Б.Цолмон: Замбараагүй отор, нүүдлээс болоод малын өвчлөл ихсэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Малын гоц халдвартай шүлхий цэцэг өвчний дэгдэлт, хамрах хүрээ өргөн байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байсан. Бүүр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж нийслэлийнхнийг сандаргаад байгаа. Тэгвэл малын гоц халдварт өвчний тархалт, түүнээс хэрхэн сэргийлэх тухай Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонгоос тодрууллаа.

- Малын гоц халдварт өвчин ихсэх хандлагатай байна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ тухайд?

- Одоогийн байдлаар Дунд говь аймгийн гурван сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн сум, Хэнтий аймгийн Баян-сум, Сүхбаатар аймгийн гурван сумд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа.

- Ямар байдлаар малын гоц халдварт өвчин тархаад байна вэ?

- Дэгдэлтийн нөхцөл байдалд судалгаа хийгээд үзэхэд 90 орчим хувь нь гаднаас орж ирсэн мал өвчтэй байснаас халдварлах шалтгаан болсон. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мөнх-Хаан, Асгат сумдад Увс, Булган аймгуудаас орж ирсэн мал өвчилсөн байсан. Хэнтий аймгийн тухайд ч мөн ялгаагүй Булган аймгаас орж ирсэн мал өвчилсөн байсан юм. Улаанбаатарын Хан-Уул дүүргийн хувьд Дундговь аймгаас өвчилсөн байх магадлалтай мал орж ирснийг тогтоосон. Үүнээс үзэхэд гаднаас мал орж ирэхдээ халдвараа тээгээд орж ирсэн байх магадлалтай дүр зураг ажиглагдаж байна. Дунд говь аймгийн тухайд халдвар 5-6-р сард эхэлсэн байсан. Ерөнхийдөө малчид малын эмчдээ дуудлага өгдөггүй, малдаа байнгын үзлэг шалгалт хийдэггүй нь малын өвчлөлийн тархалтад нөлөөлж байгаа. Мөн нүүдэл, зуншлагын байдлаас хамаараад баруун болон төвийн бүс нутгаас зүүн бүс рүү чиглэсэн хөдөлгөөн их байгаа.

- Вакцины хүрэлцээ хэр байна вэ. Нөөцгүй болсон гэх мэдээлэл гараад байна?

- 2016 онд гурван сая орчим вакцины тунг нөөцөд авч үлдсэн. Энэ вакцинаараа 2017 оны 1-3 сард Дорнод, Хэнтий, Сүхбаатарт гарсан шүлхий өвчний үеэр хэрэглээд дууссан. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-ын ХХАА-н сайдтай “Мал эрүүлжүүлэх хоёрдугаар хөтөлбөрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Үүний үр дүнд Монгол Улсад 4,1 сая тун вакцин нийлүүлэгдэхээс  одоогийн байдлаар 1,2 сая тун  вакцин орж ирээд байна. Мөн есдүгээр сард 1,2 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар орж ирэх болно. ХХААХҮ-ийн сайд маань ОХУ-д ажиллах үеэрээ ОХУ-аас вакцин хөнгөлөлттэй үнээр авах асуудлыг ярилцсан. Үүний дагуу зохион байгуулалттай ажлаа хийгээд явж байна.

- Одоо ямар өвчин зонхилж байна вэ?

- Одоогийн байдлаар гоц халдварт шүлхий өвчин зонхилж байна. Мялзан, цэцэг өвчин бүрэн хяналтад орсон.

- Малын гоц халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

- Монголчууд нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Энэ жил гантай байсан болохоор малчид ихээр нүүдэллэх болсон. Нүүдэллэхдээ халдварт өвчний голомтын бүс нутгийг дайрдаг. Улмаар мал нь өвчилдөг, өвчин тараадаг гэх мэт хүндрэлүүд гардаг. Зүүн гурван аймаг, Дорноговиос бусад газруудын мал нь дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа. Малчид зуншлагын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүж болно. Гэхдээ нүүхдээ өөрийн сумын удирдлагууд, тамгын газартаа мэдэгдэж, малын эмчтэй уулзаж, малдаа үзлэг хийлгэх хэрэгтэй байна. Мөн нүүдэллэх газраа судалж, хаана өвчин байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Улмаар очсон сумынхаа малын эмчид үзүүлж, бүртгэлтэй болох юм. Гэтэл малчид тухайн бүсэд нууцаар нэвтэрч малаа өвчлүүлдэг. Улмаар малаа өвчилснийг мэддэггүй, малын эмчид дуудлага өгдөггүй. Ингэж явсаар мал нь устгалд орох аюулд хүрдэг. Тиймээс малчдад зөвлөхөд малаа байнга үзлэгт хамруулах хэрэгтэй. Өвчлөл тархахад нөлөөлж бас нэгэн шалтгаан нь малчид малаа хуучин үе шигээ маллахаа байсан явдал. Тухайлбал, малынх нь шүлс гойжих, доголж байгаа эсэхийг анзаардаггүй. Хэрэв энэ байдал анзаарагдах л юм бол яаралтай малын эмчид хандах хэрэгтэй. Ерөнхийдөө замбараагүй отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөнөөс болоод малын өвчлөл тархаж байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top