БРАВО: НАТО-гийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээнд 34 дэх удаагаа болоход тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршийн замд германы болон олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчилжээ.

Энэ оны 7 дугаар сарын 8-нд  болсон уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгын бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай мэдээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээллээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм залуустаа "ZINDAA.MN" сайтын зүгээс талархал илэрхийлж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.173) 2017 оны 07 сарын 26

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top