Ё.Дамчаабадгар: Олон улсын шүүгч болон бүжигчид миний бүжгийн явган суудал, цээжний хөдөлгөөнийг биширч байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

The 14th Seoul international dance competition  буюу “Сөүлийн Олон Улсын гоцлол бүжигчдийн 14-р уралдаан”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэн Ё.Дамчаабадгартай  ярилцлаа.  

Юуны өмнө Олон Улсын гоцлол бүжигчдийн XIV-р тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-The 14th Seoul international dance competition  тэмцээн уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Намайг Ёндон овогтой Дамчаабадгар гэдэг. 1995 оны дөрөвдүгээр сарын 17-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд  төрсөн. Энэ жил СУИС-ийг Бүжиг найруулагч дэглээчийн мэргэжлээр төгссөн. Одоо зорилгынхоо төлөө урагш тэмүүлж байна


Олон орны чадварлаг бүжигчид оролцдог тэмцээн гэсэн. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж өнгөрөв. Шүүгч нар хэр чанга байв?

- Өөрийгөө түрүүлсэн гэж итгээгүй. Маш хатуу чанга өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Нийт 14 оны 512 бүжигчин өрсөлдсөн. Тэмцээн энэ оны долдугаар сарын 17-23-ны хооронд болсон. Миний бие үндэсний бүжгийн төрөл буюу “Etnic traditional” төрлөөр оролцож тэргүүн байр эзэлсэн. Этник буюу үндэсний бүжгийн төрлийг харуулсан тэмцээн олон зохиогдоод байдаггүй. Энэ тэмцээн нь олон улсын шилдэг үндэсний бүжигчдийг хооронд нь өрсөлдүүлдэг, А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог. Жижиг тэмцээн гэж байдаггүй. Бүгд л чухал ач холбогдолтой тэмцээн болдог. А зэрэглэлийн тэмцээн болохоор зохион байгуулж байгаа түвшин, оролцогчдын чадвараас эхлээд маш их өрсөлдөөнтэй байсан. 512 бүжигчид юугаараа ялгаатай. Ямар өв соёл тээсэн болоод илүү байгаа юм бэ гэдгийг харуулсан тэмцээн байлаа. Тэмцээний давуу тал гэвэл шүүгч нар чанга, шударга байдлыг онцолмоор байна. “Etnik traditional” төрлийг Япон, Солонгос, Хятад, Америк, гэх мэт улсуудын зургаан шүүгч шүүж байсан. Энэ жил Монголоос шүүгч байгаагүй. 2016 оны тэмцээнийг Монгол Улсаа төлөөлж Хөгжим бүжгийн коллежийн багш МУСТА Хосбаяр багш маань шүүж байсан.  Ихэвчлэн миний өрсөлдөгч орны шүүгч нар шүүсэн. Тэмцээний дараагаар Хятад шүүгчтэй ярилцахад өөр улс үндэстнүүдийн бүжгийг өөрийн улсын бүжигтэйгээ харьцуулсан судалгааг маш их хийдэг нь ярианаас нь илэрч байсан юм.


Өрсөлдөгч нартайгаа хэрхэн харилцаж байв?

- Бүгд л өрсөлдөгч. Хэдий тийм ч бүгд эвсэг найрсаг, бие биендээ сайхан хандаж байсан. Оролцогчид тоглолтоо үзүүлээд гараад ирэхэд бусад нь баяр хүргэх жишээтэй. Намайг ялагч болоход бүгд найрсгаар хүлээн авч баяр хүргэсэн. Нэг Япон оролцогч надад “Ямар удаан сууж бүжиглэв, хөл чинь их өвдсөн үү” гэж асууж байсан. Мөн Гала тоглолтын дараа Францаас оролцож байсан охин “Хөл чинь их өвдсөн үү. Цээж гар чинь их сайн хөдлөх юмаа. Яаж ингэж бэлдэв” гэх мэт маш олон зүйлийг асуусан юм. Тэмцээний дараа шагнал авсан хүмүүсийг  хүлээн авалтад урьдаг. Тус хүлээн авалтын үеэр халуун дотно яриа өрнөдөг. Энэ үеэр шүүгч нар  “Монгол үндэсний хэв маяг буюу явган суулт, сууж байгаад биелгээ хийх. Хөл нь хөдлөхгүй хэрнээ дээдэх цээжин бие нь хэрхэн хөдөлж байгаа. Гурван минут явган суудаг нь ямар их тэсвэр, өв соёл, чадвар вэ” гэдгийг онцолж хэлж байсан нь сайхан санагдсан. Миний бүжгийн онцлог нь үндэсний хэлбэрийг харуулсан. Явган суултан дээрх цээжний хөдөлгөөнийг манай М.Мөнгөнцэцэг багш их гайхалтай гаргаж өгсөн. Энэ талаараа олон улсын шүүгчид, бүжигчид миний суудлыг болон цээжний хөдөлгөөнийг гайхаж, биширч байсан нь магтууштай санагдаж байлаа.


Хэр удаан бэлдсэн бэ?

- Энэ тэмцээнд орохын тулд жил гаруй хугацаанд бэлдсэн. Ноднин энэ тэмцээн найман сард зохион байгуулагдаж байсан. Тэмцээнийг Хосоо багштайгаа очиж үзсэн юм. Тухайн үед тэмцээнийг үзэгчийн нүдээр хараад өөрөө оролцож үзэхийг хүсэх болсон. Улмаар түрүүлнэ гэсэн сэтгэлзүйгээсээ эхлээд бүхнийг бэлдэж эхэлсэн дээ. Ямар нэгэн тэмцээнд ороход бүжиглэхээсээ илүүтэй сэтгэлзүйгээ бэлдэж, тухайн дүрдээ орох нь хамгийн чухал. Мөн тэмцээндээ зориулж багшаараа бүжиг шинээр дэглүүлсэн. Аливаа тэмцээнд оролцоход  хөрөнгө хэрэгтэй. Тиймээс санхүүгээ хуримтлуулах болсон юм.  

Хэцүү зүйл тулгарч байв уу?

