Т.Хэрлэн: Цас хайлуулах бодис, давс хангалттай нөөцөлсөн учир энэ өвөл хүндрэл учрахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн албаны дарга Т.Хэрлэнгээс өвөлжилтийн бэлтгэл байдал хэдэн хувьтай байгаа болон цас хайлуулах бодис, давсны нөөцийн талаар тодрууллаа.

- Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл байдал хэдэн хувьтай байна?

- Монгол Улсын засгийн газрын 2017 оны 186, 187-р тогтоолоор өвөлжилтийн бэлтгэл байдал хангах ажлын хүрээнд, Нийслэлийн засаг даргын 2017 оны долдугаар сарын 17-ны 03 тоот даалгаврын дагуу Нийслэл хотын 2017-2018 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1225 төсөл арга хэмжээг төлөвлөсөн. Эдгээр ажлуудын биелэлт одоогийн байдлаар  72 хувьтай байна.

- Өвөлжилтөд хамгийн чухал нь дулаан байдаг. Цахилгаан станцууд дулаанаа өгөхөд бэлэн болсон уу?

- Цахилгаан станц буюу дулааны эх үүсвэрийн ажил 78,2 хувьтай байна. Үүнд дулааны 2,3,4 Амгалан дулааны станцууд орж байгаа. Инженерийн байгууламж буюу дулааны шугам сүлжээ,  Мэдээлэл холбоо сүлжээТӨХК,  Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ гэх мэт газруудад нийт 435 нэр төрлийн ажил төлөвлөсөн. Эдгээр ажлуудын явц 76,5 хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдэд 422 нэр төрлийн ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 65,4 хувьтай байгаа юм.

- 2016 онд нөөцөлсөн цас хайлуулах бодис, давс хүрэлцээтэй байж чадаагүй улмаар зам дээр халтиргаа гулгаа үүссэн.  Энэ жилийн хувьд бодис, давсны нөөцөө бэлтгэсэн үү?

- 2016 онд нөөцөлсөн давс, бодисын ердөө 50 гаруй хувийг л ашигласан. Замтай холбоотойгоор давс, бодисын нөөцийг жил бүр бэлтгэдэг. 2016 онд 2392,6 тонн давс, 1735 тонн бодис нөөцөлж байсан. Ноднингийн нөөцөлсөн бодисын 1295,8 тонн давс, 751,7 тонн бодис буюу 50 гаруй хувийг нь ашигласан  байсан юм. Улмаар үлдсэн бодис дээрээ энэ жил 1500 тонн давс, 1000 тонн бодис нөөцөлөхөөр болсон. Ерөнхийдөө ноднин жилийнхтэй ижил хэмжээний бодис, давс нөөцөлнө.

- Дээрх нөөцлөхөөр төлөвлөсөн бодис, давсны хэмжээ өвлийг давахад хангалттай байж чадах уу?

- Нөөцөлсөн бодис, давсаар энэ жилийн өвлийг асуудалгүй давах боломжтой. Бодис, давсыг худалдан авах үйл ажиллагааг есдүгээр сарын 15-ны дотор хийж дуусгахаар зохион байгуулсан. Эхнээсээ бодис, давс орж ирж байгаа. Энэ жилийн хувьд бодис, давс дутах, дуусах асуудал гарахгүй.

- Өнөөдрөөс хичээлийн шинэ жил эхэлж байна. Сургууль, цэцэрлэгүүд бүрэн ашиглалтад орсон уу?

- Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдал хүндэрч болзошгүй сургууль цэцэрлэгүүдэд үзлэг хийсэн. Тус үзлэгээр нийт 20 гаруй цэцэрлэгээр явсан. Үүнээс 14 сургууль цэцэрлэг, тамгын газрын байранд урсгал засвар хийсэн. Улмаар засаг даргын нөөц хөрөнгөнөөс 581 сая төгрөгийн урсгал засварын хөрөнгө гаргасан. Энэ ажил есдүгээр сарын 15-аас өмнө бүрэн хийгдэж дуусна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
poz(91.60.88.181) 2017 оны 09 сарын 01

huue guluun ter davs mavs yah ve UTAAAA UTAAA - gaa yah gej bnaa

0  |  0
Top