Ж.Эрдэнэхорлоо: Ц.Сэвжид багш хөдөөгийн ахуй амьдралд суралцсан нь бүжиг дэглэх суурь болсон

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

 Урлаг судлалын чиглэлээр саяхан ихэр доктор нэг өдөр төрөн гарсан юм. СУИС-ийн Бүжгийн сургуулийн багш, урлаг судлаач Ж.Эрдэнэхорлоо "Бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн урлах эрдэм" сэдвээр Урлаг судлалын ухааны доктор (Ph.D), МУИС-ийн багш, судлаач Т.Цэцэгжаргал “Мистик төсөөг зарим үйл зангаар шинжих нь (Бүжгийн жишээн дээр)” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. СУИС-ийн Бүжгийн сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ж.Эрдэнэхорлоотой уулзаж эрдмийн ажлынх нь талаах ярилцлаа.

Докторын зэрэг амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Таны судалсан эрдмийн ажлын сэдэв их анхаарал татаж байна л даа?

    Баярлалаа. Яагаад “Бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн урлах эрдэм” сэдвийг судлах болсон гэхээр нэгдүгээрт Ц.Сэвжид гуай бүжгийн урлагийн анхдагчдын нэг гэдэг утгаар нь судалсан. Хорьдугаар зууны анхны мэргэжлийн бүжиг дэглээчдийн нэг.   Өнгөрсөн зууны Монголын бүжгийн урлагийн хөгжил бол Ц.Сэвжид гуайтай салшгүй холбоотой. Сэвжид гуайн уран бүтээл нь урлагийн урын санд үлдээд одоо хүртэл амьдарсаар байгаа. Тайзны Монгол бүжгийн өв болж уламжлагдан ирж байна. Мөн бүтээл нь Монголынхоо ард түмэн төр засагдаа үнэлэгдсэн. 1961 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад бүжгийнхнээс төрсөн анхны УГЗ болсон. Төрийн шагналыг 1975 онд авахад мөн анхны бүжгийн урлагаас төрсөн Төрийн шагналтан болсон байдаг. Дараагийн нэг шалгуур бол Сэвжид багш бүжгийн урлагийг Монголдоо төдийгүй дэлхийд гаргахад түүний бүтээл маш их хувь нэмэр оруулсан. Эдгээр шалгуурыг барьж энэ сэдвийг сонгож авсан.

Миний эрдмийн ажлын удирдагч маань доктор, профессор Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв гуай. Цэдэв багш бол хэл, уран зохиол судлаач хүн. Д.Цэдэв багш Соёлын яамны Намын хорооны дарга байсан. Тэр үедээ урлагийнхныг гадаадад тоглолтоор их авч явдаг байсан юм билээ. Урлагийн группийг ахлаад явдаг байсан байгаа юм. Социалист таван орноор 1974 онд манай урлагийн групп аялан тоглосон байгаа юм. Чуулгын бүжигчдээ Сэвжид багш удирдаад явсан. Цэдэв гуай яамнаасаа төлөөлөөд багаа удирдаад явсан байдаг. Тэгээд тэр үед Сэвжид гуай Цэдэв багш нар бараг хоёр сар шахам аялан тоглолт хийхдээ маш дотно найз нөхөд болсон байна. Цэдэв багш өөрөө судлаач хүн болохоор Сэвжид гуайгаас олон зүйлийг асуудаг байсан байгаа юм. “Та энэ бүжгийн санаагаа яаж олсон юм. Хэрхэн сэдвийг нь олсон юм” гэж асууж судалж явдаг байсан байна. Судлаач хүний хувьд байнга эрэл хайгуул хийж, асууж судалдаг байж. Дараа нь тэр судалгаандаа тулгуурлаж Сэвжид гуайг нас барсных нь дараа өгүүлэл бичсэн. “Ардын бүжиг амьдрал минь билээ” гээд нийтлэл бичсэн. Энэ үг бол Сэвжид гуайн гэрэлт хөшөөнийн чулуун дээр нь бичигдсэн үг юм. Өөрөө Сэвжид гуай нэг ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. “Ардын бүжигт миний бүхий л амьдрал шингэсэн. Бүжгийн урлаг гэдэг бол миний хувьд амьдрахын баяр жавхлан” гээд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Түүний дараа Цэдэв гуай Сэвжид гуайн уран бүтээлийн тухай өгүүлэл бичсэн. Цэдэв гуай бол өөрийн гэсэн том архивтай. Архив дотор нь Сэвжид гуай сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагууд нь байдаг. Тэгээд зууны манлай бүжиг дэглээчээр тодорчихсон ийм хүнээс тухайн үед ярилцлага сурвалжлага их авч байсан нь тодорхой. Тэр үед сонинд өгч байсан ярилцлага бүх юмыг нь Цэдэв багш архивласан байгаа юм. Сэвжидийн уран бүтээл гээд архивласан байгаа байхгүй юу. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн гэж 1975 онд болоход Сэвжид гуай бүжиг дэглэх арга ухааныхаа тухай үг хэлсэн байдаг. Тэр бичгийн машинаар цохисон хоёр нүүр үгийг нь аваад хадгалчихсан байгаа байхгүй юу.

