Б.Ариунжаргал: Интерьер дизайн нь амттай хоол идсэнтэй адил мэдрэмж өгдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

“ИДАРТ” компанийн дизайнер Б.Ариунжаргалтай ярилцлаа.

-Монголын барилгын салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг аль хэдийнэ олж  интерьер, дизайны цогц үйлчилгээ үзүүлдэг “ИДАРТ” компани хэрэглэгчдийнхээ дунд хэдийнээ танил болсон. Олон жилийн туршлагатай, чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй тус компанийн нэгэн эд нь болсон Б.Ариунжаргал таньтай ярилцах болсондоо таатай байна. Юуны өмнө  манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Б. Ариунжаргал гэдэг. “ИДАРТ” компанийг  анх үүсгэн байгуулагдсан 2008 оноос  хойш өнөөдрийг хүртэл  тасралтгүй ажиллаж байна. Миний хувьд дизайнер мэргэжилтэй.  Өөрийн хүсэл сонирхлын дагуу  олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олонтой ажилладагтаа баярладаг.  Манай компнанийг интерьерийн цогц үйлчилгээ үзүүлдэг гэдгээр нь  хэрэглэгчид маань андахгүй. Бид интерьер зураг төслөөс эхлээд гүйцэтгэл хүртэлх бүх ажлыг захиалгачийн хүсэл, сонирхолд нийцүүлэн гүйцэтгэдэг.

-Хүний мөрөөдлийн орчинг бодитоор бий болгож бусдад үргэлж тав тух, сэтгэл ханамж бэлэглэж байдаг хүмүүс бол интерьер дизайнерууд. Суурьшмал соёл иргэншилд шилжснээр интерьер дизайн бидний амьдралд өндөр үүрэг гүйцэтгэж байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Зах зээлд шилжснээс хойш “Супер засвар” гэдэг ойлголт давамгайлдаг байсан бол үүнээс хойш энэ талын мэдлэг мэдээлэл нь нэмэгдсэн гэж хэлж болно. Наад зах нь зөвхөн ханын обой, шалны паркетаа солихыг интерьер гэж ойлгож болохгүй гэдгийг мэддэг болсон. Орчин үеийн шинэлэг шийдэлтэй хослуулсан сонин содон интерьерийг сонирходог хүн байлаа гэхэд   бүр эсрэгээрээ хуучны буюу аж үйлдвэржилтийн үеийг  магадгүй балгас, сүм хийдийн интерьерийг сонирхох төрлийн хүмүүс ч байна. Мэдээж хүн бүр тухайн орчиндоо тав тухыг эрхэмлэдэг учраас  орчноосоо мэдрэхийг хүссэн зүйлээ эсвэл мэдрүүлэхийг хүссэн зүйлээ хайдаг, төсөөлдөг.  Жишээ нь, айдсын агуй хийлгэх гэж байгаа захиалагчдаа Диснейн хүүхэлдэйн киноны баатруудтай интерьер хийгээд өгч болохгүй.

Хөгжлийн тухайд хариулахад, манай улс жижиг зах зээлтэйгээс гадна нуулгүй хэлэхэд, дийлэнхи нь одоогоос 3 мянган жилийн өмнөх ханат гэрээсээ төдийлөн хол хөгжөөгүй учир энэ салбар маань өөрөө жижигхэн хүрээнд л хөгжиж байна. Хөгжил гэж ярихад арай эрт юм. Азийн бар орнуудын тухайд жишээ авч ярихад,  интерьерийн чиглэлийн бүх  компаниуд нь  маш завгүй ажилладаг. Захиалгадаа дарагдсан, өдөр бүр өөр өөр төрлийн захиалга орж ирдэг учраас магадгүй хэдэн долоо хоногийн өмнөх захиалгаа ч санахгүй байх жишээтэй.  Энэ нь нөгөө хөгжил гэдэгтэй нь холбоотой. Нэмж хэлэхэд интерьер дизайн нь зөвхөн айл өрхийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлөхөөс гадна үзвэр, үйлчилгээ, ажлын байр оффис, үйлдвэрлэл гээд бизнесийн салбарын хамгийн чухал зүйлсийн нэгд тооцогддог. Өөрөөр хэлбэл нүүр царай нь болдог. Хамгийн ойрхон жишээ аваад үзье л дээ. Бид баяр ёслол, шинэ жил магадгүй төрсөн өдрөө цайны газар тэмдэглэе  гэж боддоггүй шүү дээ. Аль болох хөрөнгө чинээндээ тааруулж аятайхан газар орохыг бодно. Тэгтэл аятайхан газар гэдэг нь дотроо бас ангилагдана. Ер нь орчин үед үйлчилгээнээс гадна доторх орчин нь  чухалд тооцогддог болсон.