- Олон тулгарсан. Сэтгэл санаа, санхүү эдийн засаг гээд л. Хамгийн наад зах нь бие өвдөх. Тухайн дүрээ мэдэрч, орж чадахгүй байх гэх мэт олон асуудал тулгарч байлаа. Өөрөө дүрээ мэдрээгүй байж бусдад мэдрүүлнэ гэж байдаггүй. Миний бүжгэн дүр бол өвгөн туульчийн дүр. Өөрөө залуу хүн болохоор өвгөн настай хүний дүрийг бүтээж, дүрдээ орох амаргүй байсан. Тиймээс судалгаа хийж эхэлсэн. Бүжиг гэдэг бол амьдрал. Бүжгийг дагаад тайзан дээр тэр чигээрээ амьдрал явж байдаг. Тиймээс өвгөн хүн ямар байх ёстой бүхнийг судалсан. Тэмцээнд бүртгүүлэх, тийз захиалах явцад олон асуудал гарч байлаа. Тухайлбал, тэмцээнд бүртгүүлэх хугацаа нь болоход Хөх хот руу манай СУИС-ынхан 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй фестивальд оролцох болсон юм. Мөн сургуульд бүжгэн жүжиг тавих, төгсөж байсан болохоор дипломын ажил гээд маш олон зүйл давхацсан. Нэг мэдэхэд уралдаанд бүртгүүлэх хугацаа тулчихсан байсан. Бас есдүгээр сарын таванд 15 бүжигчдийн хамтаар БНХАУ-ын Олон улсын Театрын сургуулийн чуулга уулзалтад оролцох болов. Өөрөө бүртгэлээ хийлгэж чадахгүйд хүрсэн. Улмаар Хосбаяр багшаас миний бүртгэлийг хийгээд өгөөч ээ гэж гуйсан. Тэмцээн эхний шатанд бичлэг авдаг. Тиймээс бичлэг, зураг гээд бүртгүүлэхэд шаардлагатай зүйлсээ багшдаа үлдээсэн. Бүртгэлийн хураамж 200 доллар төлдөг. Мөнгөө хэзээ тушаах вэ гэхэд хэзээ ч тушаасан болох байх гэсэн юм. Тэгээд чуулга уулзалт руугаа явав. Бээжинд бидний очсон газар сүлжээ муутай, фэйсбүүк орох боломжгүй байсан. Утсаа нэг харахад Хосоо багшаас дуудлага ирсэн байсан юм. Нөгөө бүртгэлийн хураамжаа төлсөн баримтаа цуг явуулахгүй бол бүртгэл баталгаажихгүй байна гэж намайг сандаргав. Гэрийнхэнтэйгээ холбогдож болдоггүй.  Тэгээд яахаа мэдэхгүй байж байтал Бүжгийн Урлагийн сургуулийн захирал маань төв СУИС руу яриад “Түр 200 доллар тэмцээний данс руу хийж байгаач ээ. Манай суралцагч тоглолтоос ирээд өөрөө төлөх юм” гэж хэлсэн байсан. Тэгээд бүртгүүлж амжсан болов уу яасан бол гээд  миний санаа зовоод л. Хосоо багш маань ямар хариуцлагагүй юм бэ гэж загнаж байсан. Нөгөө бүртгэл маань яасан бол гэж бодоод оролцохоор ирсэн фестивальдаа олигтой бүжиглэж чаддаггүй. Хосоо багш маань битгий санаа зов гэж фэйсбүүээр бичнэ. Фестиваль дуусаад ирэхэд бүртгэсэн гэж байсан. Гэхдээ буруу төрөлд бүртгүүлчихсэн байлаа. Түүнийгээ солиулах гэж бас нэлээн явдал чирэгдэл болсон доо. Би тэмцээн зохион байгуулж байгаа газар луугаа мэйл бичнэ. Нөгөө газраас хариу өгдөггүй. Аргаа бараад Хосоо багшаасаа мэйл бичиж өгөхийг гуйж байлаа. Тэгж нэг юм тэмцээний бүртгэл баталгаажсан. Үүний дараагаар тэмцээний бэлтгэл хийх газар олддоггүй. Тэгээд “Түмэн Эх Чуулга”-ын Сэсээрхүү ахад хандаж тоглолтод оролцоод тэмцээнийхээ бэлтгэлээ хангаж болох уу гэж асуухад их эерэгээр хүлээж авч, зөвшөөрсөн.  Тэмцээн болох хугацаанд Солонгосын IHC компаниас “K pop and cover dance”  бүжгийн тэмцээнд оролцоод түрүүлж Солонгост хэлний бэлтгэлд суух гурван сарын эрхээр шагнуулсан. Тэгээд виз гаргаж өгөөд би ч тийзийн зардлаа хэмнээд нэг сумаар хоёр туулай буудах нь гэж баярласан. Гэтэл тэмцээний хугацаа дөхөх тусам виз гардаггүй. Тэгсэн нэмэлт материал бүрдүүлж өгөхийг элчингээс шаардсан. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгууль болоод намайг долдугаар сарын 10-наас өмнө амжиж нэмэлт бичиг баримтаа өгөхгүй бол виз гарах боломжгүй гэсэн. Ядаж байхад ерөнхийлөгчийн сонгуультай давхацаж таарсан. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуулиа өгөөд л маргааш нь нэмэлт материалаа өгөхөөр Дархнаас хот руу явсан. Арай гэж өгч амжсан даа. Виз долдугаар сарын 17-нд  нэг юм гарав. Яг тэмцээн эхлэх үеэр.  Цаанаасаа тэмцээнд орох хэрэггүй, битгий оролц  гэж байгаа юм шиг бүх зүйл нэг л болж өгөхгүй байсан. Би тэмцээнд орохын тулд маш олон хоног бэлдсэн байсан болохоор бууж өгөхийг хүсээгүй. Гүрийсээр байгаад бүгдийг нь бүтээсэн дээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас ганцаараа оролцсон уу?

- Манай улсаас нийт зургаан хүн тус тэмцээнд оролцохоор явсан. Гэхдээ Солонгост очоод бүгд Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа болохоор нэг групп, баг болсон. “Үндэсний урлагийн их театр”-ын Номин эгч, “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга”-ын Ууганцэцэг, Батнасан, “Боржигин чуулгын” бүжигчин Манал, СУИС-ын Бүжгийн сургуулийн нэгдүгээр оюутан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч Ууган-Эрдэнэ, миний бие явсан.

Тэмцээнд орролцсон бүжиг чинь бусад орны бүжгээс юугаараа ялгаатай санагдсан бэ?

