Цуврал алуурчин алиалагчийн гараас амь гарсан гэр бүл

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Олон жилийн өмнө бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй залуухан хос Калифорни мужид өөрсдийн хувийн байшиндаа амьдардаг байв. Нэгэн удаа залуухан хосууд бие, биедээ цаг зав гаргаж чадахгүй байгаагаа ухаарч, ажлаа хойш тавин оройн зоог барихаар ресторанд захиалга өгчээ. Улмаар хүүхэд асрагч хөлсөлж хүүхдүүдээ харуулахаар болов.

Хүүхэд асрагч удалгүй ирж гэрийн эзэд түүнд хүүхдүүдийн оройн хоолыг бэлдэж өгөөд цагт нь унтуулахыг захиад гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хэлээд болзоондоо гарчээ.Төд удалгүй асрагч хүүхдүүдэд оройн хоолыг нь идүүлээд  хүүхдүүдийг оронд нь оруулаад үлгэр уншиж өгөв. Хүүхдүүд ч гүн нойрондоо автаж, хүүхэд асрагч бүх гэрлүүдийг унтраагаад эцэг эхийнх нь унтлагын өрөөнд орж зурагт үзэхээр тухлан суулаа. Гэтэл гэнэтхэн өрөөний буланд аймшгийн царайтай алиалагчийн хөшөө байгааг хараад золтой л амьсгал хураачихсангүй. Тэрээр тоохгүйг хичээсэн ч нүднийх нь буланд алиалагчийн хөшөө харагдсаар л байлаа. Цаг, минут, секунд өнгөрөх тусам алиалагчийн хөшөө түүн рүү ойртоод байх шиг санагдсан тул доод давхар луу буужээ. Улмаар гэрийн эзэд рүү хэд хэдэн удаа залгасны эцэст арай гэж нэг утсаа авлаа. Асрагч “Байна уу? Байна уу? Би байна аа асрагч. Бүх зүйл зүгээрээ хүүхдүүд орондоо ороод унтчихсан. Нэг зүйл асуух гэсэн юм аа. Би та хоёрын унтлагын өрөөнд зурагт үзэж байгаад өрөөний буланд нэг алиалагчийн хөшөө байгааг харлаа л даа.Тэрийг та хоёрын өрөөнөөс түр гаргачихаж болох уу. Би жоохон айгаад байна аа” гэв. Гэрийн эзэн “За чи хүүхдүүдийн өрөө рүү ороод тэдний хувцсыг өмсгөөд байшингаас хурдан гар. Би цагдаа руу залгачихъя. Учир нь манайд алиалагчийн хөшөө байхгүй. Бид хоёр тун удахгүй очлоо” гэж хэлээд утсаа тасалжээ. Асрагч хэсэг шоконд орж зогссоноо дээд давхар луу гарч хүүхдүүдийг хувцаслаад байшингаас хар хурдаараа гүйн гарав. Удсан ч үгүй гэрийн эзэд цагдаа нартай зэрэг шахуу ирж хүүхдүүдээ тас тэврэн зогслоо. Тэр хооронд цагдаа нар байшин руу сэмхэн нэвтрэн ороод хэсэг хугацааны дараа гартаа хутга барьчихсан алиалагчтай цуг гарч ирэв. Баривчлагдсан алиалагчийн хувцас, нүүрний баг гээд бүх юм нь яг л хөшөө мэт байжээ. Тэрхүү алиалагч бол тухайн үед Калифорни мужид болсон долоон цуврал аллагын эзэн байв. Цуврал алуурчин алиалагч өдрийн цагаар айлууд руу нууцаар нэвтэрч шөнийн цагаар ил гарч ирдэг байсан  аж. Ихэнх тохиолдолд хүүхдүүдийн өрөө рүү ордог байсан байна. Азтай ч гэмээр тохиолдлоор түүний гараас амь гарч чадсан хүүхдүүд аав, ээждээ алиалагчийн тухай хэлэхэд “Чи зүгээр л хар дарсан байна” гэж хэлээд өнгөрдөг байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top