээгүй бол Монгол Улсын тулгамдсан гадаад өр 25 тэрбум долларт хүрч, дампуурлаа зарлахад хүрээд байсан. УИХ-д олонхи болсон МАН-ын Засгийн газар өнгөрсөн 10 сарын хугацаанд ихээхэн ачаалалтай ажиллаж, тулгамдаад байсан 580 сая ам.долларын өрийг зохицуулсан. ОУВС-тай хэлэлцээр хийж өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд Дэлхий банк, АХБ зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломж нээгдсэн. ОХУ, БНХАУ-тай үл ойлголцолд хүрч байсан хугацаанд эерэг уур амьсгал бий болгосон. Үүний үр дүнд урд хөрш манай улсад 350 сая юаны буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Үсчээд байдаг долларын омог нь ч дарагдав. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ хүрэх хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг судлах, дулааны IV цахилгаан станцыг өргтөтгөхөд тоног төхөөрөмжийн зээл олгох, баруун хойд хилээр ОХУ-тай холбосон төмөр зам байгуулах, томоохон төслүүдэд зээл олгох зэрэг чухал олон асуудлаар тохиролцсон. Хоёр хөршөө хий элдвээр хэлэх биш ашиглаж амьдрах ухаан ардчиллын нэр зээлдэгсдэд байдаггүй. Яах юм нүүрсээ онгоцоор зөөхгүй бол төмөр замаа тавиад гулгуулаад байх ёстой байтал Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга хятад танк хүртэл яриад гацаасан. Одоо нууцаар төмөр зам барихгүй бол бидний бизнесийн нууцыг мэдчихнэ гэж ганзагын үеийн сэтгэлгээгээр элдэв юм ярьж өөртөө таарсан дэмжигчдээ мунхруулаад сууж байна. Том бизнесийг харин ч хоёр хөрштэй ул суурьтай ярьж 14,15 дугаар таван жилийнх нь төлөвлөгөө энэ тэртэй нь уялдуулж хийвэл нас урттай, олз арвинтай бизнес болно. Хойд хөрш ч ялгаагүй. Түүнээс ганзагын наймаачин шиг шавар болж магадгүй гээд бие биенээсээ нууж бараа дараад явдаг шиг сэтгэж болохгүй. Сэтгэлгээ 25 жилд байтугай 2,5 сард өөрчлөгдөж байна. Ерөнхийлөгчид АН гэж том намыг төлөөлөн нэр дэвшиж байгаа хүн энэ зэргийг ухаармаарсан даа. 90-ээд оны эхний ганзагын бригадын дүрэм, 90-ээд оны дунд үеийн Ардчилсан холбооны үл тэвчих үзэл хоёрыг одоо өөрчлөх цаг мөн дөө, Х.Баттулга дэвшигч минь.

Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг өнөөдөр бүх юм гольдиролдоо орж ирж байтал хадуурсан морь шиг нөхөд хөндлөнгөөс орж ирээд хамаг юм баллахын өмнөх Монгол орон шиг байх юм. Монгол Улсын эдийн засаг энэ оны 5 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар өсч, экспорт 552 сая доллараар нэмэгдсэн таатай мэдээ байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг өсөх эхлэл тавигдаж байгаа гэсэн үг. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдэх боломж бий болно. Дампуурахдаа тулж байсан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн нэлээд нь үйл ажиллагаагаа сэргээж, орлого нь нэмэгдэж байгаа. Энэ талаар бизнес эрхлэгч Ц.Уянга тодорхой баримт дэлгэжээ. Өнөөдөр сэргэх эхлэл тавигдаж байгаа эдийн засгийг зөвхөн М.Энхболд Монгол Улсын  Ерөнхийлөгч болвол өсөлтөд хүргэхэд хувь нэмрээ оруулж чадна. Улсын их хурал, Засгийн газартайгаа гар нийлэн ажиллаж,  хоёр хөрш болон  гуравдагч томоохон орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж чадна. Түүнд мэдлэг,чадвар, ажлын туршлага бий. Ерөнхийлөгч хяналт тавина гэж ч байх шиг. Юугаа яриад байгаа Ардчилсан холбоо вэ? Өнөө төмөр зам шигээ хөндлөн хараад хэвтчихье гээгүй биз дээ. Хамтарч ажиллах, бүтээх эрмэлзэлтэй Ерөнхийлөгч чухал байна. Парламент, Засгийн газрынхаа зөв бодлогыг дэмжигч Ерөнхийлөгч цул хүчээр бүтээх хэрэгтэй байна. Бас л нэг эмээлийн хоёр бүүрэг шиг үлдсэн гурав, дөрвөн  жилийг өнгөрөөмөөргүй байна.