- Миний бүжгийг МУСТА М.Мөнгөнцэцэг болох миний хамгийн хайртай багш дэглэж өгсөн. Энэ бүжиг 2016 оны 12-р сард болсон Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин зууны манлай Бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Мэргэжлийн бүжигчдийн улсын дөрөвдүгээр уралдаанд зориулж дэглэсэн бүжиг.  “Их хөлгөн” гээд туульч өвгөний тухай юм. Багш нэгэн туульч өвгөний зурагнаас санаа авч энэхүү бүжгийн санаагаа гаргаж байсан. Би Мөнгөө багшдаа маш их хайртай. Гарынх нь шавийн нэг.  Бүжиг хэрхэн дэглэх, хүнтэй яаж харьцах гээд бүхнийг надад зааж өгсөн. Монголын бүжгийн урлагт чамгүй их хувь оруулж байгаа хүн гэвэл Мөнгөө багшийг хэлнэ. Хадны сүг зураг, морины тамганаас хөдөлгөөн гаргаж бүжиг дэглэдгээрээ өвөрмөц онцлогтой. Мөн энэ бүжгийг найруулах талаас нь ажиллаж өгсөн хүн бол СТА найруулагч Энхбаяр багшийн минь хайртай хань нь юм. Танай zindaa.mn сайтад ярилцлага өгч байгаа завшааныг ашиглаад энэ хоёр хүнд баярлаж талархсанаа хэлмээр байна.


-  Бүжигчин болоход юу нөлөөлсөн бэ. Бүжгийн урлагаар хичээллээд хэр удаж байна?

- 2006 онд Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрт бүжигчин болохоор орж байлаа. 2008 оноос мэргэжлийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Бүжигчин болоход нөлөөлсөн хүн Баянхонгор аймгийн хөгжим драмын театрын  бүжгийн багш СТА Алтанцэцэг гэж хүн байдаг. Тэр багш маань намайг бүжгээр амьдруулсан. Тэр хүн байгаагүй бол би бүжигчин болохгүй байсан байх. Энэ багш маань маш их нөлөөлсөн. Намайг хүүхэд шигээ л санадаг байлаа. Буруу зүйлийг минь хэлж өгнө. Зөв зүйл хийвэл магтаж, улам илүү хэвшүүлэхийг сануулна. Нэг удаа тамхи татаж байгаад баригдаад зодуулж байсан. /инээв/ Миний багш тийм л сайхан хүн.  Энэ үед багштаа загнуулахдаа загнуулж, баярлуулахдаа баярлуулж, гомдоож байсан. Бүжигтэй амьдралаа холбоод есөн жил болсон байна.


-  Өмнө нь ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

- 2015 онд ОХУ-ын Буриад улсад зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд "Талын бүсгүйчүүд" ,"Өвгөдийн захиас" бүжгүүдээр гуравдугаар байранд орж байсан. Тухайн үед хоёрдугаар курст сурч байсан үе. Анх  гуравдугаар байранд орсондоо олзуурхдаг. Учир нь гуравдугаар байр ивээлтэй юм шиг санагддаг. Дараа нь 2015 оны 9 сарын 28-аас 10 дугаар сарын 03ны хооронд зохиогдсон Ази номхон далайн орнуудын гоцлол бүжигчдын олон улсын уралдаанаас МУСТА М.Мөнгөнцэцэгийн дэглэлт "Хишигтэн", МУСТА Д.Энхгэрэлийн дэглэлт "Дөрвөд савдаг" бүжгүүдээр 3-р байр эзэлсэн. Мөн СУИС Профессор МУСТАжилтан Ц.Алтанцэцэгийн нэрэмжит шилдэг бүжигчиний шагналыг хүртэж байлаа. Миний хувьд жижиг тэмцээн гэж байдаггүй. Бүх тэмцээн алдаатай, оноотой, том байдаг. Тэгээд 2016 онд МУАЖ, ТС Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV-р уралдааны гоцлол бүжгийн төрөлд тусгай байр эзэлсэн. Энэ тэмцээнээс маш олон зүйлийг ойлгож, сурч авсан. 2017 онд зохиогдсон Modern бүжигчдийн анхны уралдаан маш сайн бэлдэж оролцсон боловч тэнцээгүй. Учир нь гадаадын бүжигчний бүжгийг бүжиглэх ёсгүй байсан юм билээ. Үүний дараа дээр дурдсан IHC Солонгосын компанийн нэрэмжит бүжгийн тэмцээнд оролцож түрүүлсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь сая оролцоод тэргүүлсэн The 14th Seoul international dance competition тэмцээн болж байна


-  Уралдаанд тэргүүн байр эзлэхэд хамгийн түрүүнд бодогдсон хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

- Тэмцээний дүн цахимаар гардаг. Дүн гарсан орой цуг явж байсан оролцогчидтойгоо зайрмаг идээд байж байхад фэйсбүүкээр баяр хүргэе гэсэн пост ирсэн. Би ч гайхаад итгэж ядан шалгаад үзэхэд үнэхээр түрүүлсэн байсан. Хамгийн түрүүнд бодогдсон нь Японы бүжигчин байсан юм. Тэрбээр миний өмнө гарч маш сайн бүжиглэсэн. Түүнийг яасан бол гэж бодсон. Тэгээд хүмүүс хэрхэн хүлээж авах бол би ямар байх ёстой. Эхний зорилгоо амжилттай биелүүллээ. Одоо дараагийн зорилгоо хэрхэн биелүүлэх, юу хийх вэ гэх бодол орж ирсэн.

Өдрийг юу хийж өнгөрөөдөг вэ. Бүжигчин хүн болохоор байнгийн дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох шаардлага гарах уу?

- Өглөө эрт босох ёстой. Өдөржингөө дасгал сургуулилт хийнэ. Бүжигчин хүн булчингаа байнга ажиллуулах хэрэгтэй. Уян хатан байхын тулд сунгалтыг дасгал байнга хийнэ. Мөн ном унших тун чухал. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүжигчин байхын тулд олон хэлтэй байх ёстой. Хятад, Солонгос хэлээ сайжруулахын тулд хүмүүстэй ярьж, харьцах ёстой. Англи хэлийг сурсан байх ёстой учраас сурч байгаа. Ер нь зав гараад байдаггүй. Нэг мэдэхэд л өдөр өнгөрч, хөлсөө цувуулчихсан байж байдаг. Бэлтгэл хийхээр цаг маш хурдан өнгөрдөг. Найз нартайгаа өнгөрүүлэх цаг зав гэж байдаггүй. Хамтлагаараа байгаа тохиолдолд байнгийн бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүжигчин байхын тулд маш их хөдөлмөрлөж, байнгийн бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байдаг.

Цаашид юу хийхээр төлөвлөж байна?

- Дөнгөж сургуулиа төгссөн болохоор хийхээр төлөвлөсөн маш олон зүйл байна. Судалгаа ямар чухал болохыг мэдрүүлж өгсөн СУИС-ийн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Саяын тэмцээнээс маш олон зүйлийг сурч, мэдэж, урам зориг авлаа. Би өөрөө “Тэгэрийн Хүмүүн” гэсэн хамтлагт бүжиглэдэг. Манай хамтлаг Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг 32 оролцогчийн нэг. Би хамтлагийн ахлагч болохоор үүрэг хариуцлага их. Манай хамтлагийнхан одоогоор өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд түр хугацаанд тарсан байгаа. Хоёр юмуу гурван жилийн дараа эргээд цугларч уран бүтээлээ хийхээр ярилцсан. Одоо БНСУ-ын Бусан хотын Олон Улсын Их сургуульд хэлний бэлтгэлд сурах гээд Сөүл хотноо ирээд байна. Мөн Бусан хотын “Жулая” театрт дагалдан бүжигчин хийх урилга авсныхаа дагуу бэлтгэлээ хийж байгаа. Удахгүй Бусан хот руу явна. Сургуулиа төгсөөд Монголдоо очоод маш олон зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Хүн өдөр бүр нэг нэгнээсээ суралцаж байдаг. Тиймээс бие биенийг ээ хүндэлж байх хэрэгтэй  гэж Мөнгөө багш маань сургадаг. Цаашдаа БНСУ-ын “K Art” сургуульд сурах зорилготой байна. Хэлний бэлтгэлээ амжилттай сураад төгсвөл тус сургуульд шалгалт өгнө. Хүн болж төрснийх дурсагдах зүйлтэй л үлдэхийг  хүсдэг.  Хөлтэй болгон мөртэй байдаггүй гэж надад нэг хүн хэлж байсан. Энэ үг надад их зүйлийг ухааруулсан. Манай хамтлагийн зорилго бол орчин үеийн бүжгийн сургуультай болох. Үүний тулд бүгд гадаадад мэргэжил дээшлүүлэн магистраар сурч байна. Ярилцлагынхаа төгсгөлд дахин баярласан талархсанаа илэрхийлье. Хамгийн эхэнд Баянхонгор аймгийн багш Ц.Алтанцэцэг багшдаа баярлалаа. Таны үргэлжлэл болох болно. Мөн СУИС-ийн багш СТА М.Мөнгөнцэцэг болон түүний хань “Naturdance”-ийн захирал Д.Энхбаяр багшдаа баярлалаа. Намайг бүжиг дэглээч найруулагчийн мэргэжлийг эзэмшихэд тусалсан СУИС-ийн нийт хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Өдий зэрэгтээ явж байгаа минь та бүхний ач шүү. Хамгийн сүүлд хайрт аав, ээж, ах, дүү хамаатан садандаа баярлалаа. Мөн нутгаараа маш их бахархдаг шүү. Мөн ярилцлага авч байгаа танай хамт олонд баярласнаа хэлмээр байна.






Бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг: Оюутныг оюутан гэдэг утгаар биш хувь хүн талаас харах нь миний хувьд чухал

 “Хөлгөн туульс” бүжгийг дэглэсэн СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, бүжиг дэглээч МУСТА докторант М. Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.

Таны дэглэсэн  “Хөлгөн туульс” бүжгийг бүжигчин Ё. Дамчаабадгар олон улсын томоохон тэмцээнд бүжиглэж тэргүүн байр эзэллээ. Юуны түрүүн танд баяр хүргээд бүтээлийн санааг хэрхэн олсон бэ? гэдэг асуултаар ярилцлагаа эхлэх үү?

- Тиймээ сайхан мэдээ сонсоод маш их баярласан. Нэрт зураач Ш. Тэнгисболдын зурсан “Их хөлгөн туульс” хэмээх нэртэй дэлхийд танигдсан алдартай зураг байдаг. Энэхүү зурагнаас санаа авч бүжиг дэглээч гэж манай нөхөр анх санал болгож байсан нь улмаар “Хөлгөн туульс” хэмээх бүжиг болон амилсан. Дүрслэх урлагаас санаа авч уран бүтээл хийнэ гэдэг нь дүрс, зураглалыг амилуулж байгаа хэлбэр. Зураг байхдаа биет өв байсан бол бүжиг болоод ирэхээрээ биет бус өв болно. Бүжиг энэ зурган дээрх шиг хуур барьж өвгөний дүрээр эхэлдэг. Энэ бүтээл гарсны дараагаар Дамчаабадгарын аав нь хүүдээ энэ зурган дээрх шиг хуурыг хийж өгсөн байсан. 2016 оны 10-р сард болсон Ц. Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч,  цөөхүүл, гоцлол бүжигчдийн улсын уралдаан”-ы дөрөвдүгээр байранд энэхүү бүтээлээр шалгарч байсан. Монголдоо дөрөвдүгээр байранд орсон бүтээлээр сая Солонгос улсад болсон “Олон Улсын гоцлол бүжигчдийн уралдаан”-д  оролцоод тэргүүн байрыг эзэллээ.  Ямарваа нэг бүтээлд судалгаа хийх маш чухал. Энэ бүтээлд маш их судалгаа орсон.  Ямар нэгэн бүтээлийг хүний сонорт, мэдрэмжид ойртуулжээ гэж бодох юм бол судалгаа сайн хийсэн гэсэн үг. Ахуй талаас нь судалгаа хийснээр хүний сэтгэлд хамгийн их ойртсон бүтээл гарах боломжтой. Тухайлбал, Тэнгисболд зураач юуг бодож энэ зургаа зурсан. Яагаад зурган дээрх өвгөн нүдээ аньсан, ямар учраас энэ өнгийг сонгосон гээд надад судлах зүйл маш их гарсан. Улмаар зураачаас зурган дээр нь бүжиг тавих зөвшөөрөл авч, хөгжмийн зохиолч МУСТА Ш. Өлзийбаярын хөгжим дээр энэ бүтээлийг хийж өгсөн. Байр эзэлсэн явдал нь миний хувьд гадаадад болсон Олон Улсын мэргэжлийн бүжгийн уралдаануудаас 17 дахь шагнал минь боллоо. Энэ бүтээлийг амилуулж, биеээрээ гүйцэтгэсэн шавиараа бахархаж байна.

Солонгост болсон “Олон Улсын гоцлол бүжигчдийн тэмцээн” нь томоохон уралдааны нэг юм билээ. Өмнө нь манай улсын бүжигчид оролцож байсан уу?

- Энэхүү тэмцээн нь жилдээ нэг удаа болдог. Улс болгоны төлөөл болсон, дэлхийд алдартай бүжгийн мэргэжлийн шүүгч нар шүүдэг. Шүүгч нар нь жил болгон солигддог. Нэг шүүсэн хүн дахин шүүдэггүй. Өндөр шалгууртай А зэрэглэлийн тэмцээн. Энэ тэмцээнд орохыг хүсдэг маш олон гоцлол бүжигчид байдаг. Эндээс нэгдүгээр шатнаасаа шалгарсан нь Солонгосод болох хоёрдугаар шатны тэмцээнд орно. Хоёрдугаар шатнаасаа гуравтаа тэнцэж байж байранд ордог. Хүн болгон хүссэнээрээ оролцдог энгийн уралдаан биш. 2014 онд болсон 11-р уралдаанд  Энхзул (3-р курсд суралцаж байсан) гэдэг шавь маань оролцож байсан. Би бүтээлийг нь дэглэж өгсөн. “Овоо тахилга” гээд Урианхай угсаатны намбан дээр тулгуурласан бүжгээр оролцсон. Энэ бүжгээр тус тэмцээний гуравдугаар байрыг Энхзул авсан. Харин энэ удаа 14-р уралдаанд Дамчаабадгар яваад нэгдүгээр байр эзэлсэн нь Монголын бүжгийн урлагийн салбар, СУИС-ийн бүжгийн сургууль ямар түвшинд байна, бүжиг дэглээч нар хэр зэрэг хөдөлмөрлөж байгааг харуулж байна. Ганц миний мундагт байгаа юм биш. Энэ бол бид бүхний өөрөөр хэлбэл бүжгийн урлагийнхны нөр  их хөдөлмөрийн үр дүн юм шүү дээ.


Багшлаад хэр удаж байна?

- Бараг 25 жил багшилж байна. 1989 онд Соёл гэгээрлийн дунд сургуулийн бүжгийн багшийн анхны ангид урилгаар орж 1991 онд төгссөн.  1993 онд СУИС-ийн анхны бүжиг дэглээч багшийн ангид ороод 1997 онд төгсч байлаа. 1984 оноос цэнгээнт бүжгийн уралдаан тэмцээнд их ордог байсан. Цэнгээнт бүжгийн зургаан удаагийн хосын аварга, хоёр удаагийн анхны хатан хааны шагналтай. Би цэнгээнт бүжигт их дуртай. Тиймдээ ч цэнгээнт бүжгийн  “Улаан Сарнай” хамтлагийг өөрийн хамтрагчдын хамт байгуулалцаж байсан ба ХААИС-ийн “Хатан-Туул” хамтлагийг 1993 онд анх үүсгэн байгуулж байлаа. Их сургуулиа төгсөхдөө Монголын уламжлалт бүжиг рүү чиглэсэн бие биелгээн дээр тулгуурлан, намбалаг, язгуур төрхийг сонирхох болсноос гадна эртний бүжиглэлийг судлан  дэглэн найруулах их үйлс рүү  гүн орсон. Мөн 2004 онд  “Түмэн-Эх” Чуулгын дэргэд “Naturdance” хамтлагийг байгуулж байлаа.

Багш хүн бүрт сурагчидтай харьцах өөр өөрийн арга байдаг. Танд өөрийн гэсэн арга барил бий юу?

- Хүнтэй яг байгаагаар нь харьцдаг. Энэ оюутан жоохон дуугай, ноомой, мөнгөтэй, мөнгөгүй, сэргэлэн гэж хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ажлын талбар дээр багш шавь, ажлын цаг дууслаа найзууд байдаг. Шавь нартайгаа ойр байж  санал бодлоо хуваалцаж, тэднийг ойлгохыг боддог. Шавь нар маань ч надтай ойр байхыг хүсдэг. Үүн дээр би өөрийгөө бүрэн илэрхийлж чадна. Учир нь оюутнуудын зарим нь ханиа сонгохдоо надаас асуудаг. Олон ч шавь маань надад баярласан талархсанаа хэлдэг. Энэ надад энгийн үзэгдэл байдаг. Оюутныг оюутан гэдэг утгаар нь биш хувь хүн гэдэг талаас нь харах нь миний хувьд чухал. Тухайн оюутан онц, муу сурдаг, тасалдаг эсэх нь надад хамаа байхгүй. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Ямар нэгэн шалтгаан гарсан болоод л хичээлээ тасалсан байдаг. Хэн нэгэнтэй зөрчилтэй байх тохиолдол ч бий. Энэ бүхнийг мэдсэний дараагаар тухайн оюунтай аль талаас нь цааш явах уу гэдгээ багш хүн олсон байх ёстой байдаг. Үүнийг би олон жил багшлахдаа мэдсэн. Мэдээж оюутнууд маань намайг ойлгож, мэддэг учраас цагаа нарийн барьдаг, хэлсэндээ хүрдэг, үнэнээ хэлэхийг хүсдэг. Энэ бүхнийг нь мэддэг учраас 10 жилийн сурагчидтай адил харьцаад байдаггүй. Тухайн хүүхэд намайг багшаараа сонгоод ороод ирсэн л бол би багш шавийн холбоо тогтоон тэр хүүхэдтэй өөрийн гэсэн арга барилаар ажиллаж эхэлнээ л гэсэн үг. Энэ бол миний хамгийн  гол зарчим. Нэг оюунтай л харьцана гэсэн ойлголт байхгүй. Ангид байх оюутантай бүгдтэй нь ижил тэгш харьцана. Дүнгээ бол яг хийснээр нь л тавьдаг. Сайн бол сайн, муу бол муу. Өөр өөр газраас ирсэн оюутнуудтай ажилладаг тул  Монголын бүжгийн урлагийг дэлхийд хэрхэн гаргах, Монгол бүжгийн уламжлалт дэг хэв маягийг хэрхэн хадгалах уу, ноён нуруу, уламжлалаа хэрхэн авч явах  гэдэг дээр анхаарал тавин ажиллаж байна. Мэдээж Монгол бүжгээ өнөө үеийн залуус болон нийгэмтэй тааруулахын тулд  модерн бүжгийн олон урсгалуудтай холбоно. Энэ нь нийгмээ дагаж байгаа том алхам.

-  Манай бүжигчид олон улсын тэмцээн уралдаанд дээгүүр байр эзэлж байна. Энэ нь Монголын бүжгийн урлаг дээгүүрт байна гэсэн үг үү?

-  Олон том тэмцээн уралдаанд бид явж чаддаггүй. Учир нь бидэнд төсөв мөнгө дутагдалтай байдаг. Урлагийнхан дотроос бүжгийн урлагт зориулсан ёслол төгөлдөр арга хэмжээ байдаггүй. Ганцхан бүжгийн урлагт л байхгүй нь хачин. Биднийг гавьяа шагнал аваад ирэхэд төрөөс ямар нэгэн байдлаар урам өгдөггүй, хайхардаггүй. Үнэндээ бүжгийнхэн бид бүгд бор зүрхээрээ явдаг. Тэмцээн уралдаанд орохдоо өөрийн зардлаар л явна. Харин сүүлийн үед сургуулиас  тодорхой хэмжээнд хөрөнгө гаргаж байгаа. Бид бусад салбарыг бодвол арай удаан, мөлхөж байна. Өдийд гүйж байх ёстой. МУУГЗ Б. Алтанцэцэг  багшийн маань СУИС-д суурийг тавьсан, тэнхим, бүжгийн урлагийн сургуулиас тарьсан соёлын үрүүд бид зүгээр суугаагүй, их юм хийж байна. Бид багш нарынхаа зааж сургаснаар  хийж байгаа боловч дандаа төсөв мөнгөн дээр зогсдог. Том том уралдаан тэмцээнд явах гэхээр төсөв мөнгөгүйгээс гадна дэмжих хүнгүй байдаг. Бүжигчид өөрсдөө зардлаа гарган бүжигчдийн уралдаанд явдаг. Гэвч дэглээч нар уралдаанд явж чаддаггүй. Би олон улсын тэмцээнээс 17 удаа шагнал авлаа. Өмнөх 16 уралдаанд би болон бүжигчид маань өөрийн зардлаар вагоноор, автобусаар явж байсан. Арай ч алхах нь хаашаа юм. Миний хувьд хамгийн том уралдаан бол 2012 онд ОХУ-д болсон Москвагийн соёлын яамны тэтгэлэгтэй ЮНЕСКО-оос зохион байгуулсан Дэлхийн Бүжигчдийн долдугаар уралдаанд 4 төрөлд оролцсон. Хүүхдийн төрөлд миний бүтээлээр Энхамгалан багштай Хүүхдийн ордоны хамтлаг дөрөвдүгээр байр, “Түмэн Эх” чуулга-ын бүжигчдэд тавьсан бүтээлүүд маань “Ардын бүжиг”-ийн төрөлд хоёрдугаар байранд, этник буюу орчин үеийн бүжгийн төрөлд гуравдугаар байранд орсон. Би бүжиг дэглээчийн төрөлд оролцоод нийт оноогоороо хоёрдугаар байранд орсон. Анх удаагаа Монголоос энэ тэмцээнд оролцохдоо чамгүй амжилт үзүүлж байгааг гадаадын хүмүүс хараад гайхаж байсан. Энэ уралдаан нь А зэрэглэлийнх бөгөөд 7,8 жилд ганц л удаа болдог. Энэ тэмцээнээс мөнгөн Нэфэртитийг нь авлаа. Энэ нь дэлхийд томхондоо тооцогдох шагнал юм. Энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байдаг. Сонгодог бүжгээр ч манайхан чамгүй амжилт үзүүлж байгаа. Ингээд бодохоор бидний чансаа дээгүүрт байгаа нь харагддаг.


-  Уралдаан тэмцээнд оролцох нь уран бүтээлчдэд хэр их нөлөөлдөг бол?

-  Дэглээч нар сайн байж бүжигчид, уран бүтээлүүд сайхан  амилна. Уралдаанаас хүн өөрийгөө олж хардаг. Уралдаанаас хүн маш их зүйлийг сурч мэддэг. Уралдахгүй юм бол хүн тайван суугаад байна. Хэрэв уралдахгүй бол хөгжихгүй, боловсрохгүй. Мэдлэг орж ирэхгүй, судлахгүй. Уралдаанд явуулж байгаа дэглээч нар маш сайн хөгжинө. Бусад улс орны бүжиг дэглээч нарын бүжгийг харахаар маш их зүйлсийг сурч мэддэг.

-  Бүжиг дэглэхэд судалгаа шинжилгээ чухал байх?

- Би шавь нартаа маш олон зүйлийг чухалчилж сануулдгийн нэг нь чадвартай байж дотоод, гадаадын олон тэмцээн уралдаанд орж байх хэрэгтэй гэж. Мэдээж давуу тал маш их наад зах нь л судалгаа хийн түүнийгээ өөрчлөлтөд ашиглах хэрэгтэй. Би судалгаа хийж ирээгүй бол битгий ир гэдэг. Дамчаабадгар ч энэ жишгийн дагуу гадаадад магистраар сурах гэж байгаа. Шавь нартаа бүгдэд нь захидаг. Магадгүй 10 жилийн дараа олон зүйл өөрчлөгдсөн байна байх. Би өөрөө соёлын үрийг тарьж, шинийг санаачлах дуртай. Энэ талаараа миний бүтээлүүд ихэвчлэн шинэ санаа сэдлийг гаргаж ирсэн байдаг. Хүн болгон шинийг гаргаж ирэхийг хүсдэг.  Өдийг хүртэл би их дуугай ноомой байлаа. Сэдэв, санаагаа хүнд алдчихдаг байсан. Тийм учраас би одоо ярьж санаа бодлоо бусадтайгаа хуваалцмаар байна. Шинэ бүтээл гаргах болгондоо би судалгаагаа маш гүн хийдэг. Нэг хүнтэй уулзаад судалгаа авах нь хангалттай биш. Дор хаяж 5-8 хүнтэй уулзаж байж бүтээл гаргахыг хүсдэг. Тийм учраас ч шавь нараа тэгж хийлгэхийг хүсдэг. Мөн МУУГЗ Б.Алтанцэцэг багшийн маань “Шинэ зүйл хайж, шинэ юм хий” гэж байсан нь санаанаас огт гардаггүй. Намайг бие биелгээ дээр тулгуурласан судалгаа шинжилгээ хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол  алдарт биелээч, судлаач, МУГЖ Д. Нанжид багш минь юм. Одоо  84 настай буурал бий. Энэ багш маань анх СУИС-д орж байхад өөрийн бие биелгээний ертөнц рүү намайг байлдан дагуулсан. Энэ хоёр хүн бол миний шүтэж явдаг бурхад, миний хувьд агуу нандин хүмүүс. Энэ хоёрынхоо хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн, итгэлийг нь алдахгүйг үргэлж хичээж хүсдэг. Тухайлбал, “хадны зураг дахь бүжиг дүрслэгээ”, “малын тамгадаас Монгол бүжгийн нэр томьёоллыг шинээр бий болгох”, Монгол бие биелгээ ЮНЕСКО-д тэмдэглэгдсэнийг өвлөн хамгаалах нь Монгол хүн бүрийн үүрэг хариуцлагын нэгээхэн хэсэг байх. Би хадны зурагны хөдөлгөөний дүрслэлээс санаа гаргаж авсан гаргалгаануудыг хамгийн их хийдэг. Хадны зураг байлаа гэхэд түүнээс маш олон хөдөлгөөнийг гаргана. Малын тамганд л гэхэд нуман, дэгэрээ, бариул, эвэр, туухай, төөлөг гэх мэт маш олон тамгад байна. Эдгээр дүрслэлээс  хэрхэн хөдөлгөөний хувилбаруудыг яаж гаргаж болох уу гээд бүгдийг судална. Нэг дүрснээс дор хаяж 7-15 хөдөлгөөнийг гаргах боломж байдаг. Өөрсдөө энэ хөдөлгөөнийг гаргаснаар жинхэнэ бүтээл бий болно. Түүнээс биш тэр бүжгээс хэдэн хөдөлгөөн, энэ бүжгээс хэдэн хөдөлгөөн аваад, эвийг нь олоод нийлүүлчихвэл найруулсан бүжиг болно. Харин зохионо, дэглэнэ гэдэг бол тэс өөр ойлголт.

Миний ойлгосноор бүжгийг дуртай нь дэглэчихдэггүй байх?

- Надад бол сурчихсан болохоор тийм ч хүндрэлтэй биш. Анх эхэлж байхад хөгжмөө тавиад бүжгээ дэглэх эсвэл эхлээд бүжгээ дэглээд хөгжмийн зохиолчоо авчраад аяаа зохиолгодог байсан. Ер нь анхнаасаа бүжиг дэглэх, найруулах арга зүй тийм ч хэцүү байгаагүй. Магадгүй багаас сурсан болохоор тийм байх. Бүжиг дэглэн найруулах надад маш сайхан санагддаг. Өдөр маш хурдан өнгөрдөг. Бүжиг бол миний хамгийн гол оньсого. Энэ оньсого дотор орчих юм бол нөхөр хүүхэд гэр бүл бүх зүйлээ мартдаг. Бусдын тухайд бол амьдрал бүгдийг харуулж байгаа болохоор миний үг илүүц биз.


Багаасаа бүжгийн урлагаар хичээллэсэн үү?

- Хар нялхаасаа гэхэд болноо. Бүжиг дэглэн найруулах чиглэл дээр төрөлхийн авьяас заяасын болов уу гэж бодогддог. Би багадаа нугардаг байж байгаад гэмтлийн улмаас нугарахаа больсон гэдэг. Улмаар эмч нар намайг хөдөлгөөнтэй л байлгахгүй бол болохгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд зургаан настай байхад минь бүжгийн дугуйланд оруулчихсан. Ээж аав маань ч уран сайханч хүмүүс байсан. Гэр бүлийн концерт тоглодог байлаа. Бид эхээс арвуулаа. Эцэг эх маань биднийг дуулуулж, бүжиглүүлнэ,  драмчилсан тоглолт тоглуулдаг байлаа. Ээж маань Л. Чулуунцэцэг малын их эмч мэргэжилтэй байсан ч ятга тоглож, биелгээ гээд бүгдийг хийнэ. Аав минь хөл бөмбөгийн спортын мастер баяан, турба  хөгжим их сайхан тоглодог байсан. Бид Чех, Унгар, Оросын нутгуудаар “Г. Мөнхбадрах”-ын гэр бүлийн тоглолт гэж хийдэг байв. 1981 оноос 1990 хүртэл гэр бүлийн концертоо олон газраар аялан хүмүүст үзүүлсэн. Бид хөнгөн хөгжим тоглоод нийтийн бүжиг явуулдаг байсан.  Тухайн үед үүндээ тийм ч дуртай биш байсан юм. Өөр урлагийн хамт олон руу орохыг хүсдэг байсан. Тэгэхгүй бол ээж аавдаа, ах эгчдээ удирдуулаад нөгөө л хийдэг зүйлээ хийнэ. Дараа нь бодохноо маш сайхан дурсамжууд үлдсэн дээ. Надаас бусад нь бүгд сайхан дуулдаг. Гэхдээ одоо урлагаар явсан ганц хүн нь би болж таарлаа. Бусад нь эмч нар, инженер, дарга гэхчилэн өөр өөр мэргэжилтэй. Аав, ээж, ах, эгч дүү нар маань бүгд Австри Улсад амьдарч байгаа. Би л гэр бүлийнхэнтэйгээ  Монголдоо байна даа, тэднийгээ санах үе бишгүй л гарна даа. /санаа алдав/


Өдий хүртэлх хугацаанд хэчнээн бүжиг дэглэсэн бэ?

- Сүүлийн найман жил хийсэн бүтээлүүдээ эргээд харахад дөрвөн бэсрэг жүжиг, таван бүрэн хэмжээний бүжгэн жүжиг, 100 гаруй концертын бүжиг дэглэж, зохиожээ. Энэ бүгдийг эргээд харахад бахархалтай байна. Гадаадын мэргэжлийн тэмцээнээс 17 шагнал авна гэдэг хүн болгонд тохиогоод байхгүй хувь заяа байх. Дотооддоо авсан шагнал нэлээн олон одоохондоо тоолж үзээгүй байгаа.

