Хуурамч бичиг баримт бүрдүүлж, 403,0 сая төгрөгийн тэтгэвэр авсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Улсын хэмжээнд зохион байгуулсан "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” дуусчээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дүн мэдээллийг танилцуулсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/319 дүгээр тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд нийт 381,5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулжээ.

 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдлын дийлэнхийг тэтгэврийн тогтоолт, олголттой холбоотой гомдол, хүсэлт эзэлдэг бөгөөд аянаар тэдгээрийг хянан шийдвэрлэх, нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгаж, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, аргачлал, зөвлөмжийн зөрүүтэй байдлыг нэг мөр шийдвэрлэхийг зорилго болгожээ.

Эхний шатанд аймаг, дүүргийн хэлтэст комисс байгуулан ажиллуулж тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан давхар хяналтын баг тэтгэвэр авагчдын 30-аас доошгүй хувьд дахин хяналт хийсэн байна.

Шалгалтаар 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1176,2 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 937 тэтгэвэр авагчид 883,7 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 292,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зөрчил илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх 1176,2 сая төгрөгийн зөрчлөөс 438,9 сая буюу 37,3 хувийг барагдуулаад байна. Мөн 810 тэтгэвэр авагчид дутуу олгосон 292,5 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын тэтгэврийг олгохдоо нэг удаа бүрэн олгож барагдуулжээ.

Тэтгэвэр авагчдад илүү олгосон зөрчлийн тухайд хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан 47 тэтгэвэр авагчтай холбоотой 403,0 сая төгрөгийн зөрчил илэрснийг тэтгэврийг нь зогсоож хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ аваад байна. Харин нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн 311 байцаагчтай холбоотой 480,7 төлбөр зөрчил илэрснийг Нийгмийн даатгалын хуульд заасны дагуу гэм буруутай албан тушаалтан хариуцахаар шийдвэрлэж, ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан байцаагч нарт хариуцлага тооцон ажиллалаа.

Тодруулбал, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж үзсэний үндсэн дээр 69 байцаагчид сануулах арга хэмжээ авч, 81 байцаагчийн цалинг бууруулан, 51 байцаагчийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрх цуцалж, 40 байцаагчийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол 27 байцаагчид хохирлыг төлүүлэх мэдэгдэл хүргүүлж, 6 байцаагчийг ажлаас чөлөөлөх хариуцлага ногдуулан ажиллаж байна. Түүнчлэн итгэмжлэлээр тэтгэвэр авч байгаа 15128 иргэний итгэмжлэлийн үндэслэлийг шалгаж 4704 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоогоод байгаа аж.

С.Баяр

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yo yo(66.181.178.212) 2017 оны 08 сарын 23

Em daatgalaaraa avah bolomgui baigaa murtuu idejj boldog ni gahaltai

0  |  0
хар(150.129.141.232) 2017 оны 08 сарын 23

групп тогтоолт ч гэсэн хуудуутай

0  |  0
Top