290 ЖИЛИЙН ТҮҮХТ АРВАЙХЭЭР

Наадмын талбайн торгон ногоон зүлгэн дундуур талд есөн унага цахилж, улаан эмжээртэй усан цэнхэр малгай, нөмрөг өмсөж, өөрсдөдөө таарсан жижигхэн ташуур эргүүлсэн уралдаанч багачуудын бүжгийн хэсэг наадамчин олны сэтгэлийг утсыг хөндөж, уяхан зарим нь баяр, бахархал, өхөөрдлын нулимстай зогслоо.

Нар хур тэгширсэн зуны дунд сарын билэгт сайн өдрүүдэд төв халхын голомт, эх орны зүрхэн нутаг өврийн сайхан хангайд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж байна. Мөн энэ өдрүүдэд их ойн хамт “Арвагар хээрийн их хурд-2017” хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн цогцолбор”-ын 10 жилийн ой тохиож байгаа юм.

Баяр наадмын нээлтийг Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү найруулжээ. Тэрбээр “Өвөрхангайчуудыг, Арвайхээрийнхнээ үүх, түүхээ мэдэж, үеийн үед үр хойчдоо хэлдэг байгаасай гэж бодсны үүднээс их ойн баяр наадмын нээлтийг гурван хэсэгт багтаан найрууллаа. Хамгийн эхэнд Арвайхээр хот Арвайн хүрээнээс үүсэж хөгжсөн Сайн ноён ханы Цэрэндаш гүнтэн энэ газрыг хэрхэн сонгосон, ямар ариун дагшин нутаг вэ гэдгийг харуулахыг зорилоо. Дараагийн хэсэгт алдарт Арвайн тал, Арвагар хээр морины тухай,ядуу малчин Гомбын охин Цэцэнбэр тэрхүү домогт хурдан хүлгийг яаж таньсан талаарх түүхийг өгүүлж,  энэ нутгаас Арвагар хээр шиг олон сайхан хурдан ажнай төрөн гараасай хэмээн бэлгэшээж, есөн унаган давхиуллаа. Аливаа юмны бага нь эгдүү байдаг шүү дээ. Гуравдугаарт Өвөрхангай аймгийн түүх соёл, энэ ойн тухай ярихад Өндөр гэгээн Г.Занабазарыг ярихгүй байж болохгүй, Сайн ноён хан Т.Намнасүрэнгээ, П.Гэндэн сайдаа магтахгүй байж болохгүй билээ. Энэ сайхан хүмүүсээ бэлгэдэл болгон харуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Баяр наадам сайхан болж байна. Манай уран бүтээлчид маш чадварлаг байлаа” хэмээн өгүүлсэн.

Тэртээ 1727 онд Агь үйзэн вангийн хошууны хүрээ Арвайхээрийн хүрээ буюу Сайн Ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошууны гол хүрээ хийд болох Арвайхээрийн хүрээ анх байгуулагджээ. Бүтэн хоёр зуун, нэгэн ерэнийг дамжсэн урт домог, түүхтэй, олон эрдэмтэн мэргэний гэгээн номын авшиг оршсон энэ л нутагт Арвайхээр сум үүсэн байгуулагдаж байжээ.

Я.СОДБААТАР: Ойн хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ

УИХ-ын гишүүн

Арвайхээр хотод олон чухал үйл явдал давхцаж байна. Арвайхээр хо үүсэн байгуулагдсаны түүхт 290 жил, Арвагар хээрийн их хурд-2017” хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн цогцолбор”-ын 10 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Их ойдоо зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь халхын их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтохынхоо хөшөө дурсгалыг бүтээж, аймгийн Спортын ордныг энэ эрхэм хүний нэрэмжит болголоо. Агь үйзэн вангийн хошууны хүрээ Арвайхээрийн хүрээ хэмээн байгуулагдаж байсан олон эрдэмтэн мэргэд сууж судар ном барлаж байсан түүхтэй энэ нутгийн суурин дээр өнөөгийн Арвайхээр хот байгуулагдсан. Ойн хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ. Мөн нэлээн олон бүтээн байгуулалтыг хийхээр ажиллаж байна. Манай аймаг баруун аймгуудыг холбосон дэд бүтцийн гол төв, хөдөө аж ахуйн үйлдвэрийн анхан болон дунд шатны цэг байхыг зорьж байгаа. “Ноос ирээдүй” компани байна. БНХАУ, АНУ, Монгол Улсын хамтарсан махны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Түүхт ойгоо их амжилт, бүтээн байгуулалтаар угтаж байгаа нутгийн зон олондоо баяр наадмын мэнд хүргэе.

 

Г.Ганболд: Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор үнэлүүлсэн сайн амжилтаар түүхт ойтойгоо золгож байна


/Өвөрхангай аймгийн Засаг дарга/

-Өвөрхангайчууд бид түүхт ойгоо угтаж бүтээн байгуулалтын ажлуудыг хийлээ. Энэ бүтээн байгуулалтад байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн уугуул иргэдээс эхлээд айл өрх бүр оролцлоо. Бид 10 жилийн өмнө Арвайхээр хотын түүхт 280 жилийн ойг тэмдэглэж байсан. Түүнээс өнөөдрийг хүртэл манай хотын нүүр царай өөрчлөгдөж, олон бүтээн байгуулалт өрнөсөн эдгээр амжилтаа Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор үнэлүүлсэн сайн амжилтаар түүхт ойтойгоо золгож байна.

Өвөрхангай бол мал аж ахуйн аймаг. Малын гаралтай түүхий эдийн томоохон үйлдвэр барих зорилтыг дэвшүүлж “Ноос ирээдүй” компани ажиллаж байна. Одоохондоо ноос угааж байгаа, цаашид ээрэх, сүлжих гэх мэтээр төрөлжүүлэн ажиллаж олон иргэнийг ажлын байраар хангах зорилготой. Аймгийн зургаан суманд сүүний үйлдвэр ашиглалтад орно. Мөн махны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Манай аймгийн эдийн засгийн хамгийн том салбар бол аялал жуулчлал. Жуулчдад үзүүлэх сайхан байгаль байгаа ч тэднийг татах эвент, арга хэмжээ хомс. Тиймээс саяхан “Торгоны зам-Хархорин” томоохон үйл ажиллагааг зохион байгуулахад гадна, дотны жуулчид өргөнөөр оролцлоо. Ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж жуулчдыг татах нь аймгийн, цаашлаад улс орны аялал жуулчлалын бодлого байх ёстой гэж боддог.

Арвайхээр хотын түүхт 290 жилийн ойн баяр наадам маргааш хүчит бөхийн барилдаан, соёолон насны хурдан хүлгийн уралдаанаар үргэлжилнэ. 




 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )