Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

 Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах талаар өнөөдөр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас “LIVE CONFERENCE CENTER“ төвд мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтыг энэ сарын 21-23-ны хооронд зохион байгуулах юм байна. Чуулга уулзалтаар оюутан залуучуудын хорооноос оюутан залуусын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжил дэвшилд оюутан залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх зорилготой гэж зохион байгуулагчид онцоллоо.

“Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд  гадаадад амьдарч  буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх аж.

Анхдугаар чуулга уулзалтад 24 орны 32 төрийн бус байгууллагын оюутан, залуучуудын төлөөлөл оролцоно. Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад академик боловсрол эзэмшиж байгаа болон энэ түвшний ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд болон бүр мөсөн ирж ажиллах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй юм. Чуулганы хүрээнд Гадаад хэргийн яам, Төрийн ордон, “Holiday Inn” зочид буудалд салбар хуралдаанууд зохион байгуулагдана. “Мэдээллийн сан бүрдүүлэх нөхцөл, боломж” сэдвээр Гадаад харилцааны яаманд салбар хуралдаан зохион байгуулагдана. Тус мэдээллийн нэгдсэн санд Монгол залуус бүртгүүлснээр  иргэдийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бололцоо шууд нээгдэж байгаа аж.

  “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”   ТББ-ын Оюутан залуучуудын хорооны дарга Б.Энхгэрэл  “Манай байгууллага Засгийн газрын "зөгийн үүр" хөтөлбөртэй уялдаа холбоотой ажиллаж байгаа. Академик боловсролыг эзэмшсэн боловсон хүчнийг эргээд эх орондоо ажиллуулах нөхцөл боломжоор хангах юм. Чуулганы үеэр Монголын томоохон компаниудын хүний нөөцийн менежерүүд ирж боловсон хүчнийг ажилд авна. Мөн 24 орны төлөөлөгч нар орон орныхоо танилцуулгыг үнэ төлбөргүй хийнэ. Хэрэв аливаа нэг улс руу суралцах хүсэлтэй залуус байвал зуучлалын компанид хандах хэрэггүй. Тус өдөрлөг дээр ирээд бүрэн мэдээллийг авах боломжтой. Ямар материал бүрдүүлэх, юу хийх ёстой гээд бүхнийг хэлж өгнө” гэлээ.

Америк,  Австрали, Англи, Бельги, Вьетнам, Ирланд, Канад, БНСУ,   Тайвань, Турк, Франц Хонконг, БНХАУ, Өвөр Монгол, Чех, Швед, Швейцар, Япон, Герман, ОХУ зэрэг 32 оронд Монголоос суралцаж буй оюутан залуучуудын холбоо, ТББ байгуулагдсан байдаг байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top