Агаарт замхарсан мэт алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх-цуврал 2

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Ямар ч ул мөргүй алга болсон хүмүүсийн хачирхмаар түүхийг өгүүлье. Тэднийг хайх ажил үргэлжилсээр байгаа аж. Ойр дотныхон нь ч тэднийг амьд гэдэгт итгэж хүлээсээр.    

/Цуврал-1/

Брайан Шаффер


Охайо мужийн их сургуулийн анагаахын факультетийн оюутан 27 настай Брайан 2006 оны дөрөвдүгээр сарын 1-нд шар айраг уухаар баар оржээ. Тэр пивоо ялимгүй хэтрүүлсэн байж мэдэх. Гэхдээ л агаарт замхран алга болтлоо хэтрүүлнэ гэж баймааргүй. Тэр шөнө залуу найз бүсгүй рүүгээ залгасан байна. Дараа нь түүнийг хоёр танихгүй эмэгтэйтэй хамт байхыг харсан хүн байдаг аж. Тэгээд л Брайан ор сураггүй алга болжээ. Гайхаад байх зүйлгүй мэт. Залуу согтон түүнийг баарнаас хөөж гаргасан, алсан, алаад цогцсыг нь нуусан гэхээр байгаа байх. Гэхдээ болсон явдал ийм энгийн биш.

Брайан баарнаас яаж харагдалгүйгээр гарсныг одоог хүртэл тогтоож чадаагүй. Хяналтын камер шөнөжингөө ажиллажээ. Залуу баар руу орохдоо камерт бичигдсэн ч гарч байхдаа үгүй. Брайаны амьдралд хүнд хэцүү зүйл ч байгаагүй гэдэг. Тэрээр сайн сурдаг оюутан байжээ. Найз бүсгүйтэйгээ ч сайхан харилцаатай, хамтдаа амралтаа өнгөрүүлэхээр төлөвлөж байсан аж.

Элиза Лэм


2013 оны хоёрдугаар сарын эхээр 21 настай канад охин учир битүүлгээр алга болсон нь олныг цочирдуулжээ. Жуулчин охины цогцсыг гэхдээ олсон гэж үздэг. Түүний нүцгэн цогцсыг зочид буудлын дээвэр дээрх усны савнаас олжээ. Хүмүүс усны цоргоноос эвгүй үнэр гараад байна гэсэн гомдол мэдүүлснээр түүнийг олсон байна. Гэхдээ хэрэг явдал ингээд л дуусаагүй. Хяналтын камерыг шалгасны дараа толгой эргүүлэм зүйл болжээ. Зочид буудлын дөрөвдүгээр давхарт байрлаж байсан Элизаг камер хамгийн сүүлд 14 дүгээр давхарт хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шигээр бичжээ. Гэхдээ бичлэгт канад охиноос өөр хүн ороогүй байна. Задлан шинжилгээгээр бүсгүйн биеэс ямар ч мансууруулах бодис, согтууруулах ундааны ул мөр олоогүй аж. Дүгнэлт их сонин гарч Элизаг амиа хорлосон гэсэн ч тэр яаж хаалттай дээвэр рүү гарч, зочид буудлыг усаар хангадаг гурван метрийн өндөртэй том сав руу хурууныхаа хээг ч үлдээлгүй орж чадсаныг олдоггүй байна.

Энэ хэргийг цагдаагийн бүхэл бүтэн хэсэг мөрджээ. Аллага гэж үзэх ямар ч үндэслэл олоогүй учир хэргийг хаасан аж.

Зебб Куинн


2000 оны нэгдүгээр сард 18 настай Зебб Куинн найз Оуэнтэйгээ зугаалж явжээ. Гэнэт түүний пейжэрэнд байгаа газраасаа бушуухан явж таксофон руу гүйхэд хүргэсэн хачин мессеж ирсэн байна. Харилцуураа тавиад тэр Оуэны араас яаран явжээ. Хэд хоногийн дараа Куинн гэж өөрийгөө хэлсэн хүн дарга руугаа залгаж амралт хүссэн байна. Гэвч ярьсан хүний хоолой хачин сонсогдож байсан нь даргыг болгоомжлоход хүргэжээ. Хожим нь Оуэн Зеббийн хүсэлтээр залгаснаа хүлээсэн аж.

Куиннийг сураггүй алга болсны дараа өглөө нь Оуэнн хавирга нь хугарч, толгой нь гэмтсэн эмнэлэгт хүргэгджээ. Энэ бүхэн найз нь алга болсонтой ямар ч холбоогүйг Оуэнн хэлсэн ч цагдаа нар түүнд итгээгүй байна.

Утасны дуудлагаас үзэхэд Куинн руу нагац эгчийнх нь гэрээс залгасан байжээ. Түүний найз бүсгүй Мисти тэр өдөр уг хамаатныд нь очиж таарчээ.

Куинний машин түүний хамаатнууд нь ажилладаг эмнэлгийн ойролцоох зогсоол дээрээс олджээ. Арын шилэн дээр нь уруулын будгаар тавьсан анхаарлын тэмдэг, үнсэлт хоёр байсан гэнэ. Салоноос нь залуугийн эд зүйл биш болох зочид буудлын үл мэдэгдэх өрөөний түлхүүр, куртка, лабрадор үүлдрийн гөлөг олджээ. Гөлөг амьд үлдэж, нэгэн цагдаагийнх болсон бол Зебб Куинн хаачсан нь үл мэдэгдэх хэвээр байна. 

О.Саша

 WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top