Э.Ууган-Эрдэнэ: Кинонд төгөлдөр хуурчийн дүрд тоглох санал ирснийг хүлээж аваагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

 Бүжгийн урлаг, “Уран биеийн гоо сайхан”-ыг гайхуулсан “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч, бүжигчин Э.Ууган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд суралцаж байна.

Анх бүжгийн урлагаар хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ?

     Бүжгээр хичээллээд 13 дахь жилээ болж байна. Таван настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Цэцэрлэгт байхдаа С.Сүхбаатар гуайн бүжгийн дэглэлт “Улаан уул” бүжгийг цэцэрлэгийн тайлан тоглолтод бүжиглэж байсан. Монгол бүжгээрээ дагнаад 13 жил хичээллэсэн. Өөр чиглэлийн бүжгийг нэг их сонирхолгүй өдрийг хүрсэн. Одоо Соёл урлагийн их сургуульд оюутан болж орсныхоо дараа модерн бүжиг, сонгодог бүжиг, цэнгээнт бүжгийн тавилтуудыг сурч эхэлж байгаа.

Таван настайгаасаа бүжиглэсэн гэхээр олон тэмцээн уралдаанд оролцож байсан байх? Ямар амжилт үзүүлж байв?

   Хоёрдугаар сургуулийнхаа Саранцэцэг багшийн “Говийн уянга” хамтлагт бүжигчнээр хичээллэж ирсэн. Наймдугаар ангиасаа гоцлол бүжигчнээр бүжиглэсэн. Өсвөр үеийн бүжигчдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн нь Ц.Сэвжид гуайн “Өсвөрийн бүжгийн уралдаан” гэж болдог. Энэ тэмцээнд хошой алтан медаль хүртэж байсан.

Сурагч байхдаа Өвөрмонголд зохион байгуулагддаг өсвөрийн бүжигчдийн уралдаанд хамтлагаараа оролцож шилдэг хамтлаг болоод ирсэн. Мөн Япон улсад зохион байгуулагддаг Дай – До - Ге фестивальд хамтлагаараа болон гоцлол бүжигчнээрээ оролцсон. Шилдэг уран бүтээлч гэсэн шагнал хүртсэн.

 “Авьяаслаг Монголчууд” шоунд орох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

   Үнэнээ хэлэхэд өөрөө оръё гэсэн сонирхол анх байгаагүй. Хамгийн анх “Говийн уянга” хамтлагийн Саранцэцэг багш маань биднийг хамтлаг бүжгээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцуулах гэж очсон. Тэгээд хамтлаг бүжгээр бүртгүүлж байхдаа намайг оруулаад үзье гээд бүртгүүлсэн байсан. Тэгээд шоундаа ороод амжилттай оролцсон.

“Говийн уянга” хамтлаг маань “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон биз дээ?

Оролцсон. Харамсалтай нь эхний шатнаасаа хасагдсан.

Шоунд орж байхад хэн чамд хамгийн ойр туслав. Тэр гоё үзүүлбэрүүдийг хийхэд хэн зөвлөгөө өгч байв?

    Энэ тэмцээнд хөтөлж оруулсан хүн нь Саранцэцэг багш гэж би түрүүн хэлсэн. Харин нэг, хоёр, гуравдугаар шатны бүх бүжгийн санаа дэглэлтээ яавал Уугнаагаар дамжуулж миний уран бүтээл хүрэх бол гэдэг санаа бодлыг гаргасан хүн нь Монгол Улсын урлагийн их театрын бүжиг дэглээч Ууганбаяр багш маань. Миний шоунд оролцсон бүх зүйлийг минь хийсэн. Ерөнхийдөө би оролцоогүй багш маань л “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон гэж хэлж болно. Би өөрөө бүжгүүдээ дэглээд орсон бол бас нэг өөр байх. Гэхдээ ингэж олон нийтэд таалагдах үгүйг мэдэхгүй байна. Ууганбаяр багш маань бүжгийн дэглэлт, найруулга, бүх утга санааг гаргасан болохоор арай илүү оролцсон.

Шилдэг оролцогч болно гэж төсөөлж байв уу?

Тэгж төсөөлж байгаагүй. Яагаад гэхээр өмнөх жилийнх нь “Авьяаслаг Монголчууд” шоуг үзсэн. Маш хүчтэй үзүүлбэрүүд байсан. Саруул ах байна, дээрээс нь тэр хоёр бүжиглэдэг хүүхэд байна. Бүжгийн үзүүлбэрүүд нэлээн хүчтэй байсан болохоор “Бараг тэнцэхгүй байж магадгүй. Гэхдээ сориод үзье” гэж бодсон. Хүмүүс яаж хүлээж авах нь уу. Багшийнхаа дэглэсэн бүжгийг хүмүүст хүргэж чадах нь уу. Бүжгийн урлагийн тэр жаахан хэсгийг нь ч гэсэн хүмүүст ойлгуулж чадах болов уу гэсэн бодолтой орсон. Яг 100 хувь өөртөө итгэлтэй байгаагүй.

Чиний бүжгийн утга санаа, найруулга, бүжиглэлт маш олон хүнд таалагдсан?

   Багшийн дэглэсэн бүжгийн гол утга санааг хүргэх хүн нь бүжигчин байдаг шүү дээ. Өөрөө бүжгэн дундаа орж, бүжгийг өөртөө суулгаж чадсаныхаа дараа хүмүүст үзүүлнэ гэхээс дутуу хийсэн юмыг үзүүлэх юм бол хүрэхгүй байх гэж бодсон. Өөртөө бүжгийг дасгасан мөртлөө итгэл муутай байсан. Яагаад гэхээр бүжгийг маань зөвхөн тайзны урд байгаа хүмүүс үзэхгүй. Телевизээр харж байгаа маш олон хүн үзнэ.

“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогчдоосоо хэнтэй илүү найзалдаг бэ. Холбоотой оролцогчид байгаа байх?

Шоун дээр бүгдэнтэй нь найзалсан. Ах дүү болсон. Холбоотой байгаа олон хүн бий.

 Шоуны дараа уран бүтээл дээр хамтран ажиллах санал ирсэн үү?

Саналууд ирсэн. Монгол ардын дууны клипинд бүжиглэх гэсэн санал ирсэн. Уран сайхны кинонд төгөлдөр хуурчийн дүрд тоглох санал мөн ирсэн. Өөрийгөө эхлээд хөгжүүлснийхээ дараа кинонд тоглоё. Өөрийгөө сорьж үзье гэж бодож байна. Тэгэхгүйгээр анхны мэдэгдэхүүнгүй, бүжиглэх авьяасгүй байж хүний уран бүтээлийг унагачихвий гэж айсан. Тийм болохоор татгалзсан хариу өгсөн.

СУИС-д хэрхэн элсэн орсон бэ. “Авьяаслаг Монголчууд” шоунд орчихсон, танигдчихсан байсан үе шүү дээ. Сургуулийн зүгээс хэрхэн хүлээж авсан бэ?

Өөрөө элсэлтийн шалгалтаа өгөөд, ур чадвараа өгөөд орсон. Яг л бусдын адилаар хүлээж авсан. Би өөрөө бусдаас илүү гараад байх зүйл байхгүй шүү дээ. Одоо ч гэсэн багш нар бусадтай адилхан л харьцдаг.

СУИС-д ямар мэргэжлээр суралцаж байна бэ?

   Бүжиг дэглээчээр суралцаж байгаа. Хоёрдугаар курсээсээ шалгалт  өгөөд мэргэжлийн ангидаа элсэж ордог. Бүжиг дэглээч гэдэг бол хамгийн хэцүү мэргэжил. Бүх юмыг судална, мэдэрнэ. Олон зүйлийг мэдэж авах шаардлагатай болно. Тийм учраас төгсөхдөө ямар ч байсан мундаг бүжигчин, бүжиг дэглээч болж төгсөнө гэсэн бодолтой байна. Миний хувьд бол Монгол бүжгээрээ л илүү сайн суралцаж, төгсөх төлөвлөгөөтэй байгаа.  

Бүжгийн бэлтгэлээ өдөрт хэр хугацаанд хийж байна?

Одоо бол өдөр болгон бэлтгэл хийж байна. Арван цагаас дөрөв, таван цаг хүртэл бүжгийн бэлтгэлээ хийнэ. Улсын баяр наадмын бэлтгэлтэй байгаа. Мөн Солонгос руу тэмцээнд явах гэж байгаа учраас шахуу бэлтгэлтэй байна.

Солонгос улсад оролцох тэмцээнийхээ талаар тодруулахгүй юу?

