Парисын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн жингийн таамаг

2017 оны 08 сарын 21

“Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр хөшгөө нээнэ. “Токио-2020” олимпийн наадмын циклийн анхны ДАШТ-д эмэгтэйчүүдийн төрөлд хаанахын хэн хэн гэдэг тамирчин ямар жинд медаль хүртэх бол гэсэн таамагаа чөлөөт бөхийн хорхойтнуудтайгаа хуваалцъя. Эмэгтэй чөлөөт бөхийн домог Японы Саори Ёшида, Каори Ичо нар борцовкоо ханандаа өлгөж, тэдний залгамж халаа болсон залуу бөхчүүд Парист зодоглохоор болсон юм. Түүнчлэн олимп, дэлхийн аварга ОХУ-ын Наталья Воробьева, Японы Эри Тосака, Риогийн олимпийн аварга Канадын Эрика Вейбе, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Аделин Грэй, дэлхийн хошой аварга манай хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг тэргүүтэй олон шилдэг нядханууд бэртэл, гэмтлийн улмаас Эйфелийн цамхагт очихгүй. Ингээд эмэгтэйчүүдийн найман жинд хэн хэн гол фаворит байхыг шинжье.

48 КГ:

 Олимп, дэлхийн аварга Эри Тосака Парист зодоглохгүй. Харин түүний оронд зодоглох Юү Сүсаки хөнгөн жинд аварга болох хамгийн өндөр магадлалтай нь. Ер нь наран улсын бүсгүйчүүд 48 кг-д үргэлж шилдэг нь байсан. Чихарү Ичог Хитоми Обара, Обараг Эри Тосака залгамжилсан. Тосакагийн халааг Сүсаки наашид нэр төртэй авч явах биз. Өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр энэ жил томчуудын ангилалд Иван Ярыгин, Клиппан Опен, Азийн АШТ, Бүх Японы аваргад тасархай түрүүлээд байгаа. Япон охинтой хүчтэй өрсөлдөх магадлалтай бөхчүүдийн тоонд “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гээд гурван олимпийн медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мария Стадник (Азербайжан) зүй ёсоор багтана. Буурал тивдээ долоон удаа аваргалсан хашир “бурхи” Стадник Токиогийн олимп хүртэл барилдахаар шийдээд байна. “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга БНХАУ-ын Сун Янань энэ жингийн гол фаворитуудын нэг мөнөөс мөн. Түүнчлэн ДАШТ-ий мөнгөн, хүрэл медальт Жулдыз Эшимова (Казахстан), энэ жилийн Пан Америкийн аварга Виктория Энтони (АНУ), Европын залуучуудын аварга Оксана Ливач (Украин), 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол) нар медалийн тавцанд зогссон байхад битгий гайхаарай.

53 КГ:

Домогт аварга Саори Ёшидагийн залгамжлагч гэгдээд буй Майю Мүкайда өнгөрсөн жил Будапештийн ДАШТ-д дээд жиндээ түрүүлснээс хойш ялагдал гэдгийг мэдрээгүй яваа. Энэ жинд түрүүлэх бөхчүүдийн тэргүүн эгнээнд 20 настай Мүкайда зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүнийг зогсоох магадлалтай бөхчүүд нь 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд (Канад), доод жингийн түрүү Ванеса Калажинская (Беларусь) ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт Жон Мьон Сук (БНАСАУ) гэсэн “хал үзэж, халуун чулуу долоосон” туршлагатай бүсгүйчүүд бий. Дээрээс нь ЕАШТ-ий хошой мөнгөн медальт Мариа Преволараки (Грек), энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Стальвира Оршуш нарыг тооцооноос хасч болохгүй.

Image may contain: one or more people, people sitting and shoes

55 КГ:

“Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африк тивийн “босоо” аварга Одунао Адекуророй (Нигери) энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байна. Харин “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Наталья Синишин (Азербайжан), Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Татьяна Кит (Украин), 2014 оны Европын аварга Мария Гурова (ОХУ), өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга 18 настай Харүна Окүно (Япон), Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Винеш (Энэтхэг), залуучуудын дэлхийн аварга Эрдэнэчимэгийн Даваачимэг гэсэн нэрс медаль хүртэх бөхчүүдийн тоонд яваа. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, София Маттсон (Швед) 55 кг-д зодоглож магадгүй.

58 КГ:

Сонирхолтой өрсөлдөөнөөр дүүрэн жин. Японы домогт аварга Саори Ёшидаг Риогийн олимпийн финалд ялж, аварга болсон өнөө цагийн эмэгтэй бөхийн нүүр царай АНУ-ын Хелен Марулис хоёр ч жин өгсч, Парист 58 кг-д зодоглоно. Түүнийг шууд аварга болно гэж хэлэхэд эрт байна. Учир нь Риогийн олимпийн дэд аварга Валерия Коблова (ОХУ), Азийн хошой аварга Киргизстаны Айсулуу Тыныбекова (Кыргызстан) нар америк бүсгүйн гол өрсөлдөгч. Дээрээс нь “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Марва Амри (Тунис), сүүлийн үед томчуудыг айлгах болсон энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга Грейг Буллен (Норвеги), Пан-Америкийн аварга Мишель Фаззари (Канад), ДАШТ-ий хүрэл медальт, Йоханна Маттсон (Швед), Японы “битүү морь” Кацүки Сакагами гээд медалийн тааварт яваа өрсөлдөгчид бий. Энэ жинд барилдах залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг ямар ч амжилт үзүүлэхэд гайхаад байх зүйлгүй. Гагцхүү өөрөөс нь бүх зүйл шалтгаана.

