Юанийн ханш өссөнөөр хичээлийн хэрэглэлийн үнэ нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоохон хоног үлдээд байна. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэхээр аль болох үнэ хямдтай томоохон худалдааны төвүүдийг зорьдог. Эцэг эхчүүдийн хувьд хамгийн том даваа нь хүүхдийнхээ формыг бэлтгэх юм. Хэрэв формыг нь худалдаад авчихвал 50 хувийг нь бэлтгэлээ л гэсэн үг. Үүний дараагаар цүнх, ном, дэвтэр гэх мэт бусад хэрэглүүрийг бэлтгэнэ. Манай сайт өмнөх дугаартаа хүүхдийн формны үнийг уншигчдаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад цүнх болон бусад хичээлийн хэрэглэлийн үнийг “Дүнжингарав” болон “Нарантуул” худалдааны төвөөс судаллаа.

 “Дүнжингарав” худалдааны төвийн лангуу түрээслэгч “Манай дэлгүүр Нарантуул дээр таван салбартай. Энэ төв  нь нэг дэлгүүр нь юм. Бага ангийн хүүхдийн цүнх 25000-180000 төгрөгийн хооронд байна. Ахлах ангийн хүүхдийн цүнх 30000-120000 төгрөгийн хооронд  зарагдаж багаа. Эцэг эхчүүд ер нь 50000-60000 төгрөгийн үнэтэй цүнхийг авч байна. Өмнөх жилтэй харьцуулахад борлуулалт тааруухан байна даа. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил, нэмэгдсэн зүйл байхгүй. Цүнхээ Гуанжу, Япон, Солонгосоос оруулж ирдэг. Ер нь зах зээлийн үнээр зарж байгаа. Тухайлбал энд зарагдаж байгаа 45000 төгрөгийн цүнх Нарантуул дээр энэ үнээрээ зарагдаж байх жишээтэй” гэлээ.

Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэгч “Хуучин зарагдалгүй удсан цүнхнүүдээ 15000 төгрөгөөр худалдаалж байна. Хамгийн үнэтэй цүнх гэвэл том ангийн арьсан цүнх 45000 төгрөгийн үнэтэй байгаа. Арай муу материалтай нь 35000 төгрөг гэх мэт. Борлуулалт муу байна. Олон худалдааны төв байгаа болохоор тийм байгаа байх. Хоёр, гурван жилийн өмнөхтэй харьцуулахад маш муу. Иргэдийн  худалдан авах чадвар ч муудсан. Нарантуулын бараанууд ер нь хямдхан байдаг. Учир нь түрээс багатай. Бусад газрууд түрээс өндөртэй байдаг болохоор дагаад бараа нь өсдөг” гэлээ.

Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэгч  “Манайд зарагдаж байгаа цүнх 20000-50000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Цүнхээ урд хөршөөс  оруулж ирдэг. Гэхдээ аль болох сайн чанартайг нь оруулж ирдэг. Хүмүүс хямд цүнхийг тоохгүй байна. Үнэтэй бол чанартай гэдэг бодолтой болсон байх. Эдэлгээний хувьд бол сайн. Одоо энд худалдаалагдаж байгаа 25000 төгрөгийн нэгдүгэр ангийн хүүхдийн цүнхийг хоёр жил хэрэглэх боломжтой байдаг” гэлээ.

Дүнжингарав болон "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд зарагдаж байгаа дэвтрүүд нь  Польш, Улаанбаатар Принт, Unipep гэсэн газруудын дэвтэр байсан юм. Харийн “Аз хур”, “Мөнхийн үсэг”-ийн дэвтэрүүд нь гэрээт борлуулагчаараа дамжуулан худалдаалагддаг байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн лангуу түрээслэгч “Өнгөрсөн жилийнхээс дэвтэрний үнэ нэмэгдээгүй. Манайд Польш болон “Улаанбаатар Принт” ХХК-ийн дэвтэр худалдаалагдаж байгаа. Бусад хичээлийн хэрэглэлийн хувьд юанийн үнэ нэмэгдсэн болохоор дагаад үнэ нэмэгдсэн. Шинэ төрлийн бараануудын үнэ нь 5-10 хувиар өссөн. Харин дэвтэр, номын хавтас гэх мэт байнгын, өргөн хэрэглээний бичгийн хэрэглэлийн үнэ нэмэгдээгүй. Борлуулалт өмнөх жилтэй ижил төвшинд байна.  “Улаанбаатар Принт” ХХК нь цаасаа Японоос оруулж ирдэг, чанартай. Гэхдээ энэ жилийн хувьд тус үйлдвэрийн дэвтрийн чанар муу болсон. Тухайлбал, дизайн, зураг гэх мэтээр хүмүүст гологдоод байгаа. Мөн манайх зарим нэг дэвтрээ хоёр жилийн өмнөх ханшаар зарж байгаагаараа онцлог. Тухайлбал,  Unipep-ийн дэвтрийг өмнө нь аваад нөөцөлсөн байсан. Тэр дэвтрээ хуучин үнээр нь үнэ нэмэхгүйгээр зарж дуусгана. Одоо энэ Unipep дэвтэр нь Unlimite гэсэн нэрээр зарагдаж байгаа юм” гэв.

Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэгч  “Улаанбаатар Принт” ХХК дэвтэрнийхээ үнийг одоо нэмдэггүй. Өвөл нэмчихдэг.  Ер нь бага багаар нэмдэг. Цаасны хувьд маш сайн. “Хос Хараацай”, “Аз хур” гэх мэт газрууд Хятад цаасаар дэвтрээ үйлдвэрлэдэг гэсэн. Бусад хичээлийн хэрэглэлийн хувьд юанийн ханш нэмэгдсэн болохоор дагаад нэмэгдсэн” гэлээ

Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэгч  “Манайд Польш буюу урд хөршөөс орж ирсэн дэвтэр, “Улаанбаатар Принт” ХХК-ийн дэвтэр худалдаалагдаж байна. Энэ хоёр дэвтэр үнийн хувьд тийм ч их ялгаагүй. “Улаанбаатар Принт” ХХК-ийн дэвтэр өмнөх жилээс 10-20 төгрөгөөр нэмэгдсэн. Бусад хичээлийн хэрэглэлийн үнэ юанийн ханштай холбоотойгоор нэмэгдсэн. Үнэтэй байна гэх хүмүүс их байна даа. Иргэдийн худалдан авалт энэ жилийн хувьд муу байна” гэсэн юм.

Хичээлийн хэрэглэлийн үнийн өсөлт эцэг эхчүүдэд дарамт болж байна

Эцэг эхчүүдийн  хувьд хичээлийн хэрэглэлийн үнэ өссөн нь тэдэнд дарамт болж  байгаа гэдгийг илэрхийлж байсан юм.

Худалдан авагч “Би дөрвөн хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэж байгаа. Бүх хичээлийн хэрэглэлийг нь нэг дор бэлдэж чаддаггүй. Эхний ээлжинд хэрэглэгдэх зүйлсийг нь л бэлдэж өгдөг. Тэгээд хичээлийн жилийн дундуур үлдсэнийг нь авч өгнө. Бага ангийн хоёр хүүхэд, ахлах ангийн хоёр ихэр хүүхэдтэй.  Бүх хичээлийн хэрэглэлийг нэг дор авч өгвөл өртгийг нь төлж дийлэхгүй.  Өмнөх жил дөрвөн хүүхдийн эхний ээлжийн хичээлийн хэрэглэл нийлээд 600 мянга гаруй төгрөг болж байсан. Ер нь нэг хүүхдийн хичээлийн хэрэглэл 200 мянга хавьцаа л болдог. Энэ жилийн хувьд юань өсөөд улам ч үнэтэй болчихсон юм шиг. Одоо авч өгөхгүй гээд яахав. Бусдын хүүхдүүдтэй л адилхан явуулмаар байна” гэлээ.

Худалдан авагч “Жилийн жилд л нэмэгдэж байх юм. Ер нь чанар харахаа болиод удаж байна. Би хувьдаа хамаатныхаа нэг охин өөрийн хоёр хүү гээд гурван хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэдэг. Хамгийн гол нь форм. Тэгээд цүнх дэвтэр гэх мэт. Амьхандаа үнэ хямдыг нь хайгаад л явж байна. Энд тэндэхийн үзэсгэлэн худалдаа дээр очсон гэвч бодитой хямдарсан зүйл байгаагүй. Нэг хүүдийн хичээлийн хэрэглэл гэхэд цүнхтэйгээ нийлээд 120 мянга гаруй болно” гэв.


 

 

Б.Янжиндулам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top