 -Тийм шүү. Хэн нэгэнд тав тухтай санагдах орчин өөр хэн нэгний хувьд тааламжгүй мэдрэмжийг төрүүлдэг нь тэдний сонирхол өөр өөр байдагтай холбоотой байх?

-Үүнийг тогоочийн жишээгээр би ярих дуртай л даа. Амт гэдэг нь өөрөө мөн л харьцангүй ойлголт.  Мастер тогоочийн хийсэн хоол бүрийг амттай сайхан гэж хэлж болохгүйтэй адил Дулмаа, Батаад таалагдсан хоол надад таалагдах албагүй. Интерьер гэдэг яг л үүнтэй адил  ойлголт. Жишээ нь цав цагаан өрөөний баганыг улаанаар будчихаад  түүнийгээ би гайхалтай дизайн хийчихлээ,  танд тав тухтай орчинг мэдрүүлэх ёстой  гээд байж болохгүй. Энэ нь өөр хэн нэгний хувьд таагүй сөрөг сэтгэгдэл төрүүлж ч болно.  Ер нь тухайн хүний аливааг харах өнцөг, туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, нас, хүйс,сонирхлоос хамаараад өөр өөр юм л даа.



-Дэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэгээр  интерьер дизайнерыг нэрлэсэн байдаг. Тэгвэл манай улсад та бүгдийн мэргэжлийн үнэ цэнэ хэр байна вэ?

-Эрэлттэй байлгүй яахав. Ихэнхи Их, дээд сургуулиуд интерьер дизайнерууд бэлтгэдэг.  Энэ хэрээр төгсөгчид олноор төгсөж байна, мөн энэ хэрээр ажлын байр олноор бий. Нөгөө талаас манай улсын барилгын салбар ч  хөгжиж байна.  Мөн  бидний мэргэжлийн онцлог зөвхөн Монголдоо гэлтгүй гадагшаа ажиллах боломжтой. Өвлийн цагт Улаанбаатарт биш Хавайн арлуудын аль нэг эрэгийн элсэн дээр нар жаргахыг харангаа Японоос ирсэн захиалгаа дуусгаж өгч байна гээд төсөөлбөл гоё биз.  Би хувьдаа үүнийг боломжтой гэж боддог. Амаргүй л байх гэхдээ л огт боломжгүй зүйл гэж байхгүй. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг байх аа.  

-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлог, арга барилтай. Интерьер дизайнер хүмүүсийн хувьд цаг ямагт  орчин тойрноо ажиглаж, энийг нь ингэчихсэн бол илүү гоё харагдах байж дээ гэсэн төсөөлөл, мэдрэмж хоёр нь үргэлж ажиллаж байдаг болов уу.

-Тийм шүү. Үсчид  хүний толгойг  байнга харж явдаг шиг бид ч гэсэн орсон газрынхаа өө сэв, хийцийн алдааг олж харах гээд байдаг талтай.  Үүнийг мэргэжлийн өвчин тусах гэдэг байх аа (Инээв). Гэхдээ дандаа алдаа хайгаад дотроо гоочлоод сууна гэж юу байхав. Сонирхолтой гоё шийдэлтэй газар ороход бага зэргийн алдаатай интерьер харагдах ч  сонирхолтой шийдэл нь алдаагаа нуух ч талтай. Гоё интерьер дизайн нь амттай хоол идсэнтэй адил мэдрэмжийг өгдөг. Ийм мэдрэмжийг гадны орнуудаар явж байхдаа их авдаг даа. Сүүлийн үед манайд баригдаж байгаа барилгууд ч гэсэн интерьер дизайндаа их анхаарч байгаа. Өмнө хэлсэнчлэн бизнесийн салбарын хамгийн чухал хэсгүүдийн нэг гэдгийг ойлгосонтой  холбоотой.

-Интерьер нь нэг талаасаа урлагийн бүтээл мөн үү?