Сайн судлаж байжээ?

Тийм. Сэтгүүлч Равдан гуай мөн Сэвжид гуайн тухай өгүүлэл бичсэн. Соёл урлаг сэтгүүл дээр 1973 онд “Бүхний танил” гээд өгүүлэл нийтлүүлсэн байдаг. Тэр өгүүлэлийн гар бичмэлийг өөр дээрээ хадгалсан байсан. Энэ бүх судалгааны ажлуудаа надад өгсөн. Дээр нь нэмээд архиваас материал авсан. Нийт Сэвжид гуайн 28 шавь, уран бүтээлчтэй уулзаж ярилцлага авсан. Энэ том эрдэмтнээр удирдуулж, өөрөө материал цуглуулж байж доктор хамгааллаа. Сэвжид багш, Цэдэв гуай хоёр гэр орноороо орж гардаг, найзалж нөхөрлөдөг байсан байгаа юм. Цэдэв гуай олон насаар дүү ч гэсэн их дотно нөхөрлөдөг, хөөрөлддөг байжээ. Тийм болохоор миний докторын ажлыг удирдаж өгсөн.

  Таныг судалж байхад Ц.Сэвжид гуайн уран бүтээл, бүжиг дэглэлтийн онцлог  нь юу байна бэ?

   Сэвжид гуай бол Монгол ардын бүжгээ маш сайн судалсан хүн байгаа. Өөрөө 20 нас хүртлээ сүмд сууж шавилан суусан лам хүн байсан. Тэгж байхдаа цамын бүжигт гардаг. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Толийн зуугийн хийдэд сууж байсан. Одоо туурин нь бий. Олон лам хурдаг том хийд байсан юм байна. Тэнд цам хариадаг байсан юм байна лээ. Цамын бүжгийг өөрөө биеэрээ хийдэг байсан. Түүний дараа Ховдод очиж ажилласан байна.

