Эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэнэ

 

 Баян-Өлгий аймаг дахь Хөдөлмөрийн баатар Арины Зайтиний нэрэмжит аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд энэ жил шинээр гурван анги нээгдсэн талаар тус төвийн захирал Иваны Жанболат мэдээллээ.

  Сургуулийн удирдлагын зүгээс орон нутгийн бизнес эрхлэгчдийн хүсэлт болон зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үр дүнд зөөгч бармен, автомашины кузов засвар, мебель, модон эдлэлийн мужааны ангиудыг нээх шийдвэр гаргасан байна. Тус мэргэжлүүдэд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн сурагчдыг элсүүлэх аж.

   Энэ талаар И.Жанболат: "Сүүлийн жилүүдэд манай аймагт жуулчид маш ихээр ирж байна. Гэвч тэдний сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх асуудалд дутагдлууд гарч байгаа. Тийм учраас үйлчилгээний салбарынхны санал хүсэлтээр зөөгч, бармен мэргэжлийг шинээр нээсэн. Мөн тус аймаг нь тээврийн хэрэгслийн тоогоор бусад аймгуудыг тэргүүлдэг.

   Үүнийг дагаж кузов засварын үйлчилгээний хэрэгцээ өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа. Сургууль маань өнөөдөр хүртэл барилгын мужааны ангитай байсан. Ерөнхий мэдлэг олгодог байлаа. Одоо бид мебель, модон эдлэлийн ангийг тусад нь нээж, дотоодын хэрэгцээг орон нутагтаа хангах мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахыг зорьж байна" гэв.    

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2016-2017 оны хичээлийн жилд компьютер, сантехник-гагнуур, мужаан, оёдол, өрлөг, тогооч, авто засвар мэргэжлээр 630 орчим мэргэжилтэн бэлтгэж төгсгөжээ. Тэдгээрийн 43 хувь нь ажлын байртай болсон гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь шинээр их, дээд сургууль төгсөгчидтэй харьцуулахад өндөр үзүүлэлт хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.  

 

Г.Хан    

www.zindaa.mn

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )