Б.Байгалмаа: Урд хөршид одоогоор тарвасны өвчин гараагүй, импортын тарваснууд эрүүл

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Хятадын Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар МОНЦАМЭ агентлаг өнгөрсөн сарын 27-нд мэдээлэл бэлтгэн анхааруулсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон МХЕГ Монгол Улсын тарвас импортлогч бүх компанийн тус бүтээгдэхүүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүгнэлтэд Монголын импортын тарваснууд эрүүл болох нь тогтоогдсон байна. Энэ талаар  Монголын хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын  холбооны  тэргүүн Б.Байгалмаа, гишүүн З.Баасансүрэн, Ч.Оюунцэцэг нар манай редакцид хандсан юм. Тэд “Барс” хүнсний захад тарвасны худалдаа эрхэлдэг юм байна. Ингээд тэдний яриаг хүргэе.

-Та бүхэн ямар шалтгаанаар манай редакцид хандах болов?

-МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүү “Хятадын Нинбо хотод тарвасны өвчин тархсан” тухай мэдээлэл нийтэлснээс үүдэн хүнсний бүтээгдэхүүн импортлогчид биднээс худалдан авалт хийдэг аж ахуй нэгж болон хувь хүмүүс мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирлоо. Энэхүү  мэдээлэл нь  нийгэмд  маш хурдацтай тархаж тарвасны худалдан авалт зогсоод байна. Хил гааль, МХЕГ, холбогдох лабораторийн сорилтын дүнгээр хүнсний аюулгүй байдал, эрүүл, ахуйн шаардлага хангасан тонн тонн тарвасууд өнөөдөр “Улаанчулуутын” хогийн цэг дээр устгагдаж байна. Муудсан байсан бол хамаа алга.  Хэрэв үнэхээр Хятадад өвчин гарсан нь үнэн байсан бол бид цаад талаасаа хохирлоо нэхэх буух эзэн, буцах хаягтай байх байсан. Гэтэл өнөөдөр дээрх мэдээллийн уршгаар хэнд хандах, хохирлоо хэрхэн барагдуулахаа мэдэхгүй байна. Сэтгүүлчийн хайхрамжгүй хандсан мэдээллээс үүдэж ийм байдалд хүрсэндээ бид маш гомдолтой байна.


 

-МХЕГ газар ямар дүгнэлт гаргасан юм бол?

-Мэдээллийн дагуу МХЕГ-ын Хил,хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Уламбаатар Элчин сайдын яамаар дамжуулаад  Хятадын Эрүүл ахуйн яамнаас энэ дагуу тодруулсан юм билээ. Гэтэл Хятадын зүгээс  “Манай улсад сүүлийн хоёр жил тарвасны өвчин бүртгэгдээгүй гэсэн хариу  өгсөн”  гэж ТV5 телевизээр ярилцлага өгөхдөө тэрээр ярьсан байдаг.  Бид тарвасыг хил дээр сорьцийн шинжилгээнд оруулахаас гадна  МХЕГ-ын 15 нэр төрлийн шинжилгээнд орсон. Ингээд хүний эрүүл мэнд, амь насанд ямар ч хохиролгүй хүнсэнд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан байдаг.



 

-Тэгэхээр МОНЦАМЭ агентлагийн нийтэлсэн мэдээлэл  хуучин мэдээлэл гэж ойлгох уу?

-Тийм ээ. Хоёр жилийн өмнө Хятадын Нинбо хотод тарвасны өвчин гарч байсан юм билээ.Энэ үеэр өвчин гарсан 10 тариалангийн газрын тарвасны экспортыг зогсоож  одоогоор тухайн хотод тарвас тариалдаггүй гэж сонссон. Нөгөө талаар Нинбо хот манайхаас маш хол, тээвэрлэлт хийх ямар ч боломжгүй. Бид Хятадын Shandong хотоос тарвас оруулж ирж худалдаалдаг. Ингэхдээ хаа хамаагүй газраас тарвасыг оруулж ирэхгүй шүү дээ. Бид тус хотын “Хао Гань” компанитай гэрээгээр нийлүүлдэг. Манайд ийм нөхцөл байдлаас үүдэж тарвасны борлуулалт зогсчихоод байгаа учраас тарвас татахгүй байгаа. Гэтэл гэрээгээ зөрчсөн гэдэг  давхар торгууль бидэнд тавигдаж байна. Учир байдлаа Хятадын талд хэлэхэд, “Манайд ийм өвчин огт гараагүй, танай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэл хаанаас, ямар мэдээлэл олж нийтэлснийг бид мэдэхгүй гэсэн хариуг  гэрээт компаниас өгсөн.



-Анх мэдээллийг гаргасан сэтгүүлчтэй та бүхэн уулзсан  уу?

-МОНЦАМЭ агентлагт очсон боловч мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч нь байгаагүй. Редакцийн зүгээс сэтгүүлчээсээ тухайн мэдээллийн гарсан цаг хугацаа,  эх сурвалжийг нь асууж тодруулсны дараа бидэнтэй холбогдъё гэдэг хариуг өгсөн байгаа. Тухайн мэдээлэл зургадугаар сарын 27-нд анх нийтлэгдсэн. Үүнээс хойш 28-ны өдөр  хамгийн эхний ачаа  хил дээр орж ирэхэд тарвасыг гүний нарийн сорьцийн шинжилгээнд  хамруулж улмаар 72 цагаар лацдуулж Улаанбаатарт ирсэн байгаа.



 

Бид 20 гаруй жилийн турш энэ төрлийн бизнес хийж байна. Энэ хугацаанд тарваснаас үүдэж хүний эрүүл мэнд хохирсон гэх тохиолдол гарч байгаагүй. Гэтэл “Урд хөршид тарвасны өвчин гарлаа” гэх мэдээллээс болж  өнөөдөр  олон хүний ар гэр хохирч үлдээд байна.

Хэрэглэгчдэдээ хандаж та бүхэн юу хэлэх вэ?

-Олон жилийн турш Монголчууд тарвасыг хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Shandong хот болох бидний худалдан авалт хийдэг боомтод тарвасны өвчин урьд хожид хэзээ ч гарч байгаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Монголын импортын тарваснууд эрүүл гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг бидэнд танилцуулсан. Иймээс хэрэглэгчид маань элдэв мэдээлэлд авталгүйгээр бүтээгдэхүүнээ урьдын адил хүнсэндээ хэрэглэж болно гэдгийг Монголын хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын  холбооны  тэргүүний хувьд ам бардам хэлмээр байна. 

 

Ярилцсанд баярлалаа

Ш.Адъяамаа

Top