АНУ-ын шүүхээс туршлага судалсан тэмдэглэл

2017 оны 08 сарын 21

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхий манлайлал төв”-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Монгол Улсын эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болсон 10 шүүгч 2017 оны 7 дугаар сарын 20-29-нд АНУ-ын Вашингтон, Портланд, Принстон хотод зохион байгуулагдсан Америкийн Нэгдсэн Улсын Шүүхийн захиргаа, шүүхийн тогтолцооны үйл ажиллагааг судлах, туршлага солилцох сургалтад хамрагдсан.  

Сургалт 2 үе шаттай явагдсан бөгөөд АНУ-ын Вашингтон хотод 2 хоног үргэлжилсэн эхний үеийн сургалтанд нийт шүүгчид бүрэн хамрагдаж, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хоёрдугаар үеийн сургалт үргэлжилсэн болно. 

АНУ-ын "Принстон, Баруун Виржиниа”-гийн сургалтанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нар оролцлоо.

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын шүүгч Омар Абуллосн болон хотын шүүгч Давид Керсеитэй уулзаж, Монгол Улсын шүүхийн тогтолцооны талаар товч танилцуулж, АНУ-ын Холбооны шүүх болон дүүргийн шүүхийн чиг үүрэг, бүтэц, хэргийн төрөл, шүүхийн захиргаа, цахим системийг шүүхийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаар танилцаж, хотын шүүхийн дор байрлах баривчлах байртай танилцаж, асуулт хариулт өрнүүлсэн сонирхолтой уулзалт боллоо.

 

Хөтөлбөрийн дараагийн өдөр Мерсер мужийн Гэр бүлийн шүүхийн шүүгч Мари Еллин Гриффен, Мерсер мужийн тойргийн шүүхийн шүүгч Уйльям Саддерлтай уулзаж гэр бүлийн шүүхийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцлоо. Тус шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн төрөл, гэр бүл салалтын шалтгаан нөхцөл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эцэг эхийн хариуцлага, шүүх эрх мэдлийн тогтолцоонд хүний эрх, эрх чөлөө болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, давж заалдах шатны шүүхийн онцлог, шийдвэрлэж байгаа хэрэг маргааны төрлийн талаар харилцан ярилцлага өрнүүлэв.

Мөн Мерсер мужийн шүүхийн шүүгч Микаел Фланигантай уулзаж 10000 ам.доллараас дээш үнийн дүнтэй иргэний хэрэг шийдвэрлэх, эрүүгийн хэргийн бүртгэл, батлан даалт, эрэн сурвалжлах зөвшөөрөл, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, шүүхээс гаргаж буй эрх зүйн акттай танилцаж, хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг маргааныг төрлөөр нь ангилсан архивын нэгжтэй биечлэн танилцлаа.

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баруун Виржиниагийн Өмнөд дүүргийн шүүхийн шүүгч Ирене Бергертэй уулзаж, мужийн болон холбооны шүүхийн онцлог, шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж сонгогдон ажиллах болон томилогдон ажиллахын ялгаа, сонгогдсон шүүгч хуульчдын холбоотой харилцах харилцаа зэрэг сонирхсон асуултандаа тодорхой хариу авсан өгөөж дүүрэн уулзалт болсон.

 

Үдээс хойш Мерсер мужийн туслах прокурор Холли Флянигантай уулзаж мужийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн онцлог, шалтгаан нөхцөл хийгээд анхаарал татаж байгаа тулгамдсан асуудлын талаар тавьсан илтгэлийг сонслоо. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогч, хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалахад төрийн байгууллагын оролцооны талаар харилцан санал солилцов.

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баруун Виржиниагийн Дээд шүүхэд зочилж, Ерөнхий шүүгч Аллен Лугеритай уулзаж, Монгол Улсын шүүхийн тогтолцоог танилцуулж, АНУ-ын шүүхийн тогтолцоо, түүниий удирдлага, шүүхийн тогтолцоонд цахим системийг ашиглаж байгаа байдал, дээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны талаар сонирхсон юм.

Дараа нь Сенатын хурлын танхимд зочилж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Америкийн иргэний эрх чөлөөний Баруун Виржиниагийн сангийн холбооны захирал Жозеф Кохен болон түүний багийнхантай уулзаж, явуулж буй үйл ажиллагаатай танилцав. Уг холбоо нь нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхэд нь туслах зорилго бүхий ашгийн бус байгууллага юм. 

Хөтөлбөрийн сүүлчийн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мерсер мужийн хүүхэд хамгааллын үйлчилгээний оффис менежер Ладеана Морган, гүйцэтгэх захирал Шилох Воодардтай уулзаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламжийг хэрхэн хүргэдэг бөгөөд хамгааллын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлдэг талаар мэдээлэл авлаа.

CHILDLAW үйлчилгээ нь гэмт хэрэгт холбогдсон хүүхэд төдийгүй бусад хүүхдүүдэд мэргэжилийн чиг баримжаа авахад тусалж байгаа төрийн бус байгууллага бөгөөд үе тэнгийнхэн шүүхийн үйл ажиллагаанд оролцдог онцлогтой.

Улсын өмгөөлөгч Траси Боркстой уулзаж, төлбөрийн чадваргүй иргэнд зөвхөн эрүүгийн гэмт хэрэгт нь өмгөөлөл явуулахаас гадна иргэний хэрэгт ч улсын өмгөөлөгч оролцдог онцлог, өмгөөллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ өдрийн төгсгөлд хөтөлбөрт амжилттай оролцсон шүүгчдэд сертефекат гардуулан өгснөөр үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөв.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soongo(103.26.195.119) 2017 оны 08 сарын 21

Хүний эрхийг дээдэлдэг мундаг оронд очиж туршлага судалсан байна даа, хэрэгүүлж чадах уу, хавчигнаад хэн нэгнээс хараат байх уу, хичээгээрэй дээ,

0  |  0
Top