“УЯХАН ЗАМБА ТИВ” гэдэг үгийг сансраас харсан хүн л хэлмээр юм гэж бодогдсон

2017 оны 07 сарын 24

Монголын сор болсон сэхээтнүүд, эрдэмтэн мэргэд, бүтээгч хөдөлмөрөөрөө онцгой амжилтад хүрсэн хүмүүс, Монгол түмнийхээ бахархал болсон эрхмүүдийг “Зиндаа” сэтгүүлийн хоймор “Эрхэм Зиндаа” буланд урин залдаг уламжлалтай. Энэ удаа уригдсан эрхэм болох Монгол Улсын анхны сансрын нисэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагачаатай хийсэн ярилцлагаас хүргэж байна.

Сансар огторгуй ер нь ямар харагддаг юм бэ?

Сансарт чинь хараад байхаар юм байхгүй. Хамгийн гол нь манай эх дэлхий. Эх дэлхий сансраас яаж харагдах вэ гэдэг л гол нь. Сансрыг өөрийг нь харна гэх юм бол өдөр бол хав харанхуй. Үнэн хэрэг дээрээ нөгөө тийшээ харах юм бол дэлхийн бөмбөрцөг өөрийнхөө өнгөөр харагдаж байгаа. Бусад нь бол харанхуй хөх юм л байгаа шүү дээ. Яагаад гэхээр нарны гэрлийг барьж ойлгох, нүдэнд үзэгдэхээр болгох юм байхгүй. Ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр, гүн шөнө гэрэл тусгалаа гэхэд ялаа нисээд өнгөрөхөд л харагдана. Түүн шиг л бид сансрын хөлөг, хиймэл дагуул явж байна гэж харж байгаа нь түүнд ойсон гэрлийг нь харж байна гэсэн үг. Тийм учраас гэрэл ойгоогүй хэсэгт бол харанхуй.

Нарны аймгийн есөн гараг ялгарч харагдах уу?

Бодитой гэрэл ойлгож байгаа юмнууд харагдана. Миний хардаг од бол нар шүү дээ. Сар бол шөнийн цагаар л харагдана. Бид ялгаж чаддаг болчихсон байгаа учраас Буд гараг тийм одны ордонд байна гээд ялгана. Гэхдээ холынхыг нь харахгүй. Манай дэлхийтэй ойрын гурван гараг буюу Нар, Сар, Дэлхий, Марс, Юпитер, Сатурн гарагууд бараг од шиг л харагдана.

Сансраас эх дэлхийгээ харахад танд юу бодогдож байв?

Сансраас манай дэлхий үнэхээр сайхан харагдана. Монгол хүний хувьд миний уулга алдаж анхны бодсон бодол бол уяхан цэнхэр замбуулин, уяхан замба тив гэж манай эцэг өвгөд яаж ингэж нэрлэв ээ. Яагаад? Үнэхээр тэндээс харсан хүн л тэгж хэлэхээр тийм яргуй шиг сайхан зөөлөн цэнхэр гараг байж байгаа. Дэлхийн бөмбөрцөг маань тийм гоё өнгөтэй харагддаг. Би тэр үед бодож байсан. Энэ тухай олон ч дахин ярьсан. Үнэхээр уяхан замба тив гэдэг энэ үг хүний санаа сэтгэлд бууж ирэхээр тийм тохиолдол тэндээс харахад л төрмөөр юм даа гэж. Олон зууны өмнөөс манай ухаалаг монголчууд уяхан замба тив гэж нэрлээд дуулж ирсэн шүү дээ.

Өвөг дээдэс маань сансраас эх дэлхийгээ харж байсан юм биш байгаа гэж бодогдож байна шүү Монгол ялгарч харагдах уу? /инээв/

Сансраас харахад бол хил хязгаар гэж байхгүй шүү дээ. Хүн бодохдоо Монгол Улсыг Гүрбазарын хэлдэгчлэн дэлгэсэн тэрлэг шиг юм байж байгаа гэж төсөөлдөг юм. Сансраас харахад бол хуурай газар, далай тэнгис л ялгарч харагдана. Ер нь Монгол Улсыг таньж мэдэх хэд хэдэн ориентир бий. Байгал нуур өнгөрвөл манай нутаг руу орно. Баруун талаар орж ирэх юм бол Увс нуур. Хоёрхон минутын нислэг шүү дээ.

Монголын нутаг дээгүүр хоёрхон минут л нисдэг гэж үү?

