Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эдийн засагт сөргөөр нөлөөлөв

2017 оны 06 сарын 29

Улс төр, эдийн засаг хоёр ихэр юм

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны халуун өндөрлөхтэй зэрэгцээд эдийн засгийн “халуун” өндрөө авч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эерэг үзүүлэлттэй явсан эдийн засгийг эсрэг зүгт нь харуулаад тавьчихав. Учир нь нийгмийн цахим сүлжээнд “Хямрал эргэж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны бонд 20 хувь уналаа. Гадаад зээлдүүлэгч авах хүү 10 хувь өслөө. Монголын засагт, Худалдаа хөгжлийн банкинд ашиггүй. Харин гадаад зээлдүүлэгчдэд ашигтай” гэсэн пост ихээхэн анхаарал татна. Энэ нь “Сэхээний тасгаас арай ядан энгийн тасаг руу шилжсэн эдийн засаг”-т эргээд эрчимт эмчилгээ шаардлагатай болох нь гэсэн дохиог монголчуудад өгч байна. Үүнийг гадаад, дотоодын эдийн засагчид дүгнэхдээ нэгдүгээрт, Монгол Улсад өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож болзошгүй, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларсантай холбон тайлбарлаж байна. Энэ нь Монгол Улсад нэгдсэн бодлого, төрийн залгамж чанар үгүйлэгдэж байгааг нотолсон хэрэг боллоо гэж ч үзэх судлаачид мөн цөөнгүй байна. Наанадаж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь нэгдмэл байр суурьтай, тал талд өөр өнцөг гаргаж яриад байдаггүй байгаасай гэж гадаадын хөрөнгө оруулагчид чин сэтгэлээсээ хүсч байгаа. Ерөнхий сайдтай нь нэг юм ярьж тохирчихоод Ерөнхийлөгчтэй нь уулзахаар бас нэг юм ярьдаг байдал үнэндээ хөрөнгө оруулагчдыг залхааж, тэднийг монголоос “дайжихад” хүргэж буйг хаана хаанаа л мэддэг. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн найдлага тавьж буй. Энэ нь цаад утгаараа МАН-д итгэл хүлээлгэж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын дараагийн нүүдэл нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. Учир нь, УИХ, Засгийн газар нь МАН учраас Ерөнхийлөгч нь МАН-аас тодорчихвол ядаж л улс төр, эдийн засаг нь дөрвөн жил тогтвортой юм байх даа гэж тэд үзсэн. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэх магадлалтай.

 

Өнөөдрийн хувьд монгол ялаагүй, ялагдаж явна

Монголчуудыг өөр хоорондоо талцаж, Ерөнхийлөгчийн сонгуулиар “өвчилж” байх зуур ногоон гэрэл ассан эдийн засагт анхааруулгын шар гэрэл дахиад асчихлаа. Овоо гайгүй чангарч байсан төгрөг маань өнөөх л ам.доллартаа дээрэлхүүлээд эхлэв. Улс төр, эдийн засаг ихэр. Нэг нь хямарвал, нөгөө нь дагаад хямардаг гэдгийг өнгөрсөн эрх баригчдын үед монголчууд хангалттай амссан. Аажим аажмаар хямарсан улс төр нь эдийн засгаа чангааж унагасны горыг ч бас хангалттай хүртсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улстөрчдөд томоохон сургамж болсныг гадаад, дотоодын улс төр судлаачид бичээд эхэллээ. Тэд “Ялахын төлөө юу ч хийхээс буцахгүй, юу ч амалж болдог сонгуулийн ард монголчууд гарлаа. Монголын улстөрчдөд ялах нь чухал болохоос ялсны дараа эдийн засаг болон улс төрд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь огт хамаа байдаггүй юм байна” гэж улс төр судлаачид дүгнэн бичжээ. Үнэхээр ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван эрхмээс нэгийг нь эс тооцвол нөгөө хоёр нь үргэлж хэн нэгэн рүү дайрсан, монголоо доош нь хийсэн өнгө аяс цухуйлгасан нэвтрүүлэг, яриа ярьж явсан билээ. Энэ нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асны хэлдгээр “популизм” буюу “поп” нь хэрээс хэтэрвэл улс орон гүн хямралд ордогийн гол нотолгоо. Нарийндаа бол гурван нэр дэвшигч яаж ийж байгаад ялъя л гэж бодсон болохоос үнэхээр дээр дурдсанчлан ялсны дараа улс орны эдийн засаг, улс төрд ямар өөрчлөлт гарах вэ гэсэн асуултын тухай лав бодоогүй байх. Ингэснээр өнөөдрийн байдлаар Монгол Улс лав ялсангүй. Харин ч эдийн засаг нь уруудах шинж агуулсан, улс төр бужигнах маяг орсныг харвал ялагдаж явна.  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ug(66.181.176.100) 2017 оны 06 сарын 29

ULAMJLAL GEDEG UG ZALGAMJ GESEN UTGATAI UG

0  |  0
bol(66.181.176.100) 2017 оны 06 сарын 29

NEG HUNII ZASAG BOL HUVIA HICHEEGCHIIN ZASAG

0  |  0
Top