Зөрчлийн тухай хуулийг сурталчлах сургалт зохион байгуулав

2017 оны 07 сарын 22

Баянгол дүүргийн прокурорын газраас /2017.07.21/ Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хурлын танхимд зөрчлийн тухай хуулийг сурталчлах нь сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Дээрх арга хэмжээ хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхэнд явагдсан сургалтад Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2-р хэлтсийн цагдаагийн албан хаагчид хамрагдаж, зөрчлийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар прокуруудтай санал солилцсон юм.

Харин дараа нь прокурорууд тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг 100 орчим иргэдэд шинэчлэн батлагдсан хуулийн талаарх мэдэгдэхүүнийг дээшлүүлэх, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд нь анхаарах үүднээс зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Дээрх сургалт, зөвлөлдөх уулзалтиыг Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Мөнх-Очир, хяналтын прокурор Б.Мэндсайхан, Н.Нямжав нар удирдан явуулсан юм.

 

 

 Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Мөнх-очир: 

 ХУУЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГУУЛАХ ҮҮДНЭЭС СУРГАЛТЫГ ОЙРХОН ЗАЙТАЙ ХИЙЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

 

 -"Өнөөдөр Баянгол дүүргийн прокурорын газраас зөрчлийн хууль болон зөрчлийн хууль шалган шийдвэрлэх тухай хуулиар нийт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явууллаа. Мөн дээрээс нь иргэдэд зөрчлийн хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн дагуу уулзалт, хэлэлцэх асуудлуудын танилцуулгыг миний бие хийсэн. Харин зөрчлийн хуулийн танилцуулгыг хяналтын прокурор Б.Мэндсайхан, гарын авлага боршуурыг иргэдэд танилцуулах ажлыг хяналтын прокурор Д.Нямжав хариуцан ажилласан. Өнөөдрийн сургалтаар зөрчлийн хуулийг нэг мөр ойлгохын тулд эрх бүхий албан тушаалтнууд нэгдсэн ойлголттой боллоо. Цагдаагийн 1, 2-р хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтан, хэв журам, мөрдөн байцаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцсон. Харин иргэдэд шинэчлэн батлагдсан хуулийн онцлог зүйл заалт бүрийг 50 төрлийн тараах материал болгон хэвлэж өгсөн. Хэв журмын ажилтанууд бидний эмхэтгэн гаргасан танилцуулгыг гарын авлага болгож өөрсдийн хариуцсан хэсгийн хороод дээрээ очиж иргэдэд тарааж ажиллахаар боллоо. Хуулийг нэг мөр ойлгуулах үүднээс сургалтыг ойрхон зайтай хийж байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Дараа дараагийн сургалтуудыг өөр бусад төрийн байгууллагуудын ажилтнуудад ирэх есдүгээр сарын эхээр заахаар төлөвлөж байна. Учир нь тухайн байгууллагууд зуны амралттай холбоотойгоор ажилтан албан хаагчидаа бүгдийг нь хамруулах хүсэлтэй байна гэдгээ уламжилсан байгаа юм”.

Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Х.Баатарцогт:

 

ЦАГДАА НАР ПРОКУРОРУУДААС ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛЫГ ТОДРУУЛЖ, НЭГДСЭН ОЙЛГОЛТОД ХҮРЛЭЭ

 

-"2017 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  цагдаагийн байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгаж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед дахин сонгууль явагдсан. Баяр наадам болсон учраас цагдаагийн байгууллага нилээдгүй олон ажил, арга хэмжээнд оролцсон. Тиймээс цагдаа тухай бүрд нь прокурор, шүүх дээр зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх талаар ярилцах боломж олдоогүй байсан. Харин одоо цагдаа нарт сургалтанд суух цаг зав гарч байна. Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас ирж сургалт явуулсан бол өнөөдөр Баянгол дүүргийн прокурорын газраас ирж сургалт явуулж байна. Сургалтууд маш үр дүнтэй болж байгаа. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд сайшаалтай ч юм байдаг, түүнийг дагаад хүндрэл бэрхшээлтэй юм ч байдаг. Сургалтад хэв журмын тасаг, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн хэргийн мөрдөгч нар хамрагдлаа. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаа цагдаа нар прокуроруудаас асууж тодруулж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Цаашид ч бэрхшээл гарах байх. Тиймээс тухай бүрт нь уламжлаад шийдүүлээд явах боломжтой гэж үзэж байна. Энэ шинэ хуулиар цагдаагийн байгууллагын ажил, ачаалал нэмэгдэж байгаа. Яагаад гэхээр гаргасан зөрчил бүрт материалжуулж байгаа. Тухайлбал, гудамжинд хүн хог хаяхад өмнө нь эргүүлийн цагдаа очоод торгоод явдаг байсан бол одоо материалжуулж байна. Ойлгомжгүй зүйл цаашид ч гарч ирэх учраас энэ төрлийн сургалтыг дахин явуулах нь шаардлагатай”. 

 

Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн Х.Энхтуяа:

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД СУУСНААР ХУУЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ МЭДЭГДЭХҮҮНТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

-"Баянгол дүүргийн прокурорын газраас иргэдэд зөрчлийн тухай хуулийн онцлог зүйл заалтуудын талаарх ойлголт мэдэгдэхүүнийг өгч байгаад баяртай байна. Манайх ам бүл тавуулаа. Би өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад сууснаар Зөрчлийн тухай хуультай холбоотой бидний амьдралд зайлшгүй хэрэглэгдэх хуулийн заалтуудыг мэдэж авлаа. Жишээ нь гудамжинд яваад өмнө нь хүмүүс нус цэр, хогоо дуртай газраа хаядаг байсан бол одоогийн хуулиар зөрчилд тооцогдох болсон байна. Мэдсэн зүйлсээ очоод гэрийнхэндээ ойр дотны найз нөхөддөө тайлбарлаж ойлгуулна” гэв.

 

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hj(202.9.43.140) 2017 оны 07 сарын 22

SHUUDANGAAR

0  |  0
Top