Өсвөрийн тамирчид 14 жингийн 12-т нь түрүүллээ

2017 оны 08 сарын 17

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт энэ сарын 15, 16-ны өдөр болж өндөрлөлөө.

Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин 14 жинд өрсөлджээ.

Эхний өдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар ялсан юм. Харин Буриадын Дамдин Цыренжапов 46 кг-д аваргалсан.

Тэгвэл сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болж Монголын тамирчид зургаан жинд аваргалжээ. Үүнд хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ ялсан байна.

Ийнхүү Монголын өсвөрийн тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь Буриадын хөвгүүд хүртэв.

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 6 people, people smiling, people standing, suit and indoor

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top