Хоригдлуудын дунд зарласан ”НАМАЙГ УУЧЛААРАЙ” захидлын уралдааны дүн гарчээ

2017 оны 08 сарын 24

Төв аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа нийт хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын дунд "Намайг уучлаарай” сэдэвт захидлын уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ. 

Захидал хүлээн авах хугацаанд хорих ангиудаас нийт 400 гаруй хоригдол сэдвийн дагуу чин сэтгэлийн уучлалт хүссэн захидал ирүүлсэн байна. Захидлыг шалгаруулахдаа монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч, яруу найрагч оролцуулсан ажлын хэсэг гаргаж дүгнүүлжээ.


  • Уралдааны тэргүүн байранд Хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаа Н-ийн бичсэн "Бурхан болон заларсан ижий, аавдаа зориулсан "Диваажинд илгээх захидал” шалгарчээ.
  • Хоёрдугаар байрт Хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Найздаа бичсэн” захидал, гуравдугаар байрт, Хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа А-гийн бичсэн"Прокурорт бичсэн захидал, мөн тус хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Охиндоо бичсэн захидал” шалгарчээ.
  • Харин тусгай байрт Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Дүүдээ бичсэн захидал”, Хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Алдрай үрс минь намайг уучил” захидал, Хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Эх орон минь намайг уучил”, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа А-гийн бичсэн "Бурханы оронд байгаа хоёр хүүдээ бичсэн захидал”, Хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Намайг уучил” шүлгээр илэрхийлсэн захидлууд тус тус шалгарчээ.

Энэ захидлын уралдаан улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ялтныг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн томоохон ажил гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. 

Захидлын уралдааныг зохион байгуулсанаар улсын хэмжээнд гяндан, чанга, онцгой, жирийн дэглэмтэй ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын сэтгэлдээ хадгалж явдаг, хэн нэгэн хүнд хэлээгүй, хэлэх гэсэн чин сэтгэлийн үгийг гаргаж, захидлыг хүлээн авах хүмүүст нь дамжуулж байгаагаараа онцлог юм байна.

Бичсэн төрөл хэлбэрээр нь авч үзэхэд захидлаа үргэлжилсэн үгээр болон шүлэг зохиож хослуулан бичиж ирүүлжээ. Хоригдлууд өөрийн санаагаа үгээр илэрхийлэхдээ их бодож байж сэтгэлээсээ бичиж ирүүлсэн байгааг шалгаруултыг шүүсэн шүүгч нарын бүрэлдэхүүн хэлж байсан юм. Зарим хоригдлууд шүлэг бичээд тэрхүү шүлгээ дуу болгожээ.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top