-  Багш хүнд шавь болгон үнэ цэнэтэй байх. Бүжгийн урлагаар амжилттай яваа шавиасаа дурдвал?

-  ”Түмэн-Эх” чуулгад ажиллаж байгаа бүжигчид байна. Тухайлбал, сая долоон сарын эхээр Ховдод зохиогдсон “Бий биелгээ”- ний улсын анхдугаар уралдааны  гуравдугаар байранд орсон МУСТА Э. Ундрал. Тус уралдаанд маш олон жил бүжиглэсэн, ахмад чадварлаг бие биелгээчид ордог. Тэдгээр хүмүүстэй өрсөлдөөд гуравдугаар байранд орно гэдэг маш том амжилт. Үүнээс төд удалгүй Дамчаабадгар Солонгост болсон Олон Улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс нэгдүгээр байранд орсон гэдэг нь давхар баяр болсон. Энэ мэтчилэн маш олон бахархах шавь надад бий. Тиймээс би шавь нараа гадаадад өрсөлдүүлэхийг хүсдэг. Багш нар маань надаар маш их бахархаж ярьдаг байсан. Харин одоо яагаад надаар бахархаж ярих дуртай байсныг ойлголоо. Шавийг дагаад багшийн оюуны өмч, бүтээл явж байдаг.

-  Таныг Монгол малын тамга их судалдаг, малын тамганаас бүжгийн хөдөлгөөн гаргадаг гэсэн. Би төсөөлөхийг оролдсон ч их хэцүү юм шиг. Та хэрхэн яаж санаагаа авдаг вэ?

-  Малын тамгыг олон чиглэлээр судалсан судлаачид их байдаг. Миний хувьд хөдөлгөөн талаас нь холбож харж байгаа болохоор салбараасаа анхдагч гэж болно. Малын тамга бол агуу бэлэгдэл гэж харж байгаа. Монгол хүний өнгө төрх хөдөлгөөний гаргалгаа их харагддаг. Мөн малын тамга нь удам угсаатай маш их холбоотой. Тиймээс удмынхаа малын тамгыг судалбал их зүйлйиг мэдэж болно. Миний гарал угсаа буюу Боржигин “Онгин” тамга бий. Онгин тамга гэдэг бол бүх судалгааны гол үндэс юм. Мөн өөр тамгууд олон бий. Ер нь нүүдэлчин Монголчууд бидний түүх Монгол малын тамгатай нь маш олон судалгааны үр дүнгээр батлагдаад байгаа.  Энэ бүхнийг археологийн судлаачид судлаад бидэнд бэлэн зүйл өгдөг. Энэ судалгаан дээр л бид дахин судалгаа хийж байгаа юм. Үүнд уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ нэмэгдэж, урлаг руу ороод тайзан дээр бодитой уран бүтээл болж чадна. Үндэстний оршин тогтнох үндэс нь өөрсдийн язгуур соёл байдаг. Хэрвээ үндэстнийг устгая гэвэл хэлийг нь мартуулж, соёлыг нь унтуулж эрхэлдэг аж ахуйг нь устгах бодлого барьдаг. Энэ бодлогын дагуу явбал тухайн үндэстэн маш хурдан устана. Тиймээс уламжлалаа, соёлоо хадгалах нэн тэргүүний зүйл. Бид өнөөдөр маш олон гадны урсгалуудыг оруулж ирж байна. Мэдээж оруулж ирж болно. Гэхдээ үндэсний урлагтайгаа уялдуулахдаа маш бодлоготой зөв уялдуулах хэрэгтэй. Шулуухан хэлэхэд Монгол язгуураа алдуулалгүй үүрд оршоох хүсэл сэтгэлд минь хадаатай байдаг юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.185) 2017 оны 09 сарын 04

Маш сайн бүжигчин, багш, хамт олон байна. Нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм амжилт гардгийг ажилсаг, зорилготой хүмүүс л мэднэ. Баяр хүргэе. Монголчууд бид оролцсон олон улс, дэлхийн тэмцээн уралдаан болгонд түрүүлж байгаа нь монгол хүний ямар агуу ухаантай, чадвартай гэдгийг л үзүүлээд байнадаа. Одоо төрд гарсан хүмүүс л монголынхоо төлөө юу ч хийхгүй, хар амиа бодож ард олноо шулж байдаг л гутамшиг

0  |  0
Эрдэнэцэцэг(59.153.113.110) 2017 оны 08 сарын 08

Баяр хүргие. улам их амжилт хүсие. Цаашид бүх зүйлийн суурь нь судалгаа гэдгийг мартахгүй явах хэрэгтэй.

0  |  0
aaaa(202.9.41.97) 2017 оны 08 сарын 08

chi chadnaa hicheegeerei

0  |  0
Хүндэтгье(66.181.182.46) 2017 оны 08 сарын 08

Үнэхээр гоё ярилцлага болжээ.цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Мөнгөө багшдаа бас баяр хүргье. Таны урлагийн салбарт ялангуяа бүжгийн салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.ЯНЖИНЛХАМ БУРХАН ҮРГЭЛЖ ИВЭЭХ БАЙГЭЭ.

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 08 сарын 07

MONGOL zaluus mn iim MUNDAG shu ulam ih AMJILT huse

0  |  0
зочин(202.9.41.97) 2017 оны 08 сарын 07

аргагүй хүнд сурталтай юмаа ямар ч их асуудал тулгараав. Тэр бүхнийг сөрж чадсан хүүд амсжилт хүсье

0  |  0
дэмжигч(202.9.41.97) 2017 оны 08 сарын 07

Монголын ирээдүй гэрэлтэж байна

0  |  0
зочин(202.9.41.97) 2017 оны 08 сарын 07

сайхан ярилцлага болжээ ийм л залуус амжилтанд хүрнэ. Дүү минь амжилт

0  |  0
Bi(103.229.122.30) 2017 оны 08 сарын 07

Ha ha ha, yun ch surtei garchigtai yum bileedee. Bujigchin l yum bnashdee. Tom tom yum yariad hereggui bhaa. Oortoo l lag yum bgaa biz. Ineed hurchihlee bna.ha ha ha.

0  |  0
Top