96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-нд нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ-уудад шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна. аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болголоо.

Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, “Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллах болно” хэмээн мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.Дорж  

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top