Оюутны дотуур байр 450-850 мянган төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Зуны амралт дуусч хичээлийн шинэ жил  эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хөдөө орон нутгийн оюутнууд их хотын зорин ирсээр зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот маань хөл хөдөлгөөнд хэдийнээ оржээ. Энэ үед хөдөө орон нутгийн оюутнуудад тулгамддаг гол асуудал нь оюутны дотуур байр. Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа бий.  Улаанбаатар хотын хэмжээнд нийт 44 дотуур байр байдаг. Эдгээр дотуур байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ  нь нийт суралцагчдын дөнгөж  10 хүрэхгүй хувийг эзэлдэг.

Жил бүр Их, дээд сургуульд элсэн суралцагч оюутны тоо нэмэгддэг ч оюутны дотуур байрны хүрэлцээ орхигдсон хэвээр  байгаа нь дээрх тооноос харагдаж байгаа юм.  Нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд ногоон гэрлээр шууд л дотуур байранд ордог.  Харин дараа нь үлдсэн квотууд дээр II, III, IV  курсынхныг оруулдаг. Дээд курсынхан хотод амьдраад хоёр, гурван жил болчихсон учраас арга, учраа олохоо мэднэ гэж үздэг.  Дотуур байрандаа орж чадлаа гэхэд тэднийг таатай орчин хүлээхгүй нь лавтай. Хүйт даасан жижигхэн өрөө, төмөр ор, салхинд сийгсэн цонх...гээд  ийм л дүр зураглал өнөөгийн оюутны дотуур байрны өнгө төрхийг илтгэнэ. Хүрэлцээний асуудал  "толгойны өвчин" болсон энэ үед дотуур байрандаа  орж чадсан нь  их юм гээд бусад асуудлыг шүд зуун тас аньдаг. 

 Оюутны дотуур байрны үнэ ямар байгаа талаар Монголын Оюутны Холбооноос тодруулахад, "Энэ жилийн хувьд 450-850 мянган төгрөгийн хооронд байна" гэлээ. Дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хамаатан садныдаа эсвэл найз нөхдөөрөө нийлж хажуу өрөө түрээслэн амьдрахаас өөр сонголт тэдэнд үгүй. Оюутнууд ирэх сургаар хотын төвийн нэг өрөө байрны үнэ сарын 350 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Ингэхдээ түрээслэгчид төлбөрийг гурван сараас дээш авна  гэж байгаа нь оюутнуудад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top