Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэг болголоо

2017 оны 08 сарын 19

Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөн Төрийн ордонд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг орныхоо өвлийн бэлтгэл, цаг үеийн байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвлөгөөний үдээш хойшхи хуралдаанд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гишүүдийнхээ хамт оролцож, Засаг дарга нар өвөлжилт төдийгүй аймаг, орон нутгийнхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг тайлбарлаж, салбарын сайд нараас хариулт авлаа.

 

400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ

Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.

Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.

-Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж үзүүлэх

-Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх

Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан.

ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм.

Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна. Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ.

 

Малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийнэ

Засгийн газар мал, мах бэлтгэж, экспортлоход анхаарч, хэд хэдэн улс оронд гаргаж эхлээд байна. Мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, мах бэлтгэдэг хүмүүст Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, малчдаас худалдаж авсан малаа тэнд тусгаарлаж, энэ эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Малаа эрүүл байлгах, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь малчдын үүрэг. Орон нутгийн удирдлагууд малчдын ийм хариуцлагыг нэмэгдүүлэхэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, тусалж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлэх шүлхийн вакцины эхний ээлжийн тарилгыг хүлээн авч өвчин гарсан аймгуудад вакцинжуулах ажил хийгдэж байгаа юм байна.

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй

Зөвлөгөөний үеэр Увс зэрэг аймаг гурил импортоор авах хүсэлт тавьж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ асуултад хариулж,

-Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.  

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт тэрээр анхаарууллаа.

 

Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй

Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа.

2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар  сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,

-Төсвийн хөрөнгөөр энэ жил түргэний 163 тэргийг аймаг, сумын эмнэлэгт өгсөн. Одоо улсын хэмжээнд 32 сумаас машины захиалга ирээд байгаа гэлээ.

Хүний эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй хүмүүс унаа, машингүй нүцгэн гүйж байж таарахгүй. Энэ 32 машины хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж ондоо багтаан олгохыг Эрүүл мэндийн сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын унааны асуудал ч зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан. Тухайлбал, Баянхонгор аймагт л гэхэд 10 сумын Тамгын газар унаагүй гэдгийг Засаг дарга нь тодотгож байсан бөгөөд төлөвлөгөө гаргаж, аймаг, сумыг унаажуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн амлалаа.

Аймгийн Засаг дарга нар цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг мөн ярьж байлаа. Энэ асуултад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр,

-Гадаадын зээл, тусламжаар аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. 2018 онд орон нутгийн цэвэрлэх байгууламжийн 50 хувийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ шинэчлэл цаашид ч үргэлжилнэ гэлээ.

 

Өвөлжилт хүндэрвэл хамтын хүчээр даван туулна

Аймаг, орон нутгийн удирдлагууд, хил залгаа аймаг, сумууд бие биедээ тусалж, хамтарч ажиллаарай. Цаг хүндэрвэл, энэ цагийг бид хамтын хүчээр давна. Засгийн газар аймаг, орон нутаг малчдаа дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа дурдлаа.

Өр төлбөртэй аймгийн, ялангуяа өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг Сангийн яам даруйхан шийдэж өгөхийг үүрэг болгоод амралтын энэ өдөр Сангийн яам болон бусад шаардлагатай яам, агентлагууд ажиллаж, Засаг дарга нартай уулзан, орон нутгийн ажлаа зохицуулах, асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажиллахыг хүслээ. Өр нэхэхээс айж зугтаад байхааргүй ажиллах боломжийг Засаг дарга нарт олгох учиртай. Харин нэмж дахин өр төлбөрийн асуудал гаргахгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд зөвлөөд энэ тохиолдолд хариуцлага ярина гэдгийг онцоллоо.

Засгийн газрын гишүүдэд аймгуудыг хуваарилж хариуцуулсан. Засгийн газрын гишүүд, сайд нар хариуцсан аймгийнхаа цаг үеийн байдлыг сайтар судалж, шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Цаг хүндэрсэн, байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед ч тухайн аймгийнхаа удирдлагатай хамтран ажиллана. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлаар хариуцсан сайдтайгаа ярилцаж, Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулан шийдүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг дарга нарт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.119) 2017 оны 08 сарын 21

ЗҮТГЭНЭ өөрсдөө БАЯЖИНА гэдэг ч хэт олон гишүүнтэй АН , МАН , МАХН зэрэг намуудад тохирох үг байна даа . Намуудын гишүүдийн тоонд хязгаар тогтоож , сум , дүүргээс доош намын байгуулага байхыг хоригломоор юм бна .

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2017 оны 08 сарын 20

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Nergui(103.229.122.101) 2017 оны 08 сарын 20

Mongold buh yumiig iuldverledeg bolchood ingej yaridaa malnuudaa

0  |  0
Zochin(103.229.122.101) 2017 оны 08 сарын 19

Teneg yum yarihiin mongold mongoliin heregtseeg hangah uildveruud baidag yumuu

0  |  0
60ТЭРБУМ(66.181.184.217) 2017 оны 08 сарын 19

Одоо л нойрноосоо сэрсэн дүр үзүүлж байгаа Ж.Эрдэнэбатын мэрэгчдийн засгийг огцруулж, оронд нь сайн ажиллаж чадах жинхэнэ мэргэжлийн засгийн газар байгуулмаар юмдаа. МиеэЭнхболд ч өөрийн хамаатан хамсаатгаа цээжээрээ хааж хөндлөн хэвтчихээд, энэ янзаар бол энэ өвөл МОНГОЛ онд мэнд орох уу?! 60тэрбумынхан монгол төрөөс зайлах ёстойшүү! Өөрсдөө зайлахгүй бол өшиглөөд зайлуулнашүү!!!

0  |  0
Top