Тийм ээ. Мориор давхиад баршгүй өргөн уудам нутагтай гэдэг маань сансрын хөлгөөр бол хоёр минутын л нислэг. Монголын Алтайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уул харагдана. Томоохон нуурууд болох Увс, Буйр харагдана. Хөлгийн бүхээг дотор глобус байдаг. Яг явж байгаа газрыг глобус эргээд 90 км-ийн нарийвчлалтай гаргана. Тэндээс ялгаж харж болохоор юм гэвэл томоохон хэмжээний уул нурууд, том нуурууд. Шөнийн цагаар бол газар дээр байгаа гэрэлтэй юмнууд л харагдана. Манай дээр бол цөөхөн бүдэгхэн гэрэл бий дээ. Хоёр гуравхан хот шүү дээ. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар харагдана. Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг тодорхойлох гэж 3 дугаар сарын 26-нд “Улаанбаатар” гэдэг туршилт хийсэн юм. Миний хөтөлбөрт ч байсан. Агаарын бохирдлын хэмжээ ямар байгааг хэмжихийн тулд 26-ны шөнө Улаанбаатар хотыг гэрэлтүүлж өгсөн. Зайсан зэрэг хотын гол хэсгүүдээр гэрэл асааж Зөвлөлтийн цэргийн ангийн том прожекторууд тусгаад Болгарын Спектр-15 багажаар хотын агаарын бохирдлыг тодорхойлсон. Тэр үед бохирдлын хэмжээ өндөр боловч талбай нь дөрвөн уулынхаа дунд өчүүхэн бага байсан. Одоо бол өөр тоо гарна л даа.

Та жингүйдлийн орчинд чүдэнз зурж үзэв үү?

Чүдэнз зурж байгаагүй. Гэхдээ яаж асахыг бол мэднэ.

Яаж асах вэ?

Анхны сансрын нисэгчдээс сургуулийн хүүхэд асуусан гэдэг шүү дээ, энэ асуултыг. Жингүйдлийн орчинд чүдэнз зурвал дөл нь ямар байх вэ гэвэл модныхоо үзүүр дээр бөмбөг шиг зүйл байх ёстой.

Сансрын уудамд хөлөг юугаар ажиллаж явах вэ?

Сансрын хөлөг өөрөө л явж байдаг юм. Тийм л энерги инерцийг сансрын хөлөгт өгч байна. Тэнд саад болох юм байхгүй. Тийм учраас өөрөө л шидсэн чулуу шиг дэлхийг тойроод эргээд байна. Нэмж хөдөлгүүр ажиллах шаардлага байхгүй. Хөдөлгүүр бол буцаж бууж ирэх, заллага жолоодлого хийх, ориентаци хийхийн тулд хэрэгтэй. Тийм учраас онгоц шиг хөдөлгүүрээ ажиллуулна гэсэн зүйл байхгүй.

Тэрийг л гайхаад байгаа юм.

Сансрын хөлгийн хурданд үйлчилгээ үзүүлэх юм байхгүй. Чулуу шидчихлээ гэхэд дэлхийн татах хүч доош нь татаад ирнэ. Агаарын үрэлтийн хүч үрж дээш явуулахгүй саад болно. Тэнд чинь тийм үйлчлэх хүчнүүд байхгүй учраас жингүйдэл гэдэг юманд орчихдог нь тэр юм. Ямар ч саад хийх юм байхгүй учраас анхны авсан тэр хурдаараа явна. Анх дэлхийгээс гарахдаа 20 сая морины хүчтэй хөдөлгүүр 9 минутад дэлхий орчмын тойрог замд оруулсны дараа 8 км/ сек хурдтай явна. Ер нь гайхаж биширмээр юм бол хүний оюун ухаан шүү дээ...

Үргэлжлэлийг та бүхэн Зиндаа сэтгүүлээс уншаарай.



 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(188.64.247.34) 2017 оны 07 сарын 25

ene hvn dandaaa ard tvmniig uyaraah komnist setgelgeenii elii balai oilgomjtoi yum chalchih yumaaa. . mongoliin sansar sudlal hiimel daguul ashiglah . ydaj l tom tom orduudaa horsoliig ni togtoogood irsen bol yu gej oyutolgoi erdenet lugaa mongoliinh baih bailaaa. .. . 1 tiim chatsargana idej yvaad irsen sansart idvel yg taarah hvns ch geh shig. .... demiireed zailaaaaaa.. yadahad nam gej hoshgirood . 4 jil mongol tvmneer togolchihson sansariin tuulai

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 07 сарын 25

goe sonitholto yumaa GURRAGCHAA guiad hamgiin sain saihaniig huse

0  |  0
Top