Белла Хадид: Би олимпид оролцож чадах байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

“TAG Heuer” брэнд модель Белла Хадидыг нүүр царайгаараа сонгосноос хойш 25-аас доош насны уг цагийг хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ. “ELLE” сэтгүүл Белла Хадидтай цөөн хором ярилцсаныг орчуулан хүргэе.

-Та цагийг юу гэж боддог вэ?

-Би бага байхаасаа л үргэлж завгүй байдаг байлаа. Сургууль, дасгал сургуулилт, морь унах гээд л. Миний нэг өдөр минутаар хэмжигддэг байлаа. Иймээс цаг гэдэг бол миний хувьд нарийн, төлөвлөгөөт зүйл. Ажилдаа хатуу мөрдөж байгаа зүйл минь. Гэхдээ амралтын өдрүүдэд бол цаг хэд болж байгааг ер хардаггүй.

-Анх ямар цаг зүүж байснаа санадаг уу?

-Санадаг шүү. Би тэр цагандаа их дуртай байсан. Дотроо морьтой байж билээ. Миний цаг дэлхийн хамгийн хөөрхөн цаг байлаа.

-Цагаа байнга сольдог уу?

-Тэгдэг дээ. Гоёл чимэглэл шиг л хэрэглэдэг дээ. Шинэ загвар болгоноос авдаг.

-“TAG Heuer”-ийн уриа нь “хүнд хэцүү цагт бууж өгөхгүй бай” гэсэн утгатай. Та үүнийг амьдралдаа хэр ашиглаж байна?

-Би бясалгаж, хөгжим сонсч, төвлөрөхийг хичээдэг. Гэхдээ би их энгийн хүн. Иймээс стрессээс хол байдаг даа. Хэцүү цаг үедээ би сэтгэл хөдлөлдөө авталгүй зүгээр л цаашаа хөдлөхийг хүсдэг.

-Хэрхэн амарч тайвширдаг вэ?                    

-Орон дотроо пицца иддэг. Бас найзтайгаа тэнэг кино үздэг /инээв/.

-Таныг хэн гайхан бишрүүлдэг бол?

-Кейт Мосс. Багаасаа үлгэр дуурайлал авсаар ирсэн модель минь. Тэр төгс бол биш. Гэхдээ түүний биеэ авч яваа байдал, ааш зан, бие хаа нь намайг дотоод эрх чөлөөгөө үнэлж явахад сургасан.

-Алдартай модель Белла Хадид байхын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?

-Хүмүүс намайг байнга шүүмжилж, хэлэлцэж, ялангуяа гадаад төрхийг минь шүүмжилж байхад дандаа л хэцүү байдаг. Үнэн хэрэгтээ чиний ямар хүн гэдэгт анхаарлаа хандуулдаг хүн бага шүү.

-Моделийн карьер хөөгөөгүй бол та ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Гэрэл зурагчин юмуу, мэргэжлийн морь унаач болох байсан. Би морь унах чадвараараа олимпид оролцож чадах байсан гэж боддог.

-Манай уншигчдад зөвлөгөө өгөөч?

-Өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Байгаа байдал, дутагдлууддаа ч дурла. Төгс байдал гэж байхгүй!

Белла Хадид морин спортоо орхиж, "Рио 2016" олимпийн наадамд оролцох мөрөөдлөө биелүүлж чадаагүй нь тэрбээр Лаймын өвчнөөр өвдсөнөөс болсон аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
айа(182.160.2.197) 2017 оны 08 сарын 02

Гэхдээ олимпод гэж бичихгүй гэж үү.

0  |  0
Top