Хараа голын гүүр нурах аюултай гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын II багийн нутаг дахь Хараа голын гүүрээр иргэд амь өрсөн зорчоод удлаа. Энэ гүүр 1991 онд ашиглалтад орсон, төмөр бетон хийцтэй бөгөөд 135 метр урт. Дархан сумын иргэдээс гадна Сэлэнгэ аймгийн Хушаат, Сайханы 250 өрхийн иргэд өдөр тутам түүгээр зорчдог аж. Тухайн орчимд ихэвчлэн газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүмүүс амьдардаг учир хөдөлгөөн ихтэй.

2011 онд гүүрний даацын долдугаар дам нуруу цуурч, хавтан нь зөрснөөр эвдрэл эхэлжээ. 2012 оноос нь гүүрийг засах шаардлагатай байгаа талаар аймаг, сумын удирдлагууд салбарын яам болон холбогдох бусад албанд хандаж эхэлжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газрынхан ч акт тавьж, даруй засвар хийх шаардлагатайг удаа дараа анхааруулж байжээ. Гэвч тус гүүрийг хаавал иргэд эмнэлэг, онцгой байдал гээд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх учраас өнөөдрийг хүртэл нээлттэй байлгаж байгаа гэнэ.

Өнөөдөр даацын тавдугаар дам нуруу нь цуурч, хавтан нь зөрсөн байгаа гэнэ. Түүнчлэн автомашин зорчих хэсгийн зам энд тэндгүй цөмөрч, гурван тулгуурын суурийн их бие нь эвдэрчээ. Аймаг болон сумын удирдлагууд хөдөлгөөнийг хязгаарлахгүйн тулд  цуурсан дам нуруун доор хавтан тавьж, бэхэлгээ хийх зэргээр жил гаруй аргацааж байгаа гэх. Мөн нэг урсгалын хөдөлгөөнийг хааж, таван тонноос илүү жинтэй техниктэй зорчихыг хоригложээ.

Гүүрийг засахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Гэвч “Тус гүүр улсын чанартай бус, орон нутгийн хэрэгцээнийх тул шаардлагатай хөрөнгийг аймгийн төсөвт суулгах ёстой” гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл шийдэж өгөөгүй байна. Өнгөрсөн хавар ЗТХ-ийн сайд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцах үеэр гүүрийг засах мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүйг хэлээд, Шадар сайдад энэ тухай уламжлана гэжээ.

Г.Хан

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top