Наран хөгцтийн шагайн тойром өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09


 

Улсын Гарамгай мэргэн Д. Сандагийн нэрэмжит Наран хөгцтийн шагайн тойром болж өндөрлөлөө. Дэрэн сумын уугуул бөгөөд энэ жил Монгол Улсын Гарамгай мэргэн цол хүртэж, шагайн харвааны спортоос төрсөн улсын цолтнуудын эгнээг өргөжүүлсэн Д.Сандагийн нэрэмжит гэдгээрээ онцлогтой тус наадмыг Дэрэн сумын ЗДТГ, аймгийн Шагайн холбоо хамтран зохион байгуулжээ.

Наран хөгцтий нь Дэрэн сумын нутаг. Энд шагайн тойром анх хэрхэн үүссэн талаар ам дамжин яригдаж үлдсэн хууч яриа бий. Сийрүүлбэл, энэ нутагт орших Нарангийн гурван овоо орчмоор нутагладаг ард Ядам хэмээгч насан эцэслэсэн хэдий ч түүнийг босоо ороолон болж хэмээх яриа нутгийн ардын дунд тархаж, айдас жихүүцлийг нь хүргэдэг болжээ. Ядамын ах зузаан Луузан гэгч ам дамжсан ярианы үнэн худлыг тандахаар овоон дээр харуулдан суутал нар хэвийх алдад баруун хойноос олон адуу туугаад хангинатал дуулсаар нэгэн айсуй ирсэн нь дүү Ядам нь байж. Тэрээр ихэд балмагдаж, нутгийн ламд очиж үзэж харснаа айлдтал, шидэт лам Жагар Моломыг залж, ороолонг дар хэмээжээ. Ингээд зузаан Луузан Богдын хүрээг зорьж, эрдэм чадлыг олсон Жагар Моломд бараалхахад тэрээр номын дуу холддоггүй юм хэмээн лүүжин тавьж, ороолонг дуудан дараад цаашид хэрхэхийг айлдахдаа “Уухайн дуунд лус баясаж, тэнгэр мишээж, өлзий хутаг оршдог учиртай. Олон эрс цуглуулан шагай харвуулж бай” хэмээжээ. Үүнээс улбаалан Нарангийн гурван овооны энгэрт Наран хөгцтийн шагайн тойром үүссэн гэдэг.

Наран хөгцтийн шагайн тойрмын харваа нь жил өнждөггүй. Энэ удаад ийнхүү Дэрэн нутгаас төрсөн Монгол Улсын Гарамгай мэргэнээр овоглосноороо онцлог болсон бөгөөд харвааны 5 төрөлд 18 багийн 160 гаруй харваачид цэц сорж, үүн дотор улс, аймгийн цолтой тус бүр 28 харваач байсан нь тойрмын харвааны чансааг өсгөлөө гэж Гарамгай мэргэн Д.Сандаг сэтгэгдэл хуваалцсан юм. Харваачдын хамгийн ахмад нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн 82 настай Б.Дондог, хамгийн залуу нь Дундговь аймгийн Дэрэн сумын 7 настай М.Мөнгөншагай нар байсан нь ч ёстой л найман настай балчраас наян настай буурай хүртэл зорин ирсэн өргөн дэлгэр тэмцээн болсныг харууллаа хэмээн тодотгосон.

Тэмцээний багийн харвааны төрөлд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Б.Дондог ахлагчтай баг хурууны харваагаар, Улаанбаатар хотын С.Баасанжав ахлагчтай баг чавхны харваагаар тус тус тэргүүлсэн бол хувийн цуваа харвааны төрөлд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын н.Батхүү, Улаанбаатар хотын С.Ууганцэрэн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Г.Намжилцэрэн нар хурууны харваагаар, Дархан-Уул аймгийн Ш.Долгор, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Б.Бархасмаа, Улаанбаатар хотын А.Цэрмаа нар чавхны харваагаар тус тус оноо мэргэн байлаа. Хүүхдийн цуваа харвааны төрөлд Дэрэн сумын М. Мөнгөншагай, Б.Баярбат, М.Барсболд нар шалгарч, Монгол Улсын Гарамгай мэргэн Д.Сандагийн нэрэмжит шагналын эзэн болжээ.

Г.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top