Ерөнхийлөгчөөр сонговол Монгол Улсыг диваажин болгоно гэж хэлж буй Х.Баттулгаас  болгоомжил, мэргэн сонгогчид оо. Диваажин болно гэдэг 30 гэр бүлтэй тооцоо хийх явдал биш шүү дээ. Эхлээд 30-д амтшаад, дараа нь 300, тэгээд 3000, эцэст нь 30000 гээд 37 оны хэлмэгдүүлэлт явсан шүү дээ. Гитлерийн фашизм ч тооцоо бодох өшөө хорсол дээр суурилж гарч ирснийг бүү март. 200 толгой дараа 2000 гээд хөгжих вий. Монгол Улсыг Украин шиг, 10-аад жилийн өмнөх Киргиз шиг, Гүрж шиг хувьсгалын будгаар будах вий. Ингэвэл бид сөнөнө. Украины амьдрал өнөөдөр зургаа дахин дордчихоод Ерөнхийлөгч нь гурав дахин их хөрөнгөтэй болчихоод байна гэж дуулдана.

2012-2016 онд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар Ардчилсан намых байсан. Тэр үед эдийн засгаа өсгөж иргэдийн амьдралыг дээшлүүлэх том боломж байсан. Хоёр тэрбум долларын бонд гаргасан. Тэр их мөнгөөр эдийн засгийн өсөлт хангах, иргэдийн амьжиргаанд наалдах юу ч хийгээгүй. Засгийн эрхэнд байсан хэдэн нөхөд л хагартлаа баяжсан байх. Тэр үед Х.Баттулга одоо амлаж байгаагаа хийхгүй яасан юм. Тэр сайд байсан. Эрх мэдэл Х.Баттулгад байсан ч тэр улс орныхоо төлөө юу ч хийгээгүй. Төмөр зам барина гээд 280 сая, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт 10 гаруй тэрбумыг авч овоолсон шороо л үлдээсэн.  Насаараа төмөр замтай амьдрал ахуйгаа холбож ирсэн Р.Раш гайхшран сууна. Шиврээ бороонд урсдаг төмөр замын далан гэж юу байх вэ гээд.  Хятадын төмөр замтай уулзах уулзвар нь 10 давхар байшин шиг 20 метрээр зөрөөд байгаа гэнэ. Манайхаас очсон галт тэрэг Хятадын хил дээр очоод цаашаа тэнгэрээр дүүлж явах юм уу хаашаа юм л болсон юм байх. Ийм хариуцлагагүй юмыг Хууль хяналтынхан даанч удаан шалгах юм даа. Ийм хүн Ерөнхийлөгч болвол УИХ, Засгийн газартай хэл амаа олохгүй Монгол Улсын сэргэн буй эдийн засгийг сүйрүүлнэ. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын тухай, аж үйлдвэрийн паркийн тухай Х.Баттулгаыг  дуудан уулзаж “Чамд эрх мэдэл байгаа, чи юу ч хийхгүй байна, нэг л сайхан зураг үзүүлээд хий эргээд байна” гэдгийг нь улаан цайм хэлж, загнаж  байсныг иргэд зурагтаар харснаа мартаагүй байх.

Дипломгүй, популист С.Ганбаатар бүр ч аюултай хүн. Хөдөлмөрийн Үндэсний Намыг хэдхэн сарын дотор сүйрүүлсэн хүн Монгол Улсыг өлхөн будаа болгоно. С.Ганбаатар Ерөнхийлөгч болвол гадаад ертөнц хүлээж авахгүй, хоёр хөрштэй хэл амаа олж эхэлж буй харилцаа үл ойлголцолд хүрнэ. Хоёр хөрш рүүгээ чөлөөтэй зорчдог иргэдэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалт ч даажина. Иймээс шударга царайлсан, дипломгүй гэдгээ нууж багш, МҮЭ-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гүшүүн болж байсан С.Ганбаатараас болгоомжил. С.Ганбаатар 10 жилийн боловсролтой, их дээд сургууль төгсөөгүй гэдгийг Ч.Сайханбилэг УИХ дээр илчилж байсныг ард түмэн харсан. За ер нь нэг иймэрхүү юм болоод байна. Төрийн ажлын буулганд насаараа явсан М.Энхболд бол давуу тал нь тэр буулганд байсан явдал. Өнөөдөр тогтворой байдал юу юунаас чухал байна. Юу ч хийж магадгүй таах аргагүй санаандгүй хүмүүсээс ядахад л байгаа юмыг бутраагаад хаячихгүй  М.Энхболд нь дээр болох вий.

Хоосон уухайлах яах вэ, учрыг нь олох юм сан монголчууд аа. Эрсдэл хийх цаг биш эрж олсноо чанга атгах цаг биш үү?!

 

Иргэдийн илэн далангүй үг

Иргэн Б.Бат, Г.Гант

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top