Социализмын үед гайгүй боловсролтой хүнээ хөдөө томилж ажиллуулдаг байсан. Тийм учраас 1952 онд Ховдын театр луу томилогдож очиж ажилласан байгаа юм. Жил шахам ажилласан. Тэрний дараагаар 1955 – 1956 онуудад Баян-Өлгийн театрт ажиллаж, шинэ байгуулагдсан театрын суурийг тавилцсан байдаг. Театрт хүүхдүүдийг шалгаж аваад бүтэн жил сонгодог бүжиг, Монгол бүжиг тавьж Баян-Өлгийн театрын тулгын чулууг тавилцсан хүний нэг юм. Баян-Өлгийн театрын мэргэжлийн бүжигчдийг бэлдэж өгсөн хүн. Анхны шавь нарын нэг нь Ардын жүжигчин Р.Самжид гуай. Ингэж явахдаа Сэвжид багш бие биелгээг судалсан байгаа юм. Ховд, торгууд, захчин, дөрвөд, урианхай, баяд үндэстнүүдээс судалсан байдаг. Сэвжид багш бол буриад, казак бүжиг олон дэглэсэн. Бие биелгээ, буриад бүжиг, Монгол ардын бүжгийг маш сайн судалсан хүн. Өөрөө Монгол ахуйгаа маш сайн мэддэг хүн. Залуу бүжигчид гэхэд тэр хөдөөгийн ахуй амьдралыг тэр бүр мэдэхгүй. Залуучууд адуу мал маллаж, сааль сүү сааж үзээгүй, ээрүүл ээрч үзээгүй. Туршлага дутах явдал гарах байх. Харин Сэвжид гуай бол хар багаасаа 20 нас хүртлээ хөдөө амьдарсан. Хоёр лам хөгшинтэй хамт амьдарч байсан. Ээж нь хоёр настай байхад нь өнгөрсөн юм билээ. Тэгээд түүнийг өргөж авсан өвөө болон өөр нэг ламын хамт амьдарсан байна. Эхнэр байхгүй хоёр ламтай хамт амьдарсан. Тэр хоёроосоо бурхныхаа номыг суралцсан. Өөрөө энэ талаараа хэлсэн байдаг “Би эмэгтэй хүний хийдэг бүх ажлыг хийж байсан. Сааль сүү саах, ааруул ээзгий хийх, хоол бэлтгэх гээд эмэгтэй хүний бүх ажлыг хийсэн. Хоёр өвөө маань настай хүн байсан учраас  би бүх ажлыг хийсэн. Тэр ахуй амьдралд суралцсан маань бүжиг дэглэхэд маш их нөлөөлсөн” гэж хэлсэн байдаг. Тийм учраас тэр морины бүжиг, эрүүлт бүжиг гээд олон бүжиг дэглэсэн. Тэгэхээр нэгдүгээр цам хариахыг судалсан, хоёрдугаарт Ардын бүжгээ судалсан. Гуравдугаарт малчны ахуй амьдрал, тэр тусмаа эмэгтэй хүний бүх ажлыг хийгээд үзсэн хүн чинь бүжиг гайхалтай дэглэх суурь нь болсон байхгүй юу. Ийм бат суурьтай хүн чинь одоо тэр Монгол бүжиг, Монгол сэтгэлгээг харуулсан тайзны бүтээл гаргахад дөхөм болсон байна. Өөрөө ч төрөлхийн маш их авьяастай хүн. Зүгээр нэг эвсэлгүй хүнийг цам хариалгахгүй шүү дээ. Цам хариахад хөгжмийн сонсголтой, бүжгийн эвсэлтэй хүнийг нарийн шалгаж авдаг байсан байна. Тиймээс байгалийн бүжгийн авьяастай хүн байсан учраас цам хариаж байжээ.

Ц.Сэвжид гуай 20 настайдаа цэрэгт явсан байдаг. Цэргийн төв театрт 1939 жүжигчнээр ороод Цэргийн дуу танецны ансамбль болоход бүжигчин болсон. Эвсэлтэй, авьяастай болохоор нь бүжигчнээр авсан байх. Тэгээд Цэргийн ансамбль орсноороо өрнөдийн бүжигтэй танилцаж эхлэж байгаа юм. Сонгодог бүжиг суралцаж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжлийн багш нараас сайн суралцсан. Ардын бүжгээ мэддэг, тэгээд сонгодог бүжиг, дэлхийн олон үндэсний бүжгээс суралцаад ирэхээр ийм сайхан шилдэг бүтээлүүд тавих суурь болсон байх л даа.

 Таны  эрдмийн ажлын дэвшүүлсэн гол санаа юу бэ?

 Ц.Сэвжид гуайг мундаг л гээд байдаг. Гэтэл уран бүтээл нь юугаараа онцлог юм, үнэлж болохоор онцгой нь юу юм гэдгийг судлахыг зорьсон. Дэглэсэн бүжгүүд нь яагаад хоёр зуун дамжаад үнэлэгдэв. Жалам хар гэдэг бүжиг хоёр зуун дамжаад тайзнаа амьдраад үнэлэгдээд шилдэг бүжгийн тоонд багтсаар байгаа юм гэдэг шалтгааныг нь бид судлах хэрэгтэй. Миний судалсан ажлаар Ц.Сэвжид гуайн уран бүтээлийг судлах ажил дуусна гэж байхгүй. Би бүгдийг дуустал нь судалсан гэж ойлгож болохгүй. Дахиад судлагдах зүйл олон байгаа гэж бодож байна. Судлах тусам уран бүтээл нь үнэхээр арвин гэдэг нь харагддаг.