-Урлагийн бүтээл гэж хэлж болно. Гэхдээ урлаг талдаа хэт ач холбогдол өгөх нь хэрэглээгээ орхигдуулах талтай. Зөвхөн харагдах байдалдаа анхаарсан,  хэлбэр хөөсөн, хэт урлаг руу тэмүүлсэн интерьер гэсэн үг. Угтаа  хана, тааз, тавилга гээд доторхи бүх орчин нь хоорондоо зохицож,  дээр нь хэрэглээ нэмэгдэж байж интерьерийн цогц шийдэл болно.  Жишээ нь хэрвээ та, бид хоёрын сууж байгаа сандал суухад хатуу, хэтэрхий том эсвэл жижигхэн, түшлэггүй, удаан хугацаагаар суухад нуруу чилээж байвал хэрэглээнд нийцэхгүй байгааг илтгэнэ.  Хэдийгээр гоё өнгө төрхтэй өрөө хийсэн ч тавилга тавихаар зохицохгүй, цахилгаан хэрэгсэл залгах гэхээр розетка нь холдоод, байвал тэр нь хэрэглээгээ дутуу бодож төлөвлөсөн интерьер болсон байна гэж дүгнэнэ. Харагдах байдал нь гоё, тав тухтай байхаас гадна хэрэглээгээ хангаж байж интерьерийн цогц шийдэл болно гэдэг нь үүнээс харагдаж байгаа биз.

Та ажлын өрөөгөө дүрсэлнэ үү?

 


 

-Таны хувьд интерьерийн төсөл дээр ажиллахдаа ямархуу арга барилаар ажилладаг вэ?

-Интерьер дизайнер хүн тухайн объектын интерьерийг гаргахдаа эхлээд тухайн хүний хүсэл сонирхлыг сайтар сонсох хэрэгтэй. Ингэхийн тулд захиалагч талтай нээлттэй ярилцлага хийж эхлээд санааг нь ойлгож авна.  Миний нэг хэлэх дуртай үг бий. “Төсөөл дөө“гэж. Яг юу хүсэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа  захилагачтай харилцахад хүндрэлтэй байдаг. Надаас цэнхэр өнгө хүсээд байгаа юмуу аль эсвэл ногоон өнгө хүсээд байна уу, ямар орчинд юу мэдрэхийг эсвэл юу мэдрүүлэхийг хүсээд байна гэдгийг нь ярилцаж мэдсэний дараа  зургийн ажилдаа орно. Дараа нь эхний байдлаар эскизээ танилцуулж, өөрчлөх зүйл байвал өөрчилнө. Ингээд эцэст нь зургаа батлуулаад ажилдаа ордог. Үйлчлүүлэгч нартаа хүссэн орчныг нь бүрдүүлэхээс гадна хэрэглээний хувьд ч дутуу зүйл байх ёсгүй гэж боддог. Хэрэв хэрэглээ талаа орхигдуулаад  урлаг тал руу түлхүү оруулсан интерьер дизайн хийвэл манайд хүлээж авах, ойлгох хүн тун цөөхөн. Ер нь ойлгоход ч  хэцүү. Хүлээлгийн танхимын сандалны оронд аварга том хадаас тавьчихаад түүнийгээ урлагийн бүтээл гээд байвал ойлгоход ч их хэцүү зарим нь ойлгож байгаа мэт жүжиглэх байх. Үйлдвэрлэл хангалттай сайн хөгжөөгүй  Монголын нөхцөл байдалд урлагаас мэдрэмж авахаас илүүтэйгээр хэрэглээндээ захирагдахгүй бол болохгүй гэж үздэг.

 


-Гадны интерьерийн шийдэл нь Монгол хүний ахуй соёл, сэтгэлгээнд хэр наалдацтай вэ?

-Интерьер нь ханан дотроо захирагддаг ч цогцоор нь шийдэж орчин бүрдүүлдэг урлаг. Тэгэхээр Монгол ахуй соёлд дасан  зохицохгүй гэсэн ойлголт тун бага юм. Сүүлийн үед  түүхэн ахуй соёлоо шингээсэн интерьерийг манайхан ихэд сонирхох болсон. Энэ чиглэл нь  үйчилгээний газруудад илүүтэй  ажиглагддаг.