   Солонгос улсад арав гаруй жилдээ зохион байгуулагдаж байгаа “Korea dance international” тэмцээнд би анх удаа оролцох гэж байна. Нэр хүндтэй, олон улсын тэмцээн. Олон орны шилдэг бүжигчид ирдэг. Сарын өмнө эхний ээлжид бичлэгээ явуулаад тэнцсэн гэсэн хариу ирсэн. Одоо финалийн тэмцээнд оролцохоор энэ сарын 17-нд ниснэ. Тэмцээн хоёр төрөлтэй болдог. Нэг нь уламжлалт бүжиг, нөгөө нь тайзны бүжиг байдаг. Миний хувьд Монгол бүжгээрээ уламжлалт бүжгийн төрөлд оролцоно. Орон болгон үндэсний бүжгээ үзүүлж өрсөлддөг байгаа. Би тайгын бүжгээр өрсөлдөнө. Нэлээдгүй хүнд бүжиг бүжиглэхээр бэлтгэж байгаа.

 Олон цагаар бүжгийн бэлтгэлээ хийхэд шантрах үе гардаг уу?

Хэцүү үе гардаг. Багшаараа загнуулах хамгийн хэцүү шүү дээ. Чадахгүй, мэдэхгүй юм гарна. Тэгээд уйлна, гомдоно. Тэр өдрөө ямар ч энергигүй бухимдалтай явна. Эсвэл багшаараа магтуулсан өдрөө бол гоё явна. Ер нь хэцүү шүү дээ. Би бол янз янз л явна шүү дээ. Өөрөө бэлтгэлээ сайн хийвэл багшаараа магтуулна, муу хийвэл загнуулахад хүрнэ. Өөрөө л хичээх хэрэгтэй. Бүжигчин хүнд залхуурал гэж байх ёсгүй. Бие өвдсөн үед ч юм уу, хэцүү үедээ “Би энэ бүжгийн урлагаараа амжилтад хүрнэ” гэж бодохоор сэтгэл сэргэж арай өөр болдог. Тэгж өөрийгөө урамшуулдаг. Ууганбаяр багш маань хэлдэг. “Бүжигчин хүн хэзээ ч залхуурч болохгүй” гэж. Тийм учраас багшийнхаа хэлснээр залхуурахгүйг хичээдэг. Хааяа бас залхуурах үе нэлээдгүй гарна шүү дээ.

Монгол бүжгээс гадна бүжгийн ямар төрлүүдээр хичээллэж байна бэ?

Тайваниас модерн бүжгийн багш ирсэн байгаа. Бүжгийн сургалтад нь сууж байгаа. Монгол бүжгээ сайн сурах ёстой ч түүнээс гадна бүжгийн төрлүүдэд суралцах нь надад ирээдүйд хэрэгтэй. Залуу байгаа дээрээ бүжгийнхээ бусад төрлүүдийг  сайн судлахыг хүсч байгаа. Тиймээс одоо модерн бүжгийн анхан шатны зүйлээ суралцаж байна.

Чөлөөт цаг бага гарч байгаа байх. Гэхдээ цаг зав гарвал юу хийхийг хүсдэг бэ?

Би чөлөөт цагаараа аав ээж хоёртойгоор хамт байхыг илүүд үздэг. Тэр хоёртойгоо мөнх байхгүй. Тийм учраас хамт байхыг хүсдэг. Одоо гэхдээ аав, ээж хоёр маань Сайншандад байгаа болохоор тэр бүр очиж чадахгүй байгаа.

Чиний цаашдын зорилго, мөрөөдөл юу бэ?

Би ийм уран бүтээл тавих юмсан гэж хүн боддог шүү дээ. Миний хувьд аав, ээждээ зориулсан уран бүтээл тавьж өөрөө бүжиглэхийг хүсдэг. Өөрөө дэглээд, өөрөө бүжиглэхийг боддог. Хамгийн гол нь тэгэхийн тулд маш их зүйлийг сурч мэдсэн байх ёстой. Гэхдээ одоохондоо тэгж бүжиг дэглэх болоогүй байна. Тав, зургаан жилийн дараа, төгссөнийхөө дараа чанартай уран бүтээлийг тавихыг хичээх болно.

Чамд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

                 Т.Амараа

ZINDAA.MN

 

Top