 Ц.Сэвжид гуайн уран бүтээл, бүжгийн эрдмийнх нь талаар хэр судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг юм бол?

Ц.Сэвжид гуайн бүжгийн дэглэх арга барилыг хэд хэдэн эрдэмтэд судалсан байдаг. Хөгжим бүжгийн коллежийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун багш, түүний гэр бүлийн хүн С.Гонгор багш нар 1996 онд “Яруу тансаг ардын бүжиг” гэдэг ном гаргасан. Энэ ном бол Ц.Сэвжид гуайн намтар, уран бүтээлийн тухай ном. Энэ бүтээлээр судлаачид маань Ц.Сэвжид судлалын эхлэлийг тавьж өгсөн.

Г.Ренчинсамбуу гээд том эрдэмтэн байна. Ж.Болдбаатар академич нар судалсан байдаг. Гэхдээ энэ судалгааны ажлуудыг илүү өргөжүүлэх шаардлага байна гэсэн үүднээс сонгож авч судалсан.

Монгол бүжгийн хөгжил хэдий үеэс эхлэлтэй гэж үздэг юм бэ?

Орчин цагт тайзны Монгол бүжиг нь маш хурдацтай хөгжсөн. Анх 1920-иод оноос уран сайханы төвшинд тайзны бүжиг тавигдаж эхэлсэн түүхтэй. 1940-өөд оноос нэлээн мэргэжлийн чигийг олоод 70, 80-иад оны үед Сэвжид гуайн бүжгүүд гэхэд илүү мэргэжлийн болоод дэлхийн төвшинд хүрч ирсэн. Ингэж өндөрт хөгжөөд дэлхийн түвшинд гарсан. Дэлхийн уралдаан тэмцээн, наадамд манай залуучууд Сэвжид гуайн бүжгээр амжилттай оролцож байсан. Социализмын үед гадаад оронд манайхан соёлын харилцаа маш өндөр байсан юм билээ. Очиж уран бүтээлээ танилцуулдаг, сонирхуулдаг. Бизнесийн зорилгоор гадаад орнуудад бүжгийн урлагаа сонирхуулах гэхээсээ илүүтэй соёл, уламжлалаа сурталчлах, таниулах зорилгоор гадаадад очиж Ардын бүжгүүдээ тавьдаг байсан байгаа юм. Одоо бол ашгийн шугамаар л гарч тоглох гээд байна шүү дээ.

Бүжгийн урлагийг судалдаг, шүүмжилдэг судлаачид хэр байна вэ?

Бүжгийн урлагийг судалж байгаа эрдэмтэд бий. Нэг хэсэг бүжгийн урлаг судлал хоцрогдсон гэсэн яриа гардаг байсан. Гэтэл одоо бүжгийн урлагийг судалсан дөрвөн доктортой болсон байна. Х.Саранчимэг "Юань улсын үеийн ордны Монгол бүжгийн судлал" сэдвээр түүхийн ухааны доктор хамгаалсан.

 Соёл судлалаар гавьяат жүжигчин Д.Бэхбат доктор хамгаалсан. Сая нэг өдөр урлаг судлалаар хоёр доктор төрлөө. МУИС-ийн багш Т.Цэцэгжаргал бид хоёр хамт доктор хамгаалсан. Тэгэхээр Монголын бүжиг судлал хөгжиж байна.

Т.Амараа

ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(93.115.95.216) 2017 оны 06 сарын 29

За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.

0  |  0
Ариунаа(62.212.73.141) 2017 оны 06 сарын 29

Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

0  |  0
Зочин(193.15.16.4) 2017 оны 06 сарын 29

Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.

0  |  0
Энхэ(46.183.218.199) 2017 оны 06 сарын 29

Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.

0  |  0
Ариунаа(177.165.68.98) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Ариунаа(108.42.168.82) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Ариунаа(195.94.96.70) 2017 оны 06 сарын 29

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.

0  |  0
Ариунаа(85.132.236.135) 2017 оны 06 сарын 29

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

0  |  0
Top