Г.Өсөхбаяр: Өнөөдрийн сонголт үнэхээр хүнд байлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт өдөр бүр  мэдээлэл хүргэж байгаа билээ.

Тэрбээр уржигдар бидэнд ирүүлсэн мэдээндээ К2 уулын үндсэн отог дээр ирээд байгаагаа мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр далайн түвшнээс дээш 6000 метрийн өндөрт авиралт хийн кэмпээ байгуулахаар зорьж байгаагаа мэдээллээ. Өнөөдрийн хувьд гавьяат маань үнэхээр хүнд сонголтын өмнө тулгарсан байна.

Энэ талаар Г.Өсөхбаяр “Өнөөдөр миний хувьд маш хүнд сонголт хийсэн өдөр боллоо. Учир нь энд надтай хамт авиралт хийж байгаа багууд хоёр хуваагдаж, хоёр өөр замаар авирахаар болж байна. Нэг зам нь цасан нуранги ихтэй, харин нөгөө зам нь сүүлийн жилүүдэд хүн гарч чадаагүй зам. Миний хувьд сүүлийн жилүүдэд хүн гараагүй замыг сонгож, маргаашнаас далайн түвшнээс дээш 6000 метрт нэгдүгээр кэмпээ байгуулахаар авиралтаа хийж байна” хэмээсэн мессежийг бидэнд дамжуулаад сүлжээ нь тасарсан юм.

Дэлхийн шилдэг уулчдын “Мөрөөдлийн оргил” болсон К2-т монгол хүний мөрийг тамгалж яваа түүнд амжилт хүсье. Маргааш ямар мэдээтэй байх бол... К2-оос дамжуулсан Г.Өсөхбаяр гавьяатын мэдээг манай сайт цаг алдалгүй хүргэх болно.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Top