Ерөнхийлөгч Х.Баттулгад Саудын Арабын Вант Улсын Эрхэм дээд хунтайж бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Саудын Арабын Вант Улсын Эрхэм дээд хунтайж Абдула бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд өнөөдөр бараалхав.  

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хунтайжийн эцэг өнгөрсөн долдугаар сард таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн юм. Эрхэм дээд хунтайж Абдула бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд нь хариу талархал илэрхийлээд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал тавьж байгаад баяртай байна гэлээ.  

Эрхэм зочин Монгол Улсын Их Хурлын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын ХХААХҮЯ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамдад зочилж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцсанаа уулзалтын үеэр дурдлаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хувьд хоёулаа нүүдэлчин удамтай, мөн Монгол орны урд хэсгээр элсэн говь, цөл байдаг зэрэг ижил төстэй талууд байдгийг дурдаад, газрын баялгаа зөв зүйтэй ашиглаж, улс орноо хурдацтай хөгжүүлсэн Саудын Арабын туршлагаас судлах зүйл бийг тэмдэглэлээ.  

Уулзалтын үеэр талууд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа талаараа санал солилцлоо. Мөн шинэ хот байгуулах, шинэ төмөр зам тавих зэрэг том төслүүд хөрөнгө оруулагчдаа хүлээж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаж байсан юм.


Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )