Б.Энхгэрэл: Гадаадад сурч байгаа Монгол оюутнуудын мэдээллийн санг үүсгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”   ТББ-ын Оюутан залуучуудын хорооны дарга Б.Энхгэрэлтэй хилийн чанадад сурч буй оюутнуудад тулгардаг хүндрэл бэрхшээл болон тун удахгүй зохиогдох чуулга уулзалтын талаар тодрууллаа.

- Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-- “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”   ТББ  нь хилийн чандад байгаа Монгол иргэдийнхээ дуу хоолойг нэгдсэн нэг шугамаар төр засагт хүргэхэд чиглэж ажилладаг. ГХЯ-тай байнгын харилцаа холбоотой байдаг. Дотроо таван салбар хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсрол, оюутан залуучууд, бизнес хөгжил, нийгэм бодлого, соёлын хороодууд байдаг. Хороо тус бүр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Тухайлбал, оюутан залуусын хороонд 24 орны 33 төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн байгаа.

- “Хилийн чанад дахь Монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт”- ыг зохион байгуулна гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ? 

- Манай байгууллага Засгийн газрын "зөгийн үүр" хөтөлбөртэй уялдаа холбоотой ажиллаж байгаа. Академик боловсролыг эзэмшсэн боловсон хүчнийг эргээд эх орондоо ажиллуулах нөхцөл боломжоор хангах юм. Үүний тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг судалдаг. Үүнтэй холбогдуулан чуулган зохионй байгуулахаар төлөвлөөд байна. Наймдугаар сарын 22-нд төрийн ордон, 23-нд Хөдөлмөрийн яаманд зохион байгуулна. Тус үйл ажиллагааны үеэр Монголын томоохон компаниудын хүний нөөцийн менежерүүд ирж боловсон хүчнийг ажилд авна. Мөн 24 орны төлөөлөгч нар орон орныхоо танилцуулгыг үнэ төлбөргүй хийнэ. Хэрэв аливаа нэг улс руу суралцах хүсэлтэй залуус байвал зуучлалын компанид хандах хэрэггүй. Тус өдөрлөг дээр ирээд бүрэн мэдээллийг авах боломжтой. Ямар материал бүрдүүлэх, юу хийх ёстой гээд бүхнийг хэлж өгнө.

- Гадаадад манай Монголын хэчнээн оюутан суралцдаг вэ?

- Дэлхий даяар 60000 гаруй Монгол оюутнууд суралцдаг гэсэн албан бус тоо байдаг. Эдгээр залуус ямар мэргэжлээр сурдаг, хэзээ ирэх нь огт тодорхойгүй байгаа. Бусад улс орнууд гадаадад сурч байгаа оюутнуудаа бүртгэдэг мэдээллийн сантай. Тиймээс бид оюутан залуусынхаа холбоодуудыг ашиглаж, дэлхийн даяар суралцаж байгаа Монголчуудынхаа нөлөөллийн санг үүсгэх санаа гаргасан.

- Мэдээллийн сан байгуулах ажлаа эхлүүлсэн үү?

- Эхлүүлсэн. Тухайлбал, БНХАУ, Япон, Тайвань оюутны холбоонууд өөрсдийн системээр мэдээллийн сангаа үүсгээд бааз нь бүрэлдсэн бэлэн байгаа.  Хэрэв дэлхий даяар байгаа оюутнуудынхаа мэдээллийн санг үүсгэхийг хүсвэл бид төр засагтайгаа уялдаад ажиллах шаардлагатай болж байна. Гэвч төр бүх зүйлд гар бие оролцож чаддаггүй. Тиймээс ТББ-ын оролцоо хэрэгтэй. Үүнд манай холбоо өөрт байгаа нөөц боломжоо ашиглаад оролцож байна. Энэ мэдээллийн санг байгуулах ажлыг 20 жил манай улс оролдоод чадаагүй юм. Энэ ажлыг гүйцээж хийхээр манай холбоо ажиллаж байна.

- Гадаадад сурч байгаа Монгол оюутнуудад ямар асуудал хамгийн их тулгамдаж байна?

- Би өөрөө Тайваньд сурдаг. Манай байгууллага гадаадад байгаа Монголчуудаа төлөөлж байгаа болохоор байнга гадаадад байгаа иргэдтэйгээ харилцаатай байдаг. Гадаадад сурч байгаа оюутнууд хамгийн их тулгамддаг зүйл бол мэргэжил сонголт. Тухайлбал, Тайвань техник технологи маш сайн хөгжсөн Азийн дөрвөн барын нэг. Японы дараа ордог. Монголоос оюутнууд ихэвчлэн бизнес удирдлагаар суралцахаар очдог. Гэтэл манайд нарийн инженер, барилга зам, гүүр, инноваци инженерийн чиглэлийн хүмүүс шаардлагатай байна. Том том уул уурхайн ажилд дандаа гаднын экспертүүдийг урьж авчирдаг. Монгол залуус яагаад эх орондоо өндөр цалинтай ажиллаж болохгүй гэж. Өнөөдөр гадаадад бизнес удирдлагаар төгссөн олон залуус ажил хайгаад явж байна. Тэгэхээр мэргэжил сонголт дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top