Алдарт зэвсгийн наймаачин В.Бут: Хамгийн сүүлийн Ту онгоцоо Москвагийн мэр Ю.Лужковт зарж байлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

Зэвсэг хууль бусаар наймаалсан гэсэн үндэслэлээр АНУ-д хоригдож буй Виктор Бут “Коммерсантъ” сонинд ярилцлага өгчээ. Тайландаас АНУ-д шилжиж, Нью-Йоркт хоригдсоноос  нь хойш сэтгүүлчид түүний тухай мэдээллийг гуравдагч этгээдээс авч байсан юм. Тэрбээр ярилцлагадаа зарагдсан онгоцнуудын нэгнийх нь эзэмшигч Москва хотын экс мэр байсан гэдгийг баталж өгчээ. Мөн эхнэрийнхээ ярьж байсан “ганцаарчилсан камерт хоригдож байгаа, зохистой хооллох боломж олгоогүй (В.Бут цагаан хоолтон), гадаад ертөнцийн мэдээллийг радиогоор л авч байна” гэсэн яриаг үнэн гэж өгүүлсэн байна. Холливуд түүний тухай уран сайхны кино хүртэл бүтээсэн бөгөөд гол дүрд нь Николос Кэйж тоглосныг уншигчид санаж буй биз ээ.


 

 

-АНУ таны өмгөөлөгчийн данснуудыг хэзээ ч хаахгүй байх эрх олгосон гэсэн мэдээлэл цацагдсан. Одоо та өмгөөлөгчдөө мөнгө төлөх боломжтой. Тэгэхээр, таны өмгөөллийн зардлыг хэн төлөх вэ?

-Би эдгээр хөрөнгө хаанаас  ч, хэнээс  хулгайлагдаагүй гэдгийг эхлээд хэлъе. Энэ мөнгөний зарим нь ОХУ-д байсан зарим нэг хөрөнгөө зарсны дүнд цугларсан юм.   

-Орост таны бизес байгаа юу?

-Үгүй дээ. Бүр эртнээс байхгүй болгосон. Би эхлээд хуучин ЗХУ-ын үед үйлдвэрлэгдсэн хуучин онгоцнуудыг зардаг байлаа. 2001 он хүртэл онгоцны наймаа эрхэлсэн. Хамгийн сүүлийн Ту онгоцны нэгийг 1999 онд Москвагийн мэр Ю.Лужковт зарж байлаа. Тэр онгоц одоо болтол нисч байгаа гэдгийг би мэднэ. Харин сүүлд Москвад буцаж ирснийхээ дараа би өөр бизнесээр оролдож эхэлсэн юм. Хөдөө аж ахуй, газар тариалан, плитаны үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа худалдан авах гээд л. Харин одоо энэ мөнгөө л хэрэгт зарцуулна даа.     

 

-Та хууль зүйн тусламж үзүүлэхийг ОХУ-ын эрх баригчдаас нэг бус удаа хүсч байсан. Ямар нэг хариу авсан уу?

-Би бүр Тайландад байхдаа л энэ хүсэлтийг тавьж байсан шүү дээ. Гэтэл дараа нь намайг АНУ улстөрийн зорилгоор  шилжүүлж авах гэж шуурхай ажиллаж эхэлсэн. Энэ тохиолдолд надад ОХУ-ын зүгээс тусламж ирнэ гэж итгэхэд хүнд болсон. Би Тайландад байхдаа ОХУ-ын ЭСЯ-нд хоёр ч удаа хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлт Гадаад харилцааны яаманд очсон гэдгийг ч би мэдэж байна Нью Йорк дахь ОХУ-ын консул миний тухай асуудлаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл надад байна. Гэтэл одоо хүртэл надад хариу ирээгүй л байна.

-АНУ, Тайландын шоронгийн ялгааг хэлж өгөхгүй юу?

-Тайландын шоронг амьтны хүрээлэнгийн галзуугийн эмнэлэг гэж хэлж болно. Тиймээс Нью-Йоркт шилжиж ирэхэд хэдийгээр гавтай байсан ч гэсэн шүршүүр бүхий ганцаарчилсан камер нь таван одтой зочид буудал шиг л санагдсан. Тайландад нэг өрөөнд 35-уулаа хоригдож байсан бөгөөд өглөө эртлэн босч хамгийн түрүүнд шүршүүрт орохгүй л бол хэрэглэж амжихгүй үлдэнэ гэсэн үг. Мөн хамар хамраа нийлүүлэх шахан байж унтдаг болохоор хэн нэгэн нь өвдөж гэмээ нь бүгдэд халдах гэмтэй байлаа. Гэхдээ цай чанаж, харгалзагчаас гуйж байгаад дэлгүүрээс юм авахуулчих боломж гардаг юм билээ. Харин энд бол хаалттай камер, ном унших эрх байхгүй. Цай чанаж болохгүй, халуун ус л байна. Бас зохистой хооллох боломж үгүй. Би цагаан хоолтон, гэтэл шоронгийн дэлгүүрт ногоо цагаа байхгүйтэй адил юм. Гадаад ертөнцийн мэдээллийг тэндээс хдалдаж авсан жижиг хүлээн авагчаараа л авч байна даа.        

 -Та үнэгүй өмгөөлөгчөөс татгалзсан. Яагаад ингэх болов?

-Миний өмгөөлөгч надад төлөвлөсөн ялыг хөнгөрүүлэх биш, бүр үгүй болгоосой гэж би хүссэн. Олон хэлээр ярьдаг, нэг хаалганд тоглох чадвартай ийм хүн олоход хэцүү ч бид олсон гэж бодож байгаа. 

-Таныг ОХУ-ын одоогийн эрх баригчидтай холбоотой гэж хэвлэлүүдэд нэг бус удаа бичсэн. Жишээ нь, Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин таны бизнесийн хамтрагч гэж…?

-Харамсалтай нь би тэднийг танихгүй. Танилцвал баяртай байх болно. Гэхдээ Оросын иргэн гэдэг утгаар тэд миний хувь заяанд анхаарч байгаад нь баярлаж байгаа.  Төрийн Думын гишүүд миний асуудлаар маргалдсаныг дуулсан. Үүнийг сонсоод би баярлахаас өөр яах билээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soongo(150.129.142.120) 2025 оны 03 сарын 13

хоншоортой л эр хүн байна шүү дээ, инээмсэглэл нь нэг юм хэлээд байна даа, хийсэн, хэргээ хүлээсэн, ялаа эдэлж байгаа, өөр юу хэрэгтэй юм бэ, ёстой эр хүн байна даа, супер, хүсэл нь биелэнэ байх аа,

1  |  0
Үзэгч(43.228.129.65) 2025 оны 03 сарын 13

Тэр кино нь Дайны Бурхан гээд тасархай кино бий дээ

1  |  0
Close menu