Шинэ төрсөн аймгийн АРСЛАН, ЗААНУУД

2017 оны 07 сарын 21

Монголчууд бид нар, хур тэгширсэн энэ өдрүүдэд тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойгоороо өргөн дэлгэр наадлаа.

Улсын их баяраас өмнө зарим аймгууд наадмаа тэмдэглэн шандаст хүлгүүд нь хурдан, харваачид нь мэргэн, хүдэр чийрэг бөхчүүд нь хүчтэй байв.

“Бөхийн хорхойтнууд”-даа зориулан энэ жилийн аймгийн найдмуудын түрүүг хэн гэх хүчтэн авсныг хүргэе.

Архангай: Тус аймгийн наадамд 256 бөх зодоглосон. Тэднээс Архангайн Хотонт сумын харьяат, аймгийн заан Л.Жамбал түрүүлж АЙМГИЙН АРСЛАН цол хүртэв. Үзүүрт мөн аймгийн Тариат сумын харьяат, аймгийн нэмэх начин Г.Болдгэрэл шалгарсан юм.

 

Зургийн талбар: Баян-Өлгий аймгийн наадам

Баян-Өлгий: Мөн 256 бөх хүчийг үзэж, наадамчин олноо цэнгүүлэв. Цэнгэл сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээ, “СС Монголиа” компаний бөх, аймгийн арслан Улыхпаны Береке түрүүлж ХУРЦ чимэг зүүлээ. Харин Алтай сумын харьяат С.Бат-Үүл үзүүрлэн ЗААН цол хүртлээ.

 

Зургийн талбар: Булган аймгийн үзүүр, түрүү бөх

Булган: Тухайн аймгийн наадамд Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл түрүүлж АРСЛАН боллоо. Харин Булган аймгийн Орхон сумын харьяат аймгйин заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн цолоо бататгав. Тус наадамд 256 бөх зодоглосон юм.

 

Дархан-Уул: Эд хаваа гайхуулсан 256 хүчтэнээс тус аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн заан С.Очирбат илүүрхэн түрүүлж АРСЛАН цолыг хүртлээ. Аймгийн харцага Ж.Мандахбаяр ЗААН цолны эзэн болсон.

 

IMG_7536

Зургийн талбар: Дорнод аймгийн үзүүр, түрүү бөх

Дорнод: Тус аймгийн наадамд 128 бөх зодоглолоо. Барилдаанд Булган сумын харьяат, “ДБЭХС” ТӨХК-ийн бөх, аймгийн заан Г.Шинэзориг түрүүлж Аймгийн арслан хэмээх хүндтэй цолыг хүртэв. Харин өнгөрсөн жилийн аймгийн түрүү бөх, аймгийн арслан Б.Ариунмөрөн үзүүрлэлээ.

 

Дундговь: Дуу хуурын өлгий Дундговийнхон наадмаа хараахан тэмдэглээгүй ч аймгийн цол олгох барилдаанаа хийсэн. Хүчит 256 бөх зодоглосноос аймгийн арслан Б.Дэлгэрбат түрүүлж ХУРЦ чимэгтэй болов.

 

Зургийн талбар: Говь-Алтай аймгийн үзүүр, түрүү бөх

Говь-Алтай: Алтай нутгийн наадамд Халиун сумын харьяат аймгийн заан Б.Буянт түрүүлэн АРСЛАН цолыг хүртэв. Харин Дэлгэр сумын харьяат аймгийн харцага Д.Ганцоож үзүүрлэн ЗААН боллоо. Наадамд 256 бөх зодоглосон.

 

2017-07-12-19

Зургийн талбарГовьсүмбэрийн түрүү бөх

Говьсүмбэр: Сүмбэр сумын харьяат, 2014 оны Азийн аваргын хүрэл медальт, спортын мастер Э.Мөнхбаатар наадамдаа түрүүлснээр АРСЛАН цолыг хүртэв.

 

Зургийн талбарЗавхан аймгийн түрүү, үзүүр бөх

Завхан: 256 бөх тус аймгийн наадамд зодоглосон. Наадамд Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн начин Н.Мөнхтогтох түрүүлж АРСЛАН цолыг авсан. Харин аймгийн харцага, ОУХМ П.Өсөхбаатар үзүүрлэн ЗААН цолтон болов.

 

Зургийн талбарОрхон аймгийн түрүү, үзүүр бөх

Орхон: Аймгийн начин Д.Хишигдаваа Орхон аймгийн баяр наадамд 256 бөхөөс түрүүлж АРСЛАН цолыг хүртлээ. Үзүүрт аймгийн арслан Г.Уртнасан оржээ.

 

Image may contain: 4 people, people standing and outdoor

Зургийн талбарӨмнөговь аймгийн түрүү, үзүүр бөх

Өмнөговь: Өмнийн цэнхэр говийн наадамд улс, аймгийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулав. Тэднээс Хүрмэн сумын харьяат Аймгийн арслан Ш.Дарханбат түрүүлж ХУРЦ хэмээх чимэг хүртлээ. Харин үзүүрт Номгон сумын харьяат Аймгийн харцага Ц.Анхбаяр шалгарч АЙМГИЙН ЗААН цолны эзэн болсон.

 

Зургийн талбарӨвөрхангай аймгийн түрүү, үзүүр бөх

Өвөрхангай: Өврийн сайхан хангайн наадамд хүчит 256 бөх зодоглон эр бяраа үзэв. Хүчтэнүүдээс Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн харцага Б.Цэдэнсодном түрүүл АРСЛАН цолны эзэн боллоо. Үзүүрт нь Бүрд сумын харьяат, аймгийн заан М.Даваасүрэн шаргасан юм.

 

Зургийн талбар: Сэлэнгийн түрүү, үзүүр

Сэлэнгэ: Тус аймгийн баяр наадамд хүчит 256 бөх хүчээ сорив. Тэднээс Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Э.Саранбаатар түрүүлэн АРСЛАН цол хүртлээ.

 

Төв: Увсын Тэсийн хүчтэн,  аймгийн заан Л.Цээсүрэн Төв аймгийн наадамд түрүүлж АРСЛАН боллоо. Харин аймгийн харцага Г.Өсөхбаяр үзүүрлэн ЗААН цолыг авав.

Хэнтий: О.Цэцэнцэнгэл гэх 18 настай залуу бөх Хэнтийн наадамд түрүүлж АЙМГИЙН АРСЛАН цолны эзэн болов. Тэгвэл үзүүрлэсэн бөх нь цэргийн начин Г.Бадрах байж, ЗААН цолыг хүртлээ. Наадмаар 256 бөх уран мэхээ уралдуулан наадамчин олноо баясгасан.

Ховд: Мөн аймгийн наадамд 256 хүчтэн барилдлаа. Тэднээс Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адъяа түрүүлж АРСЛАН болсон бол аймгийн начин Г.Ариунболд үзрүүрлэн ЗААН боллоо.

Увс: Тэс сумын харьяат, аймгийн харцага Н.Хүрэлсүх аймгийнхаа наадамд түрүүлж АРСЛАН цолыг хүртэв. Харин аймгийн харцага Т.Хайдав үзүүрлэн, аймгийн ЗААН авсан юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
german(62.216.206.138) 2017 оны 07 сарын 21

ulsiin tsoltoi buhchuud n haachaa ve? nairaand ayvchaa yu ? deer yed tsoltoi buhiig l harah gej naaddag san odoo ch hediig avaa bol gej hardah yumaa ha ha

0  |  0
Top