Д.Ганбаяр: Бид үерийн голомт дээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

Өчигдөр Нийслэлд түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд үерийн аюултай нөхцөл байдал үүссэн. Үерийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэжээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын албаны хэвлэл мэдээллийн ажилтан Х.Бурмаагаас тодруулахад “Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид алга болсон таван настай хүүхдийг эрэн хайж шөнийн 00:20 цагт цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн” гэлээ.

СХД 21-р хорооны засаг дарга Д.Ганбаяр нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид үерийн голомт дээр ажиллаж байгаа” гэв. Хохирлын хэмжээг одоогийн байдлаар тогтоогоогүй байгаа аж.

Он гарсаар долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14 аймгийн 40 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 60 удаагийн усны осол гарчээ. Үүний улмаас 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 13 нь хүүхэд, 61 нь насанд хүрэгсэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа аж. Түүнчлэн Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Тиймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top