Нарыг унтрах хүртэл амьдарч чадах цор ганц амьтан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

Нарыг унтрах хүртэл амьдарч чадах цорын ганц амьтныг эрдэмтэд тодруулжээ.Энэ бол Тардигрэйд хэмээх усанд амьдардаг бичил биетэн аж. Уг биетний хамгийн том нь 0.5 мм хэмжээтэй байдаг байна. Найман хөлтэй уг амьтныг усны баавгай ч гэж нэрлэдэг юм байна. Уг амьтныг хамгийн анх 1773 онд Германы зоологич Иохан Аугуст Эфрайм Гёце нээж байжээ. Энэхүү нээлтээс хойш гурван жилийн дараа Италийн биологич Лаззаро Спалланзани бичил биетэнд удаан алхагч хэмээх нэрийг өгч байсан байна. Энэ бичил биетэн нь хэт халуун, хүйтэн ямар ч орчинд амьдрах чадвартай аж. Тухайлбал, энэ биетэн далайн ёроол, уулсын орой, халуун орны ширэнгэ, Антарктид гээд хаа сайгүй амьдардаг байна. Түүнийг бүүр сансарт ч амьдрах чадвартай гэдгийг тогтоожээ. Scientific Reports сэтгүүлд Оксфорд болон Харвардын астрофизикчдийн хамтарч хийсэн судалгааны тайлан нийтлэгдсэн байна.

Тус нийтлэлд манай дэлхийд учирч болох бүх гамшгийн үр дагаврыг тооцоолсон бичжээ. Уг тооцооллоор дэлхийд тохиолдсон ямар ч гамшгийн үед далайн ус ууршиж, бүрэн хуурай болохгүй гэнэ. Тухайлбал, сансрын ямар ч үзэгдэлд түүн дотор астероидын мөргөлт, супернова үзэгдэл, сансрын гамма цацрагийн тархалт болоход далайн ус бүрэн хатаж алга болохгүй аж. Ингэж дусал усгүй болгож чадахуйц сансрын томоохон биетүүд байдаг ч тэд дэлхийтэй мөргөлдөх боломжгүйг тооцоолжээ. Харин эдгээр гамшгийн аль ч тохиолдолд, бүх амьд организм устаж үгүй болсон ч усанд үлдэж чадах амьтан нь дээрх "Тардигрэйд" гэнэ. Энэхүү амьтан нь 10 тэрбум жил буюу нарыг унтрахад л устаж үгүй болох цорын ганц амьтан болж байгаа аж. Энэ биет нь дотроо олон төрөлтэй бөгөөд зарим нь ургамал, бактериар хооллодог байна. Мөн нөгөө хэсэг нь каннибализм буюу өөрийн ижил төрөл зүйлийг иддэг гэнэ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top