М.Мөнхгэрэл: Зөрчлийн тухай хуулийн 90 орчим хувийн торгуулийн мөнгөн дүн буурсан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

Зөрчлийн тухай хууль батлагдан энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг уг хуулиар зүйлчлэн арга хэмжээ тооцохоор болсон юм. Энэ тухай Замын цагдаагийн албаны “Урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчлийн хуулиар зүйлчилсэн. Энэ нь хуучин хуулиа дахин боловсруулсан уу?

- Зөрчлийн тухай хууль батлагдан энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг уг хуулиар зүйлчилсэн. Замын хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль 2015 онд батлагдаж байсан. Үүнд дүрэм зөрчсөн жолоочид  хүлээлгэх хариуцлага буюу 54 зөрчлийг тусгасан юм. Мөн даатгалын тухай хуульд  энэ зөрчлүүдийн зүйл заалтууд багтдаг байсан. Харин эдгээр зүйл заалтуудыг Зөрчлийн тухай хуульд  нэгтгэн, зохицуулдаг болоод байгаа юм. Хуульд хоёр заалт  шинээр нэмэгдсэн.

- Шинээр нэмэгдсэн зүйл, заалтын тухайд?

- Нэгдүгээрт зам тээврийн осол гаргаад зугтсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй хэмжээнд байвал зуун нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох заалтыг нэмсэн. Тухайлбал, машин шүргээд зугтах, явган зорчигчийг хөнгөн байдлаар бэртээх зэрэг орно. Мөн иргэд санамсар болгоомжгүйгээсээ болоод осол гаргадаг. Энэ осол нь хэрэв эрүүгийн хариуцлага хүлээхээргүй хэмжээнд,  жолоочийн буруутай гэдэг нь батлагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэмж торгууль төлөлгүй, хохирогч талд  чирэгдэл учруулалгүйгээр ярилцан тохиролцож болно. Хоёр дахь заалт нь зам тээврийн осол гаргаад эрүүгийн хариуцлага хүлээхгүй нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд  жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагад нь эрүүгийн хэрэг хүлээлгэхээргүй зам тээврийн осол байгаа тохиолдолд юм. Энэ нь зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 18-р зүйлийн 51-т заасан байгаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчлийн тухай хуульд нэгтгэсэн нь ямар талаараа онцлог болов?

- Энэхүү хууль жолооч нарын талд батлагдсан гэдгээрээ онцлог. Өмнө нь жолоочид ноогдуулж байсан торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг байсан. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний таван хувь, арван хувь гэх мэт. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тусам торгуулийн хэмжээ өсөж байсан юм. Харин энэ удаа зөрчлийн тухай хуулинд торгуулийн хэмжээг нэгжээр тооцох болж, нэгдсэн үнийн дүнд оруулж өгсөн.Тухайлбал, 200 нэгж гэхэд 200000 төгрөг гэж тооцож байгаа. Энэ нь өмнөх хуулийн мөнгөн торгуулиас бага. Ганцхан жишээ дурдахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хасч, 480 мянган төгрөгөөр торгодог байсан. Тэгвэл энэ шинэ хуулиар согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараар хасдаг болсон. Бусад зүйл заалтын хувьд ч өмнөх хуулиасаа давуу. Ерөнхийдөө зөрчлийн тухай хуулийн зүйл заалтын 90 орчим хувийнх нь торгуулийн мөнгөн дүн буурсан. Зөрчил бүрийг нарийвчлан авч үзсэн.

- Зөрчлийн тухай хуулийг жолооч нар хэрхэн хүлээж авч байна?

- Жолооч нараас  эсэргүүцсэн ямар нэгэн санал сэтгэгдлүүд ирээгүй. Хуулийн хэрэгжилт сайн байгаа.

- Энэхүү хуулийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

- Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор алба хаагч нарын ашигладаг шалгах багажийн системийг шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Энэ хуулийг иргэдэд таниулах чиглэлээр ЦЕГ болон Прокурорын газраас сургалт, сурталчилгаа явуулж байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enh bayr dalai (202.70.46.221) 2017 оны 07 сарын 30

yostoi saihn huil bat.talsan ajilin amjilt hvsye tor uls min tuwshim amgaln baij tumun olon min bayr huruur dvren. baih bolttgui.

0  |  0
ddd(202.70.46.218) 2017 оны 07 сарын 29

hezeenii medee be

0  |  0
Top