-Сүүлийн үед  минималист  хандлага илүүтэй давамгайлах болсон. Энэ байдал нь амьдрах орчин нөхцөлд нь ч гэсэн нөлөөлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

Тийм ээ. Тэр дундаа залуу гэр бүлүүд  минималист  орчныг илүүд үздэг болсон байна лээ. Саруулхан өрөөнд цөөхөн тавилгатай байх гэдэг ч юм уу. Ер нь Япончууд дунд минималист  хандлага илүүтэй дэлгэрсэн байдаг. Зөвхөн хэрэгцээт бүхнээрээ л хүрээлүүлнэ гэсэн санаа. Хэрэггүй юмыг огт агуулахгүй. Ямар ч зүйл нэмж эсвэл дутааж байрнаас нь хөдөлгөхөд хүртэл утга нь алдагдахаар сэтгэгдэл төрүүлэхүйц эмх цэгцтэй байдал. Олуулаа бужигнах дуртай хүмүүсийн хувьд эл хуль гэж хэлж болохоор хэдий ч өөртөө цаг зарцуулах хүсэлтэй хүний хувьд зөвхөн энэ орчин л таны мөрөөдлийн орчин байж чадна. 20-р зууны архитектурын гол төлөөллүүдийн нэг гэж хэлж болохоор уг урсгал нь өдгөө ч улам хөгжиж хүмүүсийн сонирхлыг улам татсаар байгаа. Миний бодлоор энэ урсгал чиглэл нь хамгийн түрүүнд орон зайг чухалчилдагт оршино.

-Одоогоор хэдэн төсөл дээр ажиллаад байна?

-Интерьер нь ганц хүнийх гэхээсээ цэвэр багийн ажил. Хоёр жилийн өмнө тооцоолоход,  200 гаруй төслүүд дээр оролцон ажилласан байсан. Одоо 400 руу нэлээд дөхсөн байх.

-Сүүлд ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

-Яг одоогийн байдлаар хувийн орон сууцны барилга,  оффис мөн үйлчилгээний байгууллагын  зураг төсөл дээр ажиллаж байна.

-Захилагач талын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

-Интерьерийн зураг төслийг хийлгэхэд үнэтэй гэж бодоод огт хийлгэдэггүй нь хамгийн том алдаа болдог. Интерьерийн зураг төслийг тусад нь хийлгэвэл захиалагчийн хэрэгцээнд таарсан интерьер болдог. Мөн материал дээрээ буухаараа хэд дахин хэмнэгддэг. Наад зах нь материал дээр буухаас нь өмнө засаж, өөрчлөхөөр болбол зураг дээрээ өөрчлөх боломжтой гээд давуу тал олон.  Зураггүй хийхэд  тухайн хүн нүдэн баримжаагаар ажилладаг учраас илүүтэй зардал гардаг гэдгийг манайхан мэддэггүй. Мөн бас нэг нийтлэг алдаа нь үйлчилгээний байгууллагын эзэд  интерьер засал хийлгэхдээ зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхолыг илүүд тулгадаг. Угтаа бол үйлчлүүлэгчдийн сонирхлыг тусгах ёстой шүү дээ.

-Таны мэргэжлийн хэцүү зүйл нь юу вэ?

-Интерьер дизайн гэдэг ойлголтыг хүн болгон мэдэх мөртлөө  хэн ч мэддэггүй. Заримдаа ямар ч хамааралгүй хөндлөнгийн хүн хэтэрхий мэдэмхийрч бүтээлч бус шүүмж буюу зүгээр л хувь хүнийхээ өөнтөгч зангаа  маш их гаргадаг. Тэднээс яавал дээр вэ гэсэн асуултанд хариулах хүмүүс нь маш цөөхөн. Нуулгүй хэлэхэд, энэ байдал нь зарим тохиолдолд цухалдуулахад хүргэдэг. Харин хамгийн сайхан нь бусдад гоё сайхан орчинг бэлэглэх юм. Мөн хийсэн ажлынхаа үр дүнг харах, үйлчлүүлэгчдээсээ талархлын үгс сонсох гэдэг бол сайхан мэдрэмж. Үүгээрээ л бид хөглөгдөнө шүү дээ. 


Ярилцсанд баярлалаа

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жожо(66.181.160.19) 2019 оны 03 сарын 27

Мундаг хамт олон шүү. Эд нараар хийлгэсэн хүмүүс хэзээ ч харамсан халаглах зүйл гарахгүй. Чанар хувьд ч сэтгэл ханамжийн хувьд ч хамгийн дээд зэрэг гэхэд ч багадах тийм л чанартай хийдэг залуус байдаг юм байна лээ шүү. Эднийхээр дизайнаа хийлгээрэй. Та хэзээ ч харамсахгүй.

1  |  0
goo(103.57.93.117) 2018 оны 06 сарын 26

goy

0  |  0
chimgee(202.70.46.222) 2017 оны 08 сарын 22

Mundag zaluus shuu. Ymarch ajild setgeleeree handaj chanartai guitsetgeltei bdag.

0  |  0
Зочин(112.72.11.111) 2017 оны 08 сарын 21

Мундаг байна шүү. Амжилт

0  |  0
Top