К2 ууланд хүчтэй цасан шуурга шуурч, гавьяат тамирчин Г.Өсөхбаярт аюул тулгараад байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт тухай бүрт нь мэдээлэл хүргэж байгаа билээ. 

Өнөөдрийн ирүүлсэн мэдээгээр К2 ууланд маш хүчтэй цасан шуурга шуурч, авирагчдын хувьд аюултай нөхцөл байдалтай тулгараад байгаа аж. Энэ талаар гавьяат Г.Өсөхбаяр 

"Маш их цас орж байна. Одоогоор бүх авиралт зогсч, бидэнд хүлээхээс өөр хийж чадах юм алга. Энд үнэхээр хүнд байдал үүсээд байна. Кэмп нэг дээр гурван уулчин маань гацчихаад байна. Цаг агаарын нөхцөл байдал муу байгаа учраас авч чадахгүй байна" гэсэн мэдээллийг ирүүллээ. Түүний хувьд зургадугаар сарын 16-нд Улаанбаатараас хөдөлсөн  юм.

Уулчид долдугаар сарын 1-нээс бусад орны уулчдын хамт 6000 метрийн өндөрт нэгдүгээр отог /Кэмп 1/-оо байгуулахаар дээшилж, амжилттай байгуулж чадсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цаашаа авирах боломжгүй нөхцөл байдалтай тулгараад буй нь энэ юм.

Манай уулчны хувьд долдугаар сарын 10-15-нд үндсэн авиралтаа хийхээр төлөвлөж байгаа ч хүчтэй цасан шуурга, түүнээс үүсэх цасан нурангины эрсдлийг тооцох нь чухал юм. "Ааш муутай"-гаараа алдартай К2 ууланд авиралт хийхээсээ урьтаж, аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал гэдгийг хашир уулчин маань мэдэж буй биз ээ.

 С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


 

Top