Цэцэрлэгийн бүртгэл ирэх мягмар гаригаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Жил бүрийн намар цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог тохиолдол сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатайгаас эцэг, эхчүүд ийн урт дараалал үүсгэн, цэцэрлэг манахаас аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон билээ.

Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-аас буюу ирэх мягмар гаригаас эхлэн бүртгэхээр бэлтгэл хангагджээ. Ингэхдээ шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх юм.

Эцэг, эхчүүд зөвхөн тусгай сайтаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Хэрэв онлайнаар бүртгүүлж чадаагүй бол наймдугаар сарын 10-аас эхлэн тухайн цэцэрлэг дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Гэр бүл салсан, аав ээж нь гадаадад амьдардаг, эмээ өвөө, хамаатан садныдаа амьдардаг гэх мэт шалтгаантай байвал тухайн цэцэрлэг дээрээ шалтгаанаа баталгаажуулж, бүртгүүлэх боломжтой. Хаягийн зөрчилгүй бол онлайнд автоматаар бүртгэгдэнэ. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд цэцэрлэг дээр нь явуулна гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

С.Баяр

Эх суррвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhhhh(202.131.228.178) 2017 оны 07 сарын 21

элдвийн спамаас сэргийлээд дараахь зүйлсийг анхаарвал зүгээр байх: 1. Зөвхөн төрсөн эцэг эхчүүд / асран хамгаалагчийн гар утсанд бүртгэлийн код илгээх 2. Харъяаллын дагуу бүртгэлтэй хүүхдүүдийг давуу эрхээр бүртгэх 3. Нэг удаа нэвтрээд зөвхөн нэг хүүхдийг бүртгэдэг байх 4. Гадаадаас бүртгүүлэхээр хандсан тохиолдолд татгалзах 5. Бичиг баримтын бүрдлийг давхар шалгадаг байх 5. Зөвхөн монгол хэлээр кирилл үсгээр бичигдсэн мэдээллийг бүртгэдэг байх

0  |  0
Top