Image may contain: 2 people, people smiling, people playing sports and shoes

60 КГ:

Риогийн олимпийн аварга Японы Рисако Кавай олимпийн алтаа Дэлхийн аваргын шар медальтай ихэрлүүлэх зорилготой очих нь тодорхой. Дээрээс нь өнгөрсөн жилийн Пей Шинру (БНХАУ), дэд аварга Аллисан Раган (АНУ), бөхийн төрлөөр Энэтхэг улсаас анхны эмэгтэй олимпийн медальтан болсон Сакши Малик, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Латвийн хашир туршлагатай бөх Анастасья Григорьева, энэ жилийн Европын аварга Любовь Овчарова (ОХУ), манай ОУХМ Баатаржавын Шоовдор нар медаль хүртэх боломжтой. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Пей Шинругийн оронд өмнөд хөршөөс Зоу Жантинг Францын нийслэлд очиж магадгүй. Энэ нанхиад бүсгүй энэ жилийн Азийн АШТ, Польшийн нээлттэй тэмцээнд Б.Шоовдорыг ялаад байгаа юм.

63 КГ:

Дэлхийн бөхийн хүрээнийхэн энэ жингийн гол “фаворит”-аар манай ОУХМ Пүрэвдоржийн Орхон нэрлээд байна. Өнгөрсөн жил алдарт Каори Ичог Красноярскын дэвжээнд оноогоор цэвэр ялж, шуугиан дэгдээсэн П.Орхон 2017 он гараад Иван Ярыгин, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранприд түрүүлээд байгаа юм. Дээрээс нь 63 кг-д сүүлийн хэдэн жил дэлхийд хамгийн тогтвортой амжилт үзүүлсэн хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй энэ жил дөрөв таарахдаа бүгдэд нь ялаад байгаа юм. Түүнд өрсөлдөгч мундахгүй их. 2014 оны дэлхийн аварга Юлия Ткач (Украин), ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт Тайбе Юсейн (Болгар), олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ЕАШТ-ий 11 медальтай, өдгөө 37 настай Моника Михалик (Польш), 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская (ОХУ), энэ жилийн Пан Америкийн аварга Бракстон Стоун (Канад) Азийн АШТ-ий хүрэл медальтай Руй Су (БНХАУ) нар медаль хүртэх тамирчдын тоонд бий. Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японоос Айака Ито гэгч бүсгүй Парисын дэвжээнд зодоглоно.

Image may contain: 1 person, playing a sport and sitting

69 КГ:

“Рио-2016” олимпийн наадмын аварга Сара Дошо (Япон), 2014 оны дэлхийн аварга Алине Фокен (Герман), ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга Зоу Фенг (БНХАУ), ДАШТ-ий гурван хүрэл медальт, манай гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан) нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө. Эдэн дээр энэ жилийн Европын аварга Анастасья Братчикова (ОХУ), Пан Америкийн аварга Оливье Ди Бакко (Канад), Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Тамира Менса, Францын залуу од Кумба Ларрок зэрэг “битүү морьд” байгаа. Ер нь дээр нэр дурдсан бүсгүйчүүдээс энэ жингийн алт, мөнгө, хүрэл медальтнууд тодрох нь гарцаагүй.

75 КГ:

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд олимпийн аварга Эрика Вейбе (Канад), дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Аделин Грэй (АНУ), олимп, дэлхийн медальт Екатерина Букина (ОХУ) нарын шилдгүүд бэртлийн улмаас өнжиж, олимп, дэлхийн медальт Гюзель Манюрова (Казахстан) зодог тайлсан. Тиймээс ДАШТ-ий хүрэл медальт, Эпп Маэ (Эстони), энэ жилийн Европын аварга Ясемин Адар (Турк), Азийн аварга Палиха Палиха, Пан-Америкийн аварга Жюстина Ди Стасио, 23 хүртэлх насны Европын аварга Жанетт Немет (Унгар) гээд түлхүү нас залуу бүсгүйчүүд гол “фаворит” байх болов уу. Гэхдээ ДАШТ-ий медальт Василиса Марзюлак (Беларусь), Екатерина Бурмистрова (Украин), Алена Перепелкина (ОХУ), Азийн хошой аварга Хироэ Сүзүки гэсэн хашируудыг тооцооноос хасч болохгүй. Эв таарвал хэнийг ч нурааж мэдэх хур их туршлага тэдэн бий. Энэ жинд манай улсаас зодоглох ОУХМ Ган-Очирын Уртнасан бяраа зөв ашиглаж, ухаалаг, тооцоотой барилдвал медаль хүртсэн байхад хэн ч гайхахгүй биз.

Image may contain: 3 people, people smiling, people standing

Image may contain: one or more people

Image may contain: 1 person, smiling, stripes and outdoor

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(202.70.46.238) 2017 оны 08 сарын 21

bortsovka ch geh shig..usguluu l gechih ni biz dee...

0  |  0
Top