Ярьсаар байх уу!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

Өсвөр насны охид өндөр байшингаас үсэрч амиа хорлосон гэх хэрэг он гарснаас хойш хоёр ч удаа  гарчихлаа. Өчигдөрхөн болсон үйл явдлын талаар өнөөдөр амтай болгон нь "Аймар юм бэ" гэж ирээд л ярьж байна. Өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "TUUL ONE" хотхоноос үсэрч амиа хорлосон хоёр охины талаар тухайн үед мөн л ам уралдан ярьцгааж байв. Тиймээ, бид ярьсаар л байна. "Тэнд тэгэж амиа хорложээ, энд ингэж нас баржээ" гээд л... Гэвч биднийг хий хоосон ярьж байх зуур хэчнээн хүүхэд амиа хорлож, хорвоогоос буцчих ваа!!!

Дунд сургуулийн 92 хүүхэд амиа хорложээ

Итгэхэд бэрх ч энэ үнэхээр үнэн ажээ. Хамгийн харамсалтай нь Монголд ийм хэрэг гарсан нь бүр ч аймшигтай санагдав. Ерөнхий боловсролын сурагчдын дунд амиа хорлолт ихэсч байгааг албаныхан хэлж буй юм. 

Та бод доо. Зөвхөн 2012-2016 онд дунд сургуулийн 92 хүүхэд амиа хорложээ. Дөрөвхөн жилийн дотор Монгол эх орныхоо ирээдүй болсон 92 хүүхэд хорвоогийн мөнх бусыг харамсалтайгаар үзсэн байх юм. Тэдний үхлийн шалтгаан нь сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэй гэнэ. Энэ бүхэн өнөөгийн нийгмийн үнэн төрхийг илчилж буй тод жишээ. 

Долоохон настай хүү амиа хорлов

Сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд амиа хорлосон бол энэ оны эхний улирлын байдлаар 12 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байна. Үнэхээр харамсалтай. Амиа хорлосон гэх хүүхдүүдийн дотор 7-хон настай хүү байсан гээд бод доо. Ингээд бодохоор бид чинь ямар нийгэмд амьдраад байна вэ. Эх орны ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ амьдрах аргагүй, амиа хорлох хүртэл нь хэцүү нийгмийг буй болгоод байна уу. 

Өсвөр үеийнхний сэтгэлзүй болоод амиа хорлолт, түүний шалтгаан нөхцлийг дагнан судалдаг АШУҮИС-ийн багш, сэтгэлзүйч Д.Оюунсүрэн дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр " Амиа хорлосон хүүхдүүдийн дийлэнх нь 15-17 насныхан байна. Гэхдээ энэ бол  2017 оны эхний улиралд амиа хорлосон хүүхдүүдийн нас. Харин сүүлийн таван жилийн доторх амиа хорлосон хүүхдийн насыг аваад үзвэл ихэвчлэн 18-19 насныхан эзэлж байна" гэсэн юм.

Өөр нэгэн эх сурвалж бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа юм. Тэрбээр "Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш хүүхэд амиа егүүтгэсэн гэх 12 хэрэг бүртгэгдсэн. Үүнийг газар нутгаар нь аваад үзвэл 90 хувь нь нийслэлд байгаа юм. Хүүхэд амиа хорлосон хэргийг хуулиар зохицуулахдаа гадны нөлөөгүй бол хэргийг хаадаг" гэсэн юм.

Дээрх мэдээлэл дээр нэмж нэгэн тоо баримт дэлгэхэд,НҮБ-ийн Хүүхдийн сангаас манай улсад 2012 онд судалгаа хийсэн байна. Тус судалгаагаар өсвөр насны 10-15 насны хүүхдүүдийн 21 хувь нь амиа хорлох тухай бодож байсан гэсэн хариулт өгсөн бол есөн хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан гэжээ. Мөн 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийж байжээ. Тодруулбал, дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.

Ерөнхий боловсролын сурагчдад "Сэтгэлзүйн хичээл" үгүйлэгдэж байна

Сэтгэл эмзэглүүлэм энэ олон тоо баримт томчууд та бидний толгойд нэгийг бодуулж, нөгөөг сэрэмжүүлж байгаа гэдэгт найдаж байна. Энэ олон хүүхдийн амиа хорлосон шалтгаан нөхцлийг мэргэжилтнүүд судлаад үзэхээр ихэвчлэн сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэй болох нь тогтоогддог байна. Дээрээс нь янз бүрийн шашны гаж урсгал болон харгис даалгавруудтай цахим тоглоом хүүхдүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байгааг сэтгэлзүйчид хэлж байгаа юм. Иймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэддээ тавих халамж, анхаарлаа сайжруулж, загнаж зандрахаас урьтаж, зааж зөвлөдөг найз нь байхыг хичээгээрэй. Мөн Ерөнхий боловсролын сургалтын программд "Сэтгэлзүйн хичээл"-ийг оруулж, өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн боловсролыг олгох тал дээр салбарын яам нь анхаарах цаг нь болсныг болж буй харамсалтай хэргүүд бидэнд "сануулсаар" байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.40.212) 2017 оны 08 сарын 17

Багш нарын хүүхэдтэй ажиллах арга барил өндөр төвшинд байх шаардлагатай.Тэд өнөөдөр сэрж цалингаа ярьж б.гаа.Энэ нь ч чухал асуудал.Төрийн зарим нэг мэдлэггүй тушаалтан цалингийн фондыгсанхүү даахгүй гэж тэнэгтсэн сурагтай.Тэд шударга л ажиллачихвал монгол төр мөнгөтэй шүү дээ.

0  |  0
ЗОЧИН(103.229.122.26) 2017 оны 08 сарын 17

ТУН ХАРАМСАЛТАЙ БАРИМТ ТОО БАЙНА , БИД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХАЙРТАЙГАА БОДИТООР МЭДРҮҮЛЖ БАЙМААР

0  |  0
Z(122.201.24.69) 2017 оны 08 сарын 17

Iim bolhoorl mongold setgelzuin salbariig hugjuuleh hergte baigaa yum !Hugjiltei ornuudad setgel zuin uvchniig hort havdarshigl ach holbogdol ugdug,mongol uneheer ene salbargui hol yvahguiee !!

0  |  0
иргэн(202.9.43.186) 2017 оны 08 сарын 17

Амиа хорлохоор завдсан хүүхдүүдээс юу наас болж ингэх болсон шалтгааныг тогтоож тэр чиглэлээр нь лекц сургалт дэмжлэг зохион байгуулах . Ер нь сургуулийн хүүхдүүд нэг нэгийгээ амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхах явдал үеийхнээс их дарамт байдаг байх . ФБ нэг нэгнийгээ үсдээд аладцаад байдаг .

0  |  0
зочин(202.70.44.46) 2017 оны 08 сарын 17

Нийгмийн ажилтан гэдэг улсууд юу хийгээд байна вэ?

0  |  0
Top