Шүдний цоорлыг өндөгний хальсаар эмчилдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

Бид өдөр тутамдаа өндгийг хэрэглэдэг мөртлөө хальсыг нь тоолгүй олон арваар нь хог болгон хаядаг. Харин түүний ашиг шим дэндүү их ажээ. Өндөгний хальсыг хүмүүс шувууны тэжээл болгон хэрэглэж ирснээс гадна өөрсдийн эрүүл мэнддээ хүртэл эмчилгээний журмаар ашигласаар ирсэн байна.

Өндөгний хальсны ашиг тус, түүний найрлага

XX зууны дунд үеэс эхлэн Европын эрдэмтэд өндөгний хальсанд агуулагдах байгалийн гаралтай кальцийн талаар судалгаа явуулж эхэлсэн байдаг. Унгарын эрдэмтдийн явуулсан судалгааны үр дүнд өндөгний хальс нь байгалийн гаралтай кальцийн төгс эх булаг гэдгийг баталж, үүнийгээ ч баримт болгон цаасан дээр буулган үлдээсэн байдаг. 

Голланд, Бельги, АНУ-ын эрдэмтэд гэмтэл согог судлалын эмнэлэгт албан ёсоор туршилт, судалгаа явуулж өндөгний хальс гайхалтай шинж чанартай болохыг дахин баталжээ. Өндөгний хальсанд хурдан шингэх чадвартай кальци ойролцоогоор 93 хувь, мөн хүний биед зайлшгүй шаардлагатай фосфор, магни, цахиур, кали, натри, төмөр зэрэг агуулагддаг гэдгийг тогтоожээ. Эдгээрээс гадна өндөгний хальс нь кальцийн бэлдмэлтэй харьцуулахад түүнээс хэд дахин илүү ашиг тустай бодисууд болон аминхүчлүүдээр баялаг байсан аж. Мөн өндөгний хальсны найрлага нь хүний шүд болон ясны бүтэцтэй яг ижил байжээ.

Өндөгний хальсыг хэрхэн хэрэглэх вэ?

Өндөгний хальсыг хэрэглэхээр шийдсэн хэн бүхэн урьдчилан сэргийлэх зорилгоор жилдээ 2 удаа, 2-3 долоо хоног нь нэг курс болдог, өдөрт 1 цайны халбагыг хэрэглэх ёстой. Хүүхдэд 6 нас хүртэл нь өгөх ба хоолонд нь нунтаг байдлаар хольж өгнө. Тухайлбал зутан шөл, будаа, өглөөний цайнд нь 1.5-3 граммаар хольж өгснөөр олон төрлийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өндөгний хальсны нунтгийг хэрхэн бэлтгэх вэ?

Нунтгийг нь бэлтгэхэд хялбар бөгөөд зөв боловсруулж бэлдэх шаардлагатай. Шинэхэн өндөг сонгож хальсыг нь савантай бүлээн усаар сайтар угааж, дахин цэвэр усанд зайлаад, усанд хийж 5 минут хэртэй буцалгана. Ийнхүү чанасан өндөгний хальс нь ердийнхийг бодвол үйлчилгээ нь арай сул болдог. Ингэж бэлтгэсэн хальсаа хэдэн цагийн турш хатаагаад нунтаг болтол нь жижиглэж нухна.

Харин түүхий өндөгний хальсыг эмчилгээний хосгүй чанартай ч, хэрэглэх үед сальмонелын халдвараар өвчлөх өндөр эрсдэлтэй гэж Бельгийн мэргэжилтнүүд үздэг бөгөөд хэрэв түүхий өндөгний хальс хэрэглэх гэж байгаа бол аюулгүй байдлаа хадгалах үүднээс эрүүл, гэрийн нөхцөлд тэжээдэг тахианы өндөг хэрэглэхийг зөвлөдөг. Түүхий өндөгний хальсыг хэрэглэхийн тулд өндгийг савантай бүлээн усанд сойзоор сайтар угаагаад, 1 аяга усанд 1 цайны халбага хүнсний сода байхаар тооцож буцламгай халуун содатай усанд 30 минут байлгаад, 50 хэмийн халуунтай шарах шүүгээ эсвэл тасалгааны хэмд хатаана. Нунтаглаж бэлтгэсэн хальсаа битүүмжлэл сайтай, шилэн саванд хийж харанхуй, хуурай газар хадгална.

Өндөгний хальсыг юу юунд ашигладаг вэ?

1.Олон төрлийн өвчнийг эмчилдэг

Өндөгний хальсыг хэрэглэх нь шүдний цоорол, ясны сийрэгжилт, нуруу сээрний өвчлөл, буйлны үрэвсэл, харшил зэрэг өвчинд тустай. Хэрвээ та багтраа өвчтэй бол өндөгний хальсыг хэрэглэснээр уг өвчнийг эмчилж болдог. Мөн 12 хуруу гэдэсний шархлаанд өндөгний хальсыг хэрэглэдэг ардын эмчилгээний арга ч бас байдаг. Түүнчлэн өндөгний хальсыг түлэнхийнд, суулгалт, ходоодны шарханд, давсаг болон бөөрний чулууг жижиглэж бутлах зорилгоор хэрэглэдэг.

Ясны бэртэл хугарлыг эдгээхийн тулд өдөрт 3 удаа, өндөгний хальсны нунтгаас 1 цайны халбагаар хэрэглэнэ. Хэрэглэхдээ усанд эсвэл цайнд, ер нь ууж болох юу л байна, түүндээ хийж хэрэглэх ба нунтаг хальс нь аяганы ёроолд туналгүй, хөвдөг. 14 хүртэлх насны хүүхдүүд ингэж бэлтгэсэн цайг өдөрт 2 удаа хэрэглэвэл тохиромжтой.

-Ясны сийрэгжилтийн үед курс эмчилгээ явуулах шаардлагатай тул жилдээ нэг удаа, 3-4 долоо хоног, өдөр бүр хоол идсэнээс 10-20 минутын дараа ½ цайны халбагаар сүү, тараг, шүүсэнд хольж хэрэглэнэ. Мөн давс, хальсны харьцааг 1:2 байхаар хольж хэрэглэж болох тул өдөрт уг холимогоос 1 цайны халбагыг хэрэглэнэ.

-Түлэнхийнд содыг хэрэглэдэг ч өндөгний хальс түүнээс илүү үр дүнтэй гэнэ. Түлэгдсэн бол 2.5 цайны халбага өндөгний хальсны нунтгийг 1-1/2 аяга сүүнд хольж ууна. Түлэнхийг бүрэн эдгэртэл өдөр бүр уух шаардлагатай учраас 6-8 сарын турш хэрэглэснээр өвчин эдгэрэх шатандаа ордог.

-Ходоод өвдсөн үед 10 өдрийн турш, өдөрт 1 удаа цайны халбагаар ууж хэрэглэнэ.

2.Бие организмыг кальциар хангана

Өндөгний хальс нь байгалийн кальцийн эх үүсвэр бөгөөд бие организмын үйл ажиллагаа, эд эрхтний хөгжилд чухал үүрэгтэй. Кальци нь сода, гипс, шохойнд агуулагддаг ч өндөгний хальсанд бие организмыг бүрэн хангахуйц хэмжээтэй кальци илүүтэй агуулагддаг. Дашрамд дурдахад хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд бие организмаа кальциар бүрэн нөхөж, төрсний дараа кальцийн дутагдалд орохгүй байх үүднээс өндөгний хальсыг хэрэглэхийг зөвлөж байна.

3.Бага насны хүүхдүүд өндөгний хальс хэрэглэх нь ясны эдэд сайнаар нөлөөлдөг

Өндөгний хальс нь 6 хүртэлх насны хүүхдэд ашигтай бөгөөд биеийн ясны бүтцэд сайнаар нөлөөлдөг. Иймээс хүүхдэд зайлшгүй нэмэлтээр кальци хэрэглэх нь зүйтэй. Хүүхдийн хоолонд нь өндөгний хальсыг нунтаглан хийж өгснөөр цус багадалт, сульдаа, шүүдэст эмгэгшил зэргээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

-Хүүхдийн шүүдэст эмгэгшил буюу диатезыг эмчлэхдээ шинэхэн нимбэгний шүүс 1 амны халбага, ¼ цайны халбага өндөгний хальсны нунтагтай хольж уг холимогон дээрээ 1:1 харьцаатай байхаар буцалсан усыг хөргөж нэмээд хоолоо идсэний дараа, өдөрт нэг удаа хүүхэддээ уулгана. Уг эмчилгээг 1-3 сарын туршид тасралтгүй давтахад дахин шүүдэст эмгэгшил гарахгүй бөгөөд эмчилгээ хийх явцад харшил хөдөлгөх бүтээгдэхүүн өгөхгүй байхыг анхаараарай. 6 сараас ойтой хүүхдэд чимх нунтаг хэрэглэнэ.

4.Цацраг идэвхт бодисоос ангижруулна

Хүн болгон л хүрээлэн буй орчинтойгоо харьцдаг тул цацраг идэвхт бодисыг биедээ тодорхой хэмжээгээр агуулж байдаг. Харин энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж цацраг идэвхт бодисоос зайлшгүй ангижрах шаардлага гардаг. Иймд цацраг идэвхт бодисоос ангижрахын тулд өндөгний хальсыг өдөр бүр ¼ цайны халбагаар, хэдэн 7 хоногийн турш хэрэглэх ёстой.

5.Үс, хумсыг бэхжүүлнэ

Кальци нь гоё сайхан үс, хумстай байх нэг үндэс болдог. Хэрэв та үс хумсандаа анхаардаг л бол ядаж 7 хоногтоо нэг удаа ч гэсэн өндөгний хальс хэрэглэж заншаарай. Ингэхдээ 2 дусал загасны тостой 1/3 цайны халбага нунтагласан өндөгний хальсыг хольж хэрэглэнэ.

6.Цагаан хэрэглэл цайруулна

Цагаан өнгөтэй өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй байдаг. Өндөгний хальсаа сайн нунтаглаад уутанд хийж угаалгын машиндаа бэхлээд угаах цагаан өнгөтэй хувцас болон цагаан хэрэглэлтэйгээ цуг угаана.

7.Кофег илүү амттай болгоно

Сайхан амттай кофе ууя гэж бодож байгаа бол кофе чанагчийнхаа шүүлтүүр хэсэгт буталсан өндөгний хальснаас хийнэ. Кофе чанаж дуусахад гашуун амт амтагдахгүй. Учир нь кальци нь хүчлийг саармагжуулсан байдаг. Түүнээс гадна өндөгний хальс нэмснээр кофены өтгөн хэсэг нь аяганыхаа ёроолд тунаж үлддэг.

8.Гал тогооны сав суулгыг цэвэрлэнэ

Өндөгний хальсаа бутлаад халуун сав эсвэл данхандаа хийнэ. Данх, халуун савандаа тал хүртэл нь ус хийж сэгсрээд, хонуулна. Өглөө нь сав цэвэрхэн болсон байна. Уг аргыг усны хатуулгаас үүссэн бохир болон өнгөр арилгахад, мөн хайруулын таваг, шарах шүүгээний тавиур цэвэрлэхэд ашигладаг. Буталж нунтагласан хальсаа бохир тавиур дээрээ асгаад угаагч порлоноор үрж арчина.

9.Ногооны талбайд ашиглана

Өндөгний хальсыг угааж, хатаан нунтаглаж жижиглээд ногоо тарих талбайн хөрсөндөө холино. Нэг ам дөрвөлжин метр талбайд 100 ширхэг өндөгний хальс байхаар тооцно. Энэ арга нь ногоог тарих хөрсний хүчиллэг шинжийг бууруулдаг. Ялангуяа улаан лооль, өргөст хэмх, төмс тарих талбайн хөрсийг энэ аргаар бэлддэг. Нунтаглаж жижиглэсэн хальсаа ногооны талбай болон хашаандаа цацаад орхисон ч нялцгай биетнийг дайжуулах шидтэй.

10.Тасалгааны ургамлыг борддог

Өндөгний хальсаа жижиглэж усанд хийж хонуулаад энэ усаараа тасалгааны болон гадаах талбайн ургамлаа усална. Хальсанд агуулагдах ашигтай бодисууд нь сайн бордоо болдог.

Сануулахад,

Хэрэв боломжтой бол бөдөн шувууны өндөгний хальс хэрэглэвэл бүр сайн. Гэхдээ тахианы өндөг энгийн бөгөөд тохиромжтой сонголт. Галуу болон нугасны өндөг хэрэглэх нь сальмонелын халдвар авах эрсдэлтэй тул тохиромжтой бус.

Өндөгний хальсны өнгөний хувьд тийм ч ач холбогдолтой биш. Цагаан, бор аль нь ч байсан болно. Харин өндөгний хальсыг хорт хавдартай хүн хэрэглэхийг хориглодог байна.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.88) 2017 оны 08 сарын 07

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Sugar baavai(27.123.214.125) 2017 оны 08 сарын 06

Xeregtei zuwulguu

0  |  0
deme(202.70.46.222) 2017 оны 08 сарын 05

zia zia ene chini harin medmeer yum bn

0  |  0
Top