Нутгийн 70 хувь гантай, үүл ч хуралдаж өгөхгүй байна

2017 оны 07 сарын 20

Байгаль цаг уурын доройтлыг энэ зун цөөнгүй аймагт  нэмж байна. Тухайлбал Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр  гандуу болж хуурайшилт нэмэгдлээ. Улмаар мал малчид ирэх өвөлд зутруу орох эрсдэл үүсч болзошгүй байгаа юм. Тийм учир аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол гаргажээ. Энэ дагуу Засаг дарга түүний Тамгын газраас “Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар” сэдэвт  шуурхай зөвлөлгөөн хийлээ.

Тус шуурхай зөвлөлгөөнд Баянхонгор аймгийн 20 сумын удирдлага болон ХХААГ, УЦУОША, БОАЖГ, Онцгой Байдал зэрэг холбогдох газруудын дарга нар оролцов.Тэд нутаг байгаль цаг уурын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч цаашид хэрхэх тухайд санал гаргав.

Аймгийн хэмжээнд  энэ сарын 16-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь гандуу үлдсэн 70 хувь нь гантай байв. Сүүлийн 10 жилд тохиогоогүй хуурайшилт халалт бүс нутгийн хэмжээнд явагдаж буй.  Түүнчлэн гол горхи ширгэж зарим томоохон голууд тасарч урсац нь багассан гэдгийг сумдын удирдлага ярьж байна. 

20 сум гантай байгаа.  Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумдын малчид өөр аймаг сумдын нутагт отор хийж явна. Бүх сумын бэлчээрийн даац 2-3 дахин ихэссэн, цаг зуднаас  урьтаж малчид мал махыг ихээр борлуулах хүсэлтэй байгаа аж. Малдаа тарга тэвээрэг авахуулах гэж отор нүүдэл хийж яваа малчдыг ойлгож өөрийн бүс нутаг руугаа оруулах тал дээр сумд уян хатан хандах. Мал малчдыг хөөж тууж, элдэв татвар татаас нэхэхгүй байхыг аймгийн Засаг дарга удирдлагуудад нь үүрэгдлээ. 

УЦУОША-аас 6-р сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан ч зуншлага төдийлөн сайжирсангүй. Долдугаар сард  зориудаар үүлэнд нөлөөлөх ажлыг зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангасан ч бороо орох хэмжээний үүл бүрэлдэж өгөхгүй байгаа гэж тус байгууллагын дарга Л.Мандал хэллээ. Ирэх  сард олон жилийн дунджаас 1-2 градус нэмж халах төлөвтэй байна. Иймд малчид ард иргэд биеийн байдалдаа анхаарч отор нүүдэл хийх нь зүйтэй юм. УЦУОША-аас ирэх 8, 9-р саруудад 5-6 удаагийн зориудаар бороо оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж байв.

Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар өвөлжилт хүндэрч мэдэх болохоор өвс тэжээлээ өөрсдийн бололцооны  хэрээр нөөцөлж авах шаардлагыг сум орон нутгаас нь малчиддаа тавьж байх нь зүйтэйг гэв. Мөн аймгийн  Онцгой комиссын 20 гишүүнийг тус бүр нэг сум даалган сумдыг хариуцуулах санал гаргасан нь дэмжигдэв.

Баянхонгор аймагт энэ өвөл 5 сая мал өвөлжихөөр байгаа. Өнөөгийн байдлаар 187,6 тонн өвс, 5,6 тонн тэжээлийн нөөцтэй байна. Гэтэл 1 хонь 1 хоногт дунджаар 1,6 кг өвс ногоо иддэг байна. Жилд гээд бодохоор 580 кг өвс тэжээл иднэ. Өвс тэжээлийн нөөц хүрэлцэхгүй, цагийн байдал хүндэрч болзошгүй, дээрээс нь бэлчээр ногоо энэ зун тааруу гарсан зэрэг нь аймгийн удирдлагуудын санааг зовоож байна. Иймээс аймгийн  Засаг дарга Г.Батжаргал хаяа зэргэлдээ Архангай аймгийн уулзан хүсэлт тавих аж. Цаашлаад Булган, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай нүүр тулан уулзаж зарим нутагт нь отор бэлчээрээр малаа оруулж, мөн аймгуудад хадлангийн салаа ажиллуулах хүсэлтийг тавихаар болов.

 

Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын тухай шуурхай зөвлөлгөөн нь 3 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Тэндээс үүрэг чиглэл авсан сумдын удирдлага болон холбогдох байгууллагууд шуурхайлан ажиллахаар тогтжээ. Мөн иргэд малчдын зүгээс ч хэт халалт хуурайшилтыг боломж бололцоогоороо даван туулж  өөрсдийн чадах хэмжээгээрээ өвс хадлан бэлтгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас нь зөвлөж байна

Хэдийгээр өчигдөр зарим нутгаар бага зэрэг бороо орсон ч өнөөдөр халуун нартай байгаа аж. Тийм болохоор гангийн төлөв өөрчлөгдөхгүй шинжтэй.

Холбоотой Зураг

                                                                                      А. Дэлгэр

                                                                              Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top