Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна

2017 оны 08 сарын 24

Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-г танилцууллаа.

Мөн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болсон байна. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top