Сарангуад тохиолдсон явдал буюу хүүдээ хоргодсон эмгэн

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

Хөдөө газар янз бүрийн хууч яриа элбэг байдаг. Тэр дундаа хүмүүст тохиолдсон элдэв аймшигт явдлууд сонсогдох нь олон. Тэгвэл Сарангуа хэмээх нэгэн бүсгүйд тохиолдсон аймшигт явдлыг хуваалцъя. Сарангуа нөхрөө даган хэдий дургүй байсан ч гэсэн томилогдсон газарт нь явахаар болов. Нөхөр Хаянаа нь энэ жил цэргийн сургууль төгсөөд төрсөн нутаг болох Төв аймагт томилогдсон билээ. Хэдий Сарангуа үлдэж болох байсан ч ид халуун хайрандаа шатаж, бас ч гэж шинээр гал голомтоо саяхан бадраагаад байсан болохоор үлдэж төвдсөнгүй. Тэр хоёр шинэ газраа ирээд хирэндээ төвхнөх гэж үзэж тарав. Хэдий Хаянаагын ар гэрийнхэн байдаг ч өөрсдийнхөө өдөр хоногыг арайхийн залгуулдаг болохоор тэр хоёр тэднээс харах юм байсангүй.

Залуу хос улсаас олгосон нийтийн байранд суухаар болов. Хаянаа очсоныхоо маргаашаас ажил нь эхэлж гэрийн бараа харах нь багасаад ирлээ. Сарангуа энд нэг л дасаж өгөхгүй зовно. Угаасаа хотынх биш ч гэлээ говийнх болохоороо нэг л идээшиж өгөхгүй байв. Гэртээ суусаар залхан юу ч хамаагүй олж хийхээр шийдэн ажил хайж эхлэв. Төдсөн ч үгүй нэг нарийн боов,талхны цехэд нягтлангаар ажиллахаар боллоо. Ажилд ороод удаагүй байтал шинэ хамт олонтойгоо зугаалгаар явахаар болжээ. Тэд аймгийн төвөөс холгүй зэлүүд газар майхан саваа барьж энд тэндээс мод, түлээ цуглуулан хорхогоо ч хийгээд авлаа.Шинэ ажилтан, хотын охин гэх шалтгаанаар түүнийг архиар шахах нь элбэг. Сарангуа нэг их уугаад байдаггүй ч ямар ч байсан гурван хундагатайгаа билээ.Тэд найрласаар нэлээн согтоцгоосон байлаа. Гадаа сарны тунгалаг гэрэл гэгээ цацруулан тусна. Сарангуа бие засангаа дээшээ харан ямар сайхан саруулхан шөнө вэ. Одоо цүү хаяж тоглоно гээд байгаа тэнхэлтэй хүн байна уу цаана чинь хэмээн асуувал хажууд нь суух бүсгүй хариу өгдөггүй. Гайхан хартал өнөөх нь суугаагаараа үүрэглэсэн үү,тасарсан уу юу ч ойлгосон шинжгүй толгой дохиж харагдав.

Сарангуа хүүе Доогий сэрээч ээ, явъя гэтэл байдаггүй. 2, 3 удаа дуудсан дараа Доогий гэнэт ЭЭЖЭЭ... хэмээн толгойтой үс бостол муухай орилоод түүнийг хаяад гүйчихэв. Түүний орилох дуунаар Сарангуа ч цочин давхар орилоод хам хум өмдөө татан араас нь айдас дагуулан гүйлээ. Үс гэзэг нь сэгсийж, орь дуу тавьсаар ирэх тэр хоёроос бусад нь ч гэсэн багагүй цочин сандралдавДоогийгийн нүд нь улаанаараа эргэлдчихсэн "үгүй би өгөхгүй, энэ чинь миний хүүхэд, та яах гээд байгаа юм бэ" хэмээн учир нь үл ойлгогдох юм ярьж гарав.Эдэн дунд манаач хийдэг Бодой гэх хөх өвгөн явж байлаа. Тэрээр учрыг гадарлан Доогийг тайвшруулан тарнидаж гарав. Мөн нэгнийх нь цүнхэнд тайвшируулах эм явсанд түүнээс ч гэсэн өглөө. Доогий ч хэсэг хугацааны дараа эхэр татан байдгаараа уйлж байгаад унтаад өгөв.

Бүгд саяны болсон зүйлийн талаар ам амандаа ярилцана.Бодой өвгөн тамхиа татан чимээгүй сууж байснаа "овоо гайгүй байсан юмсан эргэж дээ" хэмээн амандаа бувтанатал нэг нь сонсчихоод өлгөж аван Бодой гуай та биднээс нэг юм нуугаад байна даа яриад өгөөч хэмээн шалав. Бүгд л ам амандаа шалсаар Бодой ч дахин нэг тамхи баагиулж аваад яриандаа орлоо.

Дээхэн үед манай эндхийн нэг хөгшин хүүтэйгээ хоёулханаа амьдардаг байсан юм.Хүү нь цэрэгт яваад эргэж ирээгүй.Хүүгээ итгэл алдалгүй хүлээсэн ч нэг өдөр согтуу нэгний амнаас үхсэн гэдгийг дуулаад галзуурчихсан юм гэнэлээ. Тэгээд нэг орой ганцаараа өвчин нь хөдлөөд явж байгаад чононд бариулаад бөгсөн биеэ тэр чигт нь идүүлчихээд байхад нь нутгийн хүн таарч тэр чоныг алсан гэсэн. Тэгсэн хирнээ хөөрхий хөгшин амь нь тасраагүй хүүгээ дуудсаар өнгөрсөн юм гэнэ лээ... гэснээ цааш ярилгүй яриагаа дуусгав.Хүүхнүүд жихүүцэн биесээ налан сууна. Гэнэт нам гүм байдал нөмрөн авахад Бодой санаа нь зовон "За уучлаарай хүүхдүүд ээ. Сайхан амарч яваа хүүхдүүдэд би гэж зөнөг залгасан юм баахан дэмий юм ярьчихлаа.Алив энэ чинь зүгээр л ам дамжсан яриа шүү дээ" хэмээн үгээ сааралтуулан хэлэхэд тэндээс нэг нь "Харин тийм та нар юун сүртэй хүлээж авдаг юм.Нэг хөгшин байгаа л биз, азгүй тохиолдлоор үхээ л биз алив" хэмээн бусдыгаа уриалан хөгжөөлөө...

2 жилийн дараа

СарангуаХаянаа хоёр хөөрхөн хүүтэй болж Сарангуа ч овоо газар нутагтаа ч идээшээд ирэв.Угаасаа Хаянаагын төрсөн нутаг болохоор найз нөхдийн хөл ч тасрана гэж байхгүй.Нэг орой тэр гурав Хаянаагын найзынд очлоо.Ангийн хэдэн нөхөд цугласан гээд тоймгүй их ууж өгөв.Гэтэл Хаянаа нилээн муудан тэгэх мөртөө Сарангуаг хардан агсан согтуу тавин хөөж тууж эхлэв.Нөхөд нь яаж ч хориод дийлсэнгүй.Сарангуа харанхуй шөнө хүүгээ хөтлөн харихаар тэднийхээс доголон нулимстай гарч явсныг Хаянаатай зууралдаж байсан хэд анзаарсангүй.Гадаа гарвал тас харанхуй бүрхэн байлаа.Тэрээр айж байсан ч хүүгээ элгэндээ чанга тэврэн гомдол цөхрөл тээсээр нулимсаа арчин алхана.Гэр нь нэг их холгүй тул тэрээр хүүтэйгээ элдэвийг ярин алхсаар л.Дотроо Хаянааг бодон арай ч дээ хэмээн алхсаар нэг мэдэхнээ гэртээ ирэх болчихсон баймаар байсан ч гэр нь байдаггүй харин тас харанхуй ноёлоостой. Тэднийх зундаа хүүдээ агаар хэрэгтэй гээд гэр олон зуншлага хэмээн нэрийдэх дан бүрээстэй гэр барин өнөөдрийн найзынхтайгаа саахалтын зайтай буусан билээ.Гэнэт хажууд нь хүн дагаад байгаа юм шиг санагдахад эхэндээ анзаарсангүй.

Гэтэл нүднийх нь үзүүрт яах аргагүй нэг юм хөдлөх шиг болов.Сарангуа сая гэнэт сэхээ орон эргэн тойрноо ажингаа хүүгээ элгэндээ улам чанга тэврэн тэр сацуу чоно хэмээх бодол харван орж ирэхэд айж л болохгүй шүү хэмээн бодож амжлаа.Түүний хөл нь гуйвлан,өвдгөөрөө чичирч,сөхөрч унахад бэлэн байсан ч хоёр гар нь хүүгээ тас тэврэн элгэндээ улам наав.Тэрээр чонотой үзэлцэх юм хайн дэмий л халаасаа ухлаа.Тэгснээ чоно бол өдийд бид хоёр уруу дайрчихалгүй яахав дээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэгч болж байгаа биз. Бушуухан харъя, ингэхэд гэр хаачихваа энүүхэнд дээ уг нь хэмээн бодон урагш алхтал хүүг нь нэг юм татах шиг болж биенээс нь хөндийрүүлэв.

Сарангуа хоромхон зуурын явдалд барьц алдан гар нь сулран хүүгээ унагангаа алдав. Гэтэл яах аргагүй хүүг нь доороос нь татахыг мэдээд хамаг байдгаараа өөрлүүгээ татан мэддэг хэдэн тарниа уншиж гарав. Нүд нь харанхуйд овоо дасан харвал бөгсөн бие нь тасархай эмгэн ам нь өмөлзөн хүүг нь татаж байлаа. Сарангуа гэнэт хоёр жилийн өмнөх нөгөө манаачийн яриаг санан нуруугаар нь хүйт даан хамаг үс нь босоод ирлээ. Гэвч тэрээр эмээгийнхээ хэлхсэнийг санан ямарч байсан айхгүй байх хэрэгтэй гээд эх хүнээс гарч болох бүх л хүчийг шавхан хий сүгтэй үзэлцэж гарав.Эмгэн хүйтэн хөндий чихарсан хоолойгоор хүүг минь өг, хүүг минь өг, хүүг минь өг хэмээн нэг л үгээ давтан хэлэх мөртлөө цээжээ түрэн хоёр гараараа тулан түүнтэй хүүг нь булаацалдан чаргууцалдсаар. Сарангуа ч мөчөөгөө өгөхгүй хөөж туун үзэлцсээр. Хэчнээн удаан ингэж ноцолдсоныг бүү мэд нэг мэдэхнээ тэнгэрийн хаяа манхайж харагдах шиг болов түүний тамир тасарчээ.

Сарангуаг гарснаас хойш Хаянаа ч жаал дөвчигнөж байгаад уусан юм нь жаахан гарав.Тэрээр гэнэт эхнэр хүүхдээ санан асуутал бүгд түүнийг зэмлэхээс тэр хоёрын хэзээ явсныг хэн ч мэдсэнгүй. Хаянаа бушуухан гэрээс гуйвлан гарсаар гэртээ иртэл хүнгүй байлаа. Гайхан буцаад найзындаа очин нөгөө хэддээ хэлэх хооронд уусан юм нь бүр гарчихав. Тэд сандралдан хайсаар яваад гэрийнхээ эсрэг зүгт хүүгээ тас тэврэн суугаагаараа ухаангүй байх Сарангуаг олжээ. Сарангуа хэдий хэр удсаныг мэдэхгүй нэг мэдсэн дахин хүүг нь татах шиг болоход тэрээр байдгаараа чарлан шөнөжингөө хэлсэн үгээ хэлэн хөөж туусаар л байв.

Хаянаа арайхийн хүүгээ салгаж автал хүү нь байдгаараа даарчихсан бас уйлаад нус нулимасандаа хутгалдчихсан хачин хоёр юм байв. Тэд бушуухан аймгийн төв орж эмнэлэг бараадууллаа.Сарангуа овоо бие нь тэнхрэн Хаянаад гомдохын дээдээр гомдсон ч хүү нь олигтой сэхэл авахгүй байгаад өөрийгөө буруутган яаж ч чадахгүй хий л өөрийгөө хараан суув.Хаянаа ч ажил нь барагдахгүй тэгээд ч нэг их сүнс сүг гэж итгэхгүй, лам хуврага гэж явдаггүй болохоор эмчилгээндээ гайгүй болох биз.Хэн чамайг харанхуй шөнөөр хүүхэд авч яв гэсэн юм хэмээн түүнийг буруутгаад яваад өгдөг байв.

Харин хадам ээж нь ирснээр ламд үзүүл үнэхээр тийм юм болсон бол сайн үзүүлэх хэрэгтэй.Үхээрийн бузар болсон байж магад гэж хэлэн өөрөө гүйж явсаар тэр хавьдаа хамгийн нэртэй гэх лам дээр ач, бэр хоёроо дагуулан очиж учир байдлаа хэллээ. Хаянаагынх тэндээс нүүн хүү нь ч засал номын хүчинд үү, эмчилгээний хүчинд үү бие нь өдрөөс өдөрт сайжран илааршиж, харин Сарангуа л наснаасаа даруй 5 насаар хөгширсөн, нүдэндээ галгүй, сэтгэлдээ хоосон, хүн харахад л осолдохгүй үлгэн салган гэлдэрч яваа нэгэн болж хувирав. Хэдий тийм ч гэлээ тэрээр үрийнхээ төлөө үхлээс ч айлгүй ад зэтгэртэй үзэлцэн аварч чадсандаа баярладаг байв. Харин эмгэний сүнсийг нутгийн хэдэн нэртэй лам нар ч очоод бараагүй бөгөөд хааяаа нэг иймэрхүү хүүхдийг нь булаалдан айлгаж ичээсэн явдал мэр сэр дуулдсаар